Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Цэргийн төв эмнэлэгт хандив ирүүлжээ. Тус эмнэлгийн урьдчилан сэргийлэх, тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, ажиглалтад байгаа иргэдэд хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, уусмалыг өнөөдөр /2020.03.12/ хүлээлгэн өглөө.
“COVID-19” вирусийн тархалт, өвчлөлийн тоо өссөөр байгаатай холбогдуулан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Баттүвшин захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй дэд хурандаа Д.Аюушжав захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний аравдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн зэрэг 1000 гаруй цэргийн алба хаагчдын сэтгэлийн дэмээр бүрдсэн 12.600.000 гаруй төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, уусмалыг Цэргийн төв эмнэлэгт хандивлажээ.
Цэргийн төв эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын удаа дараагийн хурлын шийдвэрийн дагуу халдвартын эмнэлэгийн зориулалтаар ашиглах, 570 өвчтөн хүлээж авах нөхцөлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, тусгаарлах байрыг хоёрдугаар сарын 27-ноос гарган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус урьдчилан сэргийлэх, тусгаарлах байранд 25 эмч, сувилагч, эмнэлэгийн ажилчид ажиглалтад байгаа 85 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ