Д.Баярхүү: Эл доль, залхмаар, улиг болсон улстөрчдөөс салах цаг нь ирсэн

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Д.Баярхүү: Эл доль, залхмаар, улиг болсон улстөрчдөөс салах цаг нь ирсэн

Холбоотой мэдээ

Парис хот руу аялах азтанууд тодорлоо

Парис хот руу аялах азтанууд тодорлоо

0

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй “Ардчилал таймс” сонины сурвалжлагч Б.Бямбасүрэн улс төрийн сэдвийн хүрээнд ярилцжээ. 

-2020 он бол сонгуулийн жил. Нөгөөтэйгүүр, эрх баригчдын хийсэн бүтээсэнд дүн тавих үе. Ард иргэд одоогийн УИХ-д их ам муутай байна. Таныхаар энэ удаагийн парламент хэрхэн ажилласан бэ?

-Парламентын үйл ажиллагааг монголчууд өөрсдөө дүгнэнэ. Энэ нь УИХ-ын сонгуулиар тодорхой харагдана. Сонгууль бол өнгөрсөн 4 жилд УИХ болон олонхи болсон Засгийн газрын үйл ажиллагаанд ард түмэн үнэлэлт, дүгнэлт өгөх үйл ажиллагаа. Улсын шалгалт өгдөгтэй адилхан. Ард түмнээрээ шалгуулж байна гэсэн үг. Ард түмэн дүнгээ тавилаа, дараагийн УИХ-аа сонголоо. Миний хувьд одоогийн  ажиллаж буй парламентыг хариуцлагагүй, муу гэж шууд буруушаахгүй. Мэдээж Монгол Улсын сонгож авсан зам нь парламентын засаглал. Тиймээс хууль батлах тогтоох дээд засаглал үүргээ ёсоор нь хэрэгжүүлж байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг харахад, Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэнэ гээд парламентын засаглал улам хүчтэй болох байх. Ер нь маргах, хэрэлдэх, эвсэх, үл эвсэх, нам дотроо талцах, хуваагдах гэх мэт үйл явц парламентын засаглалтай ардчилсан улсад байдаг л үзэгдэл шүү дээ. Айхтар хямрах хэрэггүй. Харин 65-уулаа гарч ирчихээд зоригтой алхам дутмаг хийсэн тал бий байх.

-ЖДҮХС-аас эрх мэдлээ ашиглан зээл авсан эрх баригчдын тухайд ямар бодолтой байна вэ. Тэгвэл энэ бас байдаг л үзэгдэл юм уу?

-Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ өгнө. ЖДҮ-д улс төрийн дүгнэлт өгөх бололцоо надад байхгүй. Ямартай ч МАН-ынхан “60 тэрбумынхан”, “ЖДҮ-гийнхэн” гэсэн нэр хаягтай болсон нь үнэн. Эрх барьж байгаа нам ийм нэртэй болсон нь харамсалтай хэрэг. Ерөөс ЖДҮ-тэй холбоотой асуудлыг  өнгөрсөн 30 жилийн түүх рүү аваачиж наах ёстой. 1990 онд ардчилсан хувьсгал өрнөж Монгол Улс нийгэм-улс төрийн шинэ замыг сонгохдоо л эдийн засгийн бүтээн байгуулалт, шинэчлэл, шилжилтийг хийж эхэлсэн. 30 жил яваад ч өнөөдөр шилжиж дуусахгүй. Эдийн засаг нь тэг заачихсан, хүн амынх нь 27-29 хувь нь байнгын ядуу, ажил хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн ердөө 38 хувь нь ажиллаж байгаа гэсэн үзүүлэлтүүд бий. Энэ бүхэн ЖДҮ-г өөхшүүлсэн асуудал. Яагаад эдийн засгийг ард иргэдийн гарт нь өгч, ард иргэд нь эдийн засагтаа идэвхтэй оролцож, нэгэнт л хувьчлагдсан юм бол түүнийгээ улам сайн менежменттэй хийж, эдийн засгийн өндөрлөгт хүрч чадахгүй үлгэн салган яваад байгаа юм бэ? Ард иргэд ажил хийхгүйгээр амь зууж болоод байдаг халамжийн бодлоготой тогтолцоог бүхэлд нь эргэж харахгүй юм бол “ЖДҮ” мэтийн хэрэг байнга давтагдана.

-“Электорат” хөдөлгөөнийнхөн зөв хүнийг дэмжинэ гэж байгаа. Зөв хүн гэж ямар хүнийг хэлж байна вэ?

-Зөв хүн гэсэнд айхтар хатуу шалгуур тавьчихаагүй байна. Монголчууд улаан, эсвэл хар,  сайн, эсвэл  муу гэж туйлширдаг. Зөв хүн гэж хосгүй хүн байхыг хүсээд байх шиг. Зөв хүн гэдэг нь улс төрд орж бохирдоогүй, элдэв улс төрийн өвчин, дон суугаагүй, ямар нэг буруу амбицгүй, гавьяа байгуулаагүй ч гай тариагүй, тийм хүн гээд ойлгочих. Бүр болж өгдөгсөн бол шинэ залуу үеийн төлөөллийг улс төрд гаргаж ирмээр байна. Үнэндээ 20-30 жилийн турш улс төрд явчихсан өнөөгийн нөхдийн нүүр царайг өөрчилмөөр байна. Цоо шинэ залуустаа итгэл үзүүлэх хэрэгтэй. Миний хувьд зөв хүнийг дэмжинэ гэсэн уриан дор аль ч улс төрийн намын сэхээтэн, эрүүл саруул ухаанаар сэтгэдэг, гэгээлэг хүнийг дэмжинэ гэж бодож байгаа. Ийм улс төрийн боловсон хүчин аль ч намд байгаа.

-Залуучуудаас бид юу хүлээх ёстой вэ?

-2020 оныг залуучуудын хувьсгалын жил болгох хэрэгтэй гээд би өмнө нь нэг удаа бичиж байсан даа. Өмнөх УИХ-ын сонгуулиудыг ажиглахад 18-35 насны залуучуудын бараг тал шахам хувь нь огт сонгуульд оролцдоггүй, сонирхдоггүй юм билээ. Тэднийг үүргээ биелүүлж, сонгуульд саналаа өгөхийг уриалах хэрэгтэй. Тэд хэнийг хүсч байна, тэр хүнээ сонгоод үзэг л дээ. Учир нь Монгол бол залуучуудын эх орон. Өнөөдөр 40 хүртэлх насны залуус хүн амын олонхийг бүрдүүлж буй энэ цаг үед үе тэнгийн залуучуудаа дэмжиж, хүсэл тэмүүллийг нь харгалзан үзэж яагаад болохгүй гэж. Улаанбаатарын хүн амын дийлэнхийг тэд л бүрдүүлж байна. Хотын Засаг даргаар 27-30 насны хүн сонгож, эрх мэдэл атгуулаад үзэх хэрэгтэй шүү дээ. Алийн болгон нэг улс төрийн хүчнийг шүтэх ёстой юм. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр гэдэг зарчмаас одоо татгалзмаар юм. Өгөршчихсөн, тэтгэвэртээ гарах болчихсон, залхмаар, улиг болсон улстөрчдөөс салах цаг нь ирсэн.  XXI зуун бол даяаршлын, харилцан хамаарлын, хурдны, тэр чигтээ эрсдэлийн зуун. Мөн чанартаа коронавирус тархана гэдэг хүн төрөлхтөнд айхтар том эрсдэл, сорилтыг авчирч байна. Энэ бол дэлхийн түүхэнд гараагүй үзэгдэл. Үнэндээ ийм эрсдлийг залуус маань л дааж чадахаас биш 30 жил улс төрд явсан залхмаар улсууд даахгүй гэж үзэж байна. Тэднээс манай нийгэм бүрэн залхсан. “Залхлаа!” гэдэг үгийг одоо нэгэн дуугаар чанга хэлэх цаг нь болсон.

-Монгол Улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Тэр үнэн, хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалтай. Учир нь бүх ард түмнээр төрийн тэргүүнээ сонгодог учраас тэр. Хэрэв УИХ нь Ерөнхийлөгчөө сонгоод эхэлбэл парламентын бүрэн засаглалтай улс  болно. Гэлээ гээд засаглалын хэлбэрийг би шүүмжлэхгүй. Ямартай ч Монгол Улс ардчилсан сонголтоо хийгээд л ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийг засах гэсэн боловч төдийлэн үр дүнд хүрээгүй байх. Гэхдээ хуулийг хөдөлгөж чадсан нь том дэвшил. Доторхи заалт бүрийг нь авч үзвэл бүх хүн сэтгэл санаа нэгтэй байх албагүй. Дараагийн парламентын үед ч ахиад хөдөлгөж болно. Энэ тийм хөдлөшгүй биш шүү дээ.

-Улстөрч болгон л аль ч цаг үед хоёр танхимтай болох, гишүүдийн тоог нэмэх тухай ярьдаг. Энэ нь зөв үү, таны бодлоор?

-Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэж хоёр танхимтай байж үзсэн. Улмаар шинэ Үндсэн хуулиа баталсан. Засаглалын хэлбэртээ асуудал нь байгаа юм биш. Яагаад үргэлж анхаарлын төвд байна вэ гэхлээр, ард түмний амьдрал ядуу, ажилгүйдэл их байгаатай холбоотой. Хэрэв эсрэгээрээ байсан бол парламент хэдэн танхимтай, хичнээн гишүүнтэй байх нь ажил орлоготой, завгүй хүнд нэг их падгүй. Хүн цалингаа авна, сайхан амьдарна тэгээд л болох бус уу.

-2050 онд дундаж давхарга бий болно гэсэн төсөөллийг эрх баригчид гаргасан байна лээ?

-2050 он гэхэд хүн амын 80 хувийг дундаж давхарга болгоно ч гэх шиг. Гуравхан сая хүнтэй улсад 3-4 жилд шургуу ажиллахад л болох баймаар. Гучин жил гэдэг дэндүү урт юм биш үү. 1990 оны Цагаан морин жилээс тооцвол 60 жил шилжилт хийсэн улсаар Монгол тодорч, дэлхийг дэлдийлгэх нь байна. Ичмээр бус уу? Гуравхан сая хүнийг ганц дайралтаар л өөд нь татчихмаар санагдах юм. Хятадад өөрчлөлт шинэчлэл хийснийхээ 40 жилийн ойг жил хагасын өмнө тэмдэглэсэн. Тэр 40 жилд Хятадад 800 сая хүнийг ядуурлаас гаргасан. Манай улс 60 жил ноцолдон байж ядуурлаасаа салж дундаж амьдрал руу орно гэдэг даан ч урт байнаа.

-Дипломатч хүний хувьд хэлэхгүй юу. ГХЯ тэтгэвэртээ гарсан ултөрчдийн дамжин өнгөрдөг газар болсон уу. Мөн улстөрчдийн хамаатан садангаар дүүрсэн гэх юм?

-Сүүлийн 1-2 жил Гадаад яам руу шүүмжлэлийн гал байнга очиж байна л даа. Хүмүүс ам муутай байна. Гадаадад томилогдсон дипломатчид элдэв хэрэг түвэгт орооцолдож, тухайн улсын шүүхээр шүүгдэж байна. Дипломат албанд сахилга, зохион байгуулалт, хуулийг дагаж мөрдөх  асуудал хурцаар тавигдлаа. Харин яамны дотоод зохион байгуулалт, боловсон хүчний томилгооны тухай тус яамны ТНБД, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаас сэтгүүлчид байцаалт авбал зохилтой. Ахмад дипломатчийн хувьд гадаад бодлогын асуудалд нь илүү  анхаарч судалж байна. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд гадаад бодлогын залгамж чанарыг хадгалсан олон тулгуурт, идэвхтэй, энх тайванч, прагматик, бие даасан гадаад бодлого явуулж ирсэн, явуулж ч байгаа гэж ойлгодог. Манайх үүн дээр айхтар том алдаа гаргаж, савлагаа үүсгээгүй. Харин гадаад эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тухайд сахилга алдагдсан явдал байдаг. Тухайлбал олон түнштэй ажиллах гэдэг, өөр хооронд нь мөргөлдүүлдэг, ойрын зорилгоо нэгдүгээрт тавьж, холын зорилгоо олж хардаггүй, хэлсэн амнаасаа эргэж буцдаг, гаднын хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулдаг гэхчлэн асуудал бий. Монголчууд “За” гэвэл “Ёо”-гүй байх ёстой. Гадаад харилцаан дээр худал ярьж огт болохгүй. Энэ нь тэвчишгүй зүйл.

-Та ГХЯ-ны дэргэд байгуулагдсан ШХАБ-ыг судлах, дүгнэлт гаргах ажлын хэсэгт байгаа гэж сонссон. ШХАБ гэх энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хоёр талын байр суурь яваад байдаг. Таныхаар аль нь зөв, манайд ашигтай вэ?

-Бид ШХАБ-ын ажиглагч гишүүнээр 16 жил явж байгаа. Одоо жинхлэх тухай асуудал яригдаж буй. ШХАБ-д жинхлэх эсэх асуудалд монголчууд хоёр талд хуваагдсан байгааг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс энэ маргааныг эцэслэн шийдэхийн тулд ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаар явж судалгаа хийх ёстой гэж үзсэний үндсэн дээр Гадаад харилцааны сайдын тушаалаар судалгааны баг бүрдсэн. Энэ багийг бүрдүүлэхэд би оролцсон, одоо ч нэг ахлагч нь. Бид 15-уулаа. Одоогийн байдлаар Хятад, Энэтхэгт ажиллаад ирсэн байна. Цаашлаад Төв Азийн 4 улс, Пакистан, мөн ОХУ-д ажиллах асуудлыг тавьж хөөцөлдөж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохын давуу болон сул тал, ялангуяа, монголчуудын, Засгийн газрын, улстөрчдийн битүүхэн хүлээж буй Шанхайн байгууллагын эдийн засгийн хамтын ажилллагаанд Монгол Улс яаж оролцох, манайд ямар ашигтай вэ гэдгийг судалж байна. ШХАБ-д яг одоогоор эдийн засгийн интеграц эхлээгүй байна. Бид эхний тайлангуудыг гаргаж, төрийн тэргүүн болон Гадаад харилцааны сайдад өргөн барьсан. Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хурлаар эхний тайлангуудаа хэлэлцүүлсэн. Дэмжлэг авсан. Ажлын хэсгийн судалгааны ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэр гарсан байгаа.

-Ухань хотоос үүсэлтэй коронавирүсийн дэгдэлтийн үед манай Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн. Энэ айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Жижиг улс дипломатын маш идэвхтэй, зарим үед бүр гэнэтийн зөв үйл ажиллагаа явуулж байж гадаад бодлогын салбарт амжилт болно. Гол зорилго нь Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад нөхцөлийг бий болгох, таатай гадаад харилцааг хөгжүүлэх. Энэ зорилгын хүрээнд айлчилсан гэж ойлгож байгаа. Өмнөд хөрш бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг төдийгүй тэргүүлэх нөлөөтэй улс. Монгол Улс БНХАУ-тай нийт 4700 гаруй км нутаг дэвсгэрээр хиллэж байна. Манай улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтад өмнөд хөрш жин дарж буй. Ийм улсад өвчин тахалд нэрвэгдсэн, хөл хорио тогтоосон, гадаад харилцаа нь хумигдсан нөхцөлд эв санааны нэгдлээ илэрхийлж, монголын ард түмний бяцхан бэлгийг гардуулаад ирсэн нь цагаа олсон том ялалт. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэдэг биз дээ. Ямартай ч цагийг нь олсон зөв алхам хийжээ хэмээн би хувьдаа дүгнэнэ. Цаашид Монгол-Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын харилцаа улам өргөжин тэлэх болов уу. Түүнд л Төрийн тэргүүн хувь нэмрээ орууллаа.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж