"Covid-19" вирус Монголын эдийн засагт том хямрал дагуулж эхэллээ. Хөрөнгийн зах зээлд хувьцаануудын ханш унаж, аж үйлдвэрүүд сул зогсч, аж ахуйн нэгж, компаниуд их хэмжээний алдагдалд орж, цаашлаад төсвийн орлого тасалдахад хүрээд байна.
Энэ үед улсын төсөвт зайлшгүй тодотгол хийж, ААН-үүдээ дэмжих шаардлагатай байгааг эдийн засагчид сануулсаар байна. Онцгой хорионы үед компаниудаа дэмждэг жишиг дэлхийн олон улсад бий. Төрөөс татварыг нь хойшлуулах тал дээр анхаарвал том дэмжлэг болно. Хятад улсын тухайд төрөөс түрээсийн төлбөрийг нь 2-3 сараар нь төлж өгөх, зээлийн хүүг нь хойшлуулах гээд бодитой арга хэмжээг авч байгаа юм билээ. Тэгвэл манайд ААН-үүдийн үүд хаалгыг хаах арга хэмжээг авч байна. Тодруулбал, өчигдөр /2020.03.11/нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа 4825 байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ыг хүртэлх хугацаанд түр хязгаарлахаар шийдвэрийг гаргав. Хөл хорионоос үүдэж орлого нь буурсан ААН-үүд хаалгаа хаасан нь улам хүнд дарамтыг тэдэнд үзүүлж байна. Түрээсийн төлбөр, зээлийн хүү, ажилчдын цалин, цахилгаан, дулааны төлбөр төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр /2020.03.11/хуралдаж, Мөнгөний бодлогын хүү 11 хувь байсныг нэг функтээр буулгаж, 10 хувь болгосон. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг хоёр функтээр буулгасан. Ингэснээр эдийн засаг руу их хэмжээний мөнгө гаргах, арилжааны банкуудын зээлийн хүүнд уян хатан шийдвэр гарч магадгүй гэсэн хүлээлттэй байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон. Монголбанкны зүгээс эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд авч байгаа шийдэмгий арга хэмжээ болсон гэж үзэж буй. Гэвч дээрх арга хэмжээнүүд эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, ААН, иргэдэд чиглэсэн зөв бодлого биш гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тиймээс доорх хоёр асуултад эдийн засагчдын байр суурийг сонссон юм.
-ААН, компаниудын үйл ажиллагааг зогсоосон нь маш хүнд дарамт болж байна. Эдийн засгийн эрсдэл тулгарсан энэ үед төр ААН-үүдээ дэмжсэн бодлого явуулахгүй байгааг иргэд, бизнесийнхэн шүүмжилж байна. Төрийн ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?
––Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулснаар эдийн засагт бодит дэмжлэг болж чадах уу?
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨРИЙН САНГИЙН БОДЛОГЫН ХУВЬД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА
1. -Төр засгийн зүгээс хүн амын эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьж, вирусийг оруулахгүй, тархаахгүй байхын эсрэг хязгаарлал, хорио тогтоож байгаа бодлогыг дэмжиж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Энэ тал дээр хангалттай түвшинд хүчин чармайлт гаргаж ажиллаж, тэр нь ч үр дүнд хүрч байна гэж харж байна. Харин үүнтэй зэрэгцээд аль хэдийн эхлэх байсан эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, ААН, иргэдэд чиглэсэн макро, микро эдийн засгийн бодлогын хувьд цаг хугацаа, хэрэгжүүлэх боломжтой арга хэрэгслийн сонголтын хувьд ихээхэн алдаа гаргаж байна гэж бодож байна.
Монгол Улсын эдийн засаг 2017-2019 онд өссөн боловч 2019 оны бүх үзүүлэлт эдийн засгийн өсөлт саарч инерци буурч байгаа харуулж байгаа. Бид вирусийн шалтгаантай ийм томоохон эрсдэл байхгүй байсан ч 2020 онд 2019 оны гүйцэтгэлийг давж 5-аас дээш хувь өсөх магадлал багатай байсан. Гэтэл ийм том эрсдэл гарч, дэлхий нийтээрээ хямралын байдалд шилжиж, томоохон арга хэмжээнүүдийг авч байхад бид эдийн засгийн гэх ямар ч томоохон арга хэмжээ авахгүй байгаа нь гайхалтай.
Миний хувьд макро эдийн засгийн түвшинд төрийн сангийн болон мөнгөний бодлогын хүрээнд томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд сангийн талын бодлого нь илүү богино хугацаанд саармагжуулах нөлөөтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд төсвийг боломжит хэмжээгээр танах (1-2 их наяд төгрөгөөр энэ нь төсвийн үр ашиг багатай хөрөнгө оруулалтуудыг царцааснаар хэрэгжих боломжтой), татварын хөнгөлөлт, хойшлуулах бодлого хэрэгжүүлэх) Мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийг мөнгөний захаар дамжуулан санхүүжүүлэх боломжит бүх хувилбарыг ашиглах зэрэг арга хэмжээг авах нь чухал.
Харамсалтай нь төрийн сангийн бодлогын хувьд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Гэтэл сүүлийн жилүүдэд (2017-2018) төсвийн үр ашигт байдал харьцангуй сайжирсан боловч 2019-2020 оны төсөв хэт тэлэлттэй үрэлгэн, үр ашиг муутай, орлогын өндөр төлөвлөлттэй төсөв болсон. 2010 оноос хойш төсвийн тэлэлт, алдагдлаар эдийн засагт ихээхэн дарамтыг бий болгосон зэрэг сөрөг зүйлс байсаар байгаа тул төсвийг танах нь өнөөдрийн болон ирээдүйн эдийн засгийн эрсдэлийг бууруулах, валютын ханшид ирж болзошгүй дарамтыг сулруулахад эерэг нөлөөтэй. Мөн татварын бодлогоор бизнес эрхлэгчдийг дэмжих нь илүү хурдан эерэг нөлөөллийг бий болгох боломжтой. Макро түвшинд төсвийг танах, мөнгөний бодлого талаас нь эдийн засгийг дэмжих нь зөв хослол юм.
Микро түвшинд уул уурхай, тээвэр, эрчим хүчний чиглэлд томоохон үр ашигтай, өнөө, ирээдүйн эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөөтэй төслүүдийг санхүүжүүлэх, Монголбанк, Хөгжлийн банкны зүгээс тодорхой үр ашигтай төслүүдийг дэмжих санхүүжилтийн боломжит хувилбарыг бий болгох замаар эдийн засгийн идэвхжлийг дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна салбаруудын холбоод төрийн бус байгууллагууд идэвхтэй ажиллаж өөрсдийн салбарын үйл ажиллагааг хамгаалах санал, санаачлагыг гаргах нь зүйтэй. Харин төрийн зүгээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцох нь сайн зүйл биш юм. Энэ түвшинд бизнесийн ерөнхий хандлага, оршин тогтнох зүй тогтлын хувьд бизнесийн байгууллага, харилцагчдын эрүүл харилцаа нь харилцан бие биеэ хүндрэл багатай асуудлыг даван туулахад илүү нөлөөтэй байж болно.
2. -Миний хувьд хүлээлт харьцангуй өндөр байсан. Доод тал нь 2-3 хувиар бууруулж эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх боломжтой гэж би хувьдаа үзэж байсан хэрэг. Учир нь, мөнгөний бодлогын хэрэгсэл нь сангийн бодлоготой харьцуулахад харьцангуй дам нөлөөтэй, хугацааны хувьд ч хоцрогдож нөлөөлөл нь хүрэх талтай юм. Иймээс энэхүү шийдвэрийн эерэг нөлөөлөл тийм ч их биш байх болов уу. Гэхдээ үүнд Монголбанкыг шууд буруутгах нь оновчтой биш юм. Шалтгаан нь Монголбанкны зүгээс өөрийн боломжийн хэмжээнд шийдвэр гаргасан байх талтай. Энэ нь өөрт байгаа орон зайг ашигласан гэсэн үг. Учир нь, хэдийгээр эдийн засагт хүндрэл учирсан боловч нөгөө талд байгаа төсвийг таналгүйгээр, эсвэл тодорхой мөнгийг шингээх эдийн засгийн бодит нөхцөл байдал харагдахгүй байхад мөнгөний бодлогыг хэт зөөлөн болгох нь инфляц, валютын ханшид дарамт болох магадлалтай. Тодруулбал, хэт тэлсэн төсөвтэй байгаа нь Монголбанкны зүгээс бодлогын хүүг их хэмжээгээр бууруулах орон зайг хязгаарлаж байна гэсэн үг. Энэ эрсдэлийг харгалзаж хангалттай хэмжээгээр бодлогын хүүг бууруулахаас татгалзсан байж болох юм.
Нөгөө талаар Монголбанкны зүгээс арилжааны банкуудын тодорхой эх үүсвэрийн заавал байлгах нөөцийн хувийг хоёр бүхлээр бууруулсан. Энэ нь бас тодорхой эерэг шийдвэр мөн юм. Гэхдээ нөлөөлөл дээр дурдсанчлан бас л дам байх бөгөөд чөлөөлөгдсөн эх үүсвэрийг хүлээн авах эдийн засгийн нөхцөл, тодруулбал зээлдэгчид байгаа эсэх нь энэ шийдвэрийн үр дүнд чухал нөлөөтэй. Иймээс төрийн сангийн бодлогыг эргэн харж түүнд нийцүүлэн мөнгөний чиглэлд дараагийн алхамыг хийх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛХАГВАЖАВ: ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ ЧИГЛЭЛД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА
1. -Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ААН-үүдийг дэмжиж ямар ч шийдвэр гарсангүй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн УИХ-ын харъяа байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг Сангийн сайд нь тайлбарлаад байх шаардлага байхгүй. Засгийн газар эдийн засгаа дэмжих чиглэлд юу ч хийхгүй байна. Одоо ААН, компанид орлогогүйд хүрлээ. Орлогогүй болсноор татвар төлөх боломжгүй. Татвар төлөхгүйд хүрвэл төсвийн орлого бүрдэхгүй гэсэн үг. Тийм учраас улсын төсөвт суулгасан хэрэггүй, үр ашиггүй зардлуудаа эргэж харах шаардлагатай. Засгийн газарт эдийн засагт оролцдог институтийнхээ хийх ёстой ажлуудыг хийгээч ээ. УИХ-ын харьяанд байдаг байгууллагуудын өмнөөс ажил хийсэн нэртэй болж харагдах хэрэггүй. Хөдөлмөрийн харилцаа бол манай нийгмийн баялгийг бүтээж буй гол зэмсэг. Компаниудын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед ажилтнуудын цалингаас суутгадаг даатгалууд дотор ажилгүйдлийн даатгал зэрэг төрөл бүрийн даатгал ордог. Эдгээр даатгалын санг онцгой энэ үед ашиглах ёстой. Нөгөө талаар үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогссон компаниудын татвар нь төлөгдөхгүй, орлого нь ч алга. Энэ үед Засгийн газар даатгалуудын сангийн онцгой үүргийг нь одоо л хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Засгийн газар өөрт оногдсон улсын төсөвтэй холбоотой асуудлыг даруй шийдэж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Өнөөдөр дэлхийн улс орнуудад парламент нь шуурхай хуралдаж хууль баталж асуудалд хандаж байна.
2. -Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн нь эдийн засагт дэмжлэг болж чадахгүй. Арилжааны банкуудын нөөцийг хоёр функтээр буулгалаа. Гэвч арилжааны банкуудаас компаниуд л мөнгө авдаг. Өнөөдөр компаниудын үйл ажиллагаа зогссон байхад банкнаас зээл авах компани олдохгүй. Хоёрдугаарт, онцгой энэ үед Монголбанк арилжааны банкуудыг удирдах эрхтэй. Удирдахгүй эрхгүй гэж үлгэр ярих хэрэггүй. Арилжааны банкуудын хамгийн эрсдэл өндөртэй зээлийн төрөлд тооцогддог тэтгэврийн зээлийг төрөөс тэглүүллээ. Одоо дахиад арилжааны банкууд онцгой нөхцөл байдлыг далимдуулж хэрэглээний зээлийг мөн төрөөс тэглүүлэх гэсэн зальтай арга хэрэглэж байна. Арилжааны банкуудыг зохицуулж чадахгүй юм бол Монголбанк гэж байгаад ч хэрэггүй. Бодлогын хүүг таван хувь хүртэл буулгах бүрэн боломжтой. 2016 онд дөрвөн нэгжээр бууруулж байсан. Мөнгө хумих болохоороо 4-5 нэгжээр нэмэгдүүлдэг, буулгахдаа 4-5 хувь руу оруулж яагаад чаддаггүй юм бэ. Засгийн газар, Монгол банк өнгөлөн далдлалт хэлбэрийн амь аргацаасан шийдвэр гаргаж байна. Эрсдэлд зориулсан эдийн засгийн менежмент алга.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ Д.АНГАР: ТУНХАГЛАЛЫН ЧАНАРТАЙ ХЭДЭН ЗҮЙЛ ЯРЬСАН Ч ЭНЭ НЬ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЯМАР Ч ТУС БОЛСОНГҮЙ
1. -Аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд байна. Борлуулалт нь зогссоноос ашиг орлого нь байхгүй болсон ч нөгөө талд нь зээлийн хүү болон түрээсийн зардал нь зогсохгүй гүйж байгаа учраас компаниуд сүүлийн 2 сар санхүүгийн огцом хүнд байдалд орлоо. Энэ бол зөвхөн Монголд болж үйл буй явдал биш юм. Коронавирусээс шалтгаалж дэлхийн олон улс орнуудад яг ийм дүр зураг бий болсон. Тиймээс улс орнуудын төр засгаас компаниуддаа, иргэддээ зориулсан эдийн засгийн цогц арга хэмжээнүүдийг авч эхлэж байна. Тухайлбал, Японы Засгийн газраас жижиг дунд хэмжээний компаниудад хүүгүй зээл олгож эхэлсэн бол Итали бүх иргэдийнхээ ипотекийг төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна. АНУ-ын хувьд ч вирусээс шалтгаалж үйл ажиллагаа нь хүчтэй доголдох компаниуддаа дэмжлэг үзүүлэх бодлогоо зарлалаа. Харамсалтай нь Монгол Улсын хувьд аж ахуйн нэгжүүд, компаниудаа хамгаалах, дэмжиж туслах ямар ч арга хэмжээ авсангүй. Тунхаглалын чанартай хэдэн зүйл ярьсан ч энэ нь аж ахуйн нэгжүүдэд ямар ч тус болсонгүй. Үүнээс нь болж маш олон тооны компаниуд үүд хаалгаа барьж байна. Ажилтнуудынхаа цалинг ч тавьж чадахгүй байдалд хүрч зарим ажилтнууддаа цалингүй чөлөө олгон явуулж байна. Ажилгүйдэл огцом өсч байна. Энэ байдал даамжирваас 4, 5-р сард байдал улам хүндэрнэ.
2. -Үүгээр ямар ч асуудал шийдэгдэхгүй. Дор хаяж 2-3 хувиар буулгах ёстой байсан юм. Улс орны Төв банкууд бодлогын хүүгээ 30 хувиар буулгаж байна. Хамгийн сүүлд Англи 60 хувиар буулгаснаа зарлалаа. Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ 10 хүрэхгүй хувиар буулгаснаар ямар ч үр дүн гарахгүй. Нэг тийм дүр үзүүлсэн л арга хэмжээ боллоо. Дүгнэж хэлэхэд, Монголын төр засаг компаниудаа гаргуунд нь гаргаад хаячихлаа. Маш том алдаа. Уг нь УИХ ээлжит бус чуулган зарлаж корона вирусын үед эдийн засгийн ялангуяа аж ахуйн нэгж, компаниуддаа зориулсан зохицуулалтын шийдэл гаргах учиртай юм. Үндсэн Хуулиар ч тийм үүрэг хүлээсэн. Татварын болон татварын бус маш олон зохицуулалтын арга хэмжээ авах бүрэн эрх нь УИХ-д байгаа. Харамсалтай нь дургүйд хүчгүй гэгчээр компаниудынхаа, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр ер хөдлөхгүй юм.
Холбоотой мэдээ