“COVID-19 цар тахлыг хяналтад авч болдгоороо онцлог”

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

“COVID-19 цар тахлыг хяналтад авч болдгоороо онцлог”

“COVID-19 цар тахлыг хяналтад авч болдгоороо онцлог”

НЭМЭЛТ: 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн 17 оронд COVID-19 халдварын өвчлөл бүртгэгдсэн. Иран, Итали, Испани, Швейцарь, Норвеги зэрэг орнуудад халдвар эрчимтэй тархаж байна. Гуравдугаар сарын 12-нд шилжих шөнийн 00.25 цагт ДЭМБ-аас COVID-19 халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарлалаа. Цар тахал гэдэг нь ямар нэгэн халдварт өвчин дэлхийн ихэнх улс орныг хамран өргөн хүрээтэйгээр тархахыг хэлдэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий дахин дөрвөн цар тахалтай нүүр тулгарсан бөгөөд гол төлөв томуугийн цар тахал байлаа. Хамгийн сүүлд 2009 онд “А” хүрээний H1N1 буюу хүмүүсийн дунд гахайн томуу цар тахал хэлбэрээр дэлхий нийтийг хамарч гарсан. ДЭМБ-аас цар тахалд хүрснийг зарлах хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд бий. Уг халдварын өвчлөл тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ удаагийн цар тахал нь анх удаа коронавирусээс үүсгэгдэж буй юм. Мөн энэ цар тахлыг хяналтад авч болдгоороо онцлог. Учир нь БНХАУ-д халдварын хяналтад авч чадсан.

Тиймээс холбогдох байгууллагуудаас уг халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээ хийх, тархалтыг зогсоох үндсэн үүргээр бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Хүмүүс хэт айдаст автаж, цуу ярианд итгэж, мушгин гуйвуулах арга хэмжээг авч болохгүй. ДЭМБ-аас тухайн улсад гарч буй халдвар онцлогоос хамаарч, өөр өөр зөвлөмжүүдийг өгч байгаа. Жишээлбэл, анх 60-аас дээш насныханд зориулан зөвлөмж гаргаж байсан бол өнөөдөр 40-өөс дээш насныханд чиглэсэн зөвлөмжийг өгч ажиллаж байна.

“СҮҮЛИЙН ХОЁР ДОЛОО ХОНОГТ ХАЛДВАР ГАРЧ БУЙ УЛСЫН ТОО ГУРАВ ДАХИН НЭМЭГДЛЭЭ”

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өгөхдөө “ДЭМБ-ын гуравдугаар сарын 10-ны мэдээгээр дэлхийн 117 улсын нутаг дэвсгэрт COVID-19 халдварын нийт 118 мянга 326 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4292 болсон. Шинээр Конго, Болив, Ямайка улсад бүртгэгдсэн. БНХАУ-д 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, 22 хүн нас барсан байна. БНСУ-д 242 тохиолдол шинээр бүртгэгдэж, 60 хүн нас барсан бол Италид 977 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 10 мянга 149 болж нас барсан хүний тоо 631-д хүрлээ. Иранд 881 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 8042, нас баралт 354 болжээ. Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад орнуудад халдварын тоо 13 дахин нэмэгдэж, халдвар авч буй улсын тоо гурав дахин нэмэгдлээ. Ирэх долоо хоногуудад шинэ тохиолдол, нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна. Нийт тохиолдлын 90 гаруй хувь дөрвөн оронд гарч байна. Эдгээрээс БНХАУ, БНСУ-д халдварын дэгдэлт эрчимтэй буурч байна. Халдварын дэгдэлт дэлхийн 81 улсад бүртгэгдээгүй. 57 оронд 10-аас цөөн тохиолдол бүртгэгдээд байна. Улс орнууд халдварын тохиолдлыг эрт илрүүлж, хавьтлыг нэг бүрчлэн судалснаар хүн амын дунд хяналтгүй тархахаас сэргийлж чадна” гэдгийг хэлсэн юм.

 

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа  “ДЭМБ-аас Covid-19-г цар тахал гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд олон төрлийн хязгаарлалтын арга хэмжээг шинээр авах, өргөтгөх байдалтай байна. Тухайлбал, АНУ-ын 24 муж улсад онц байдлыг зарлаж, гуравдугаар сарын 13-наас эхлээд АНУ-аас Европыг зорих, ирэх бүх зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэг сарын хугацаатайгаар зогсоох шийдвэрийг гаргаад байна. Уг хязгаарлалтад Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын зорчигчид болон ачаа тээвэрт үйлчлэхгүй.

Мөн Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа учраас Германы агаарын тээврийн томоохон компани гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл нийт 23 мянган нислэгээ цуцлаад байна. Цаашдаа ч нислэг цуцлах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн БНХАУ-д халдварын тархалтыг бууруулж байгаа ч гадаад улсуудад шинэ тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж байна. Тиймээс БНХАУ-д гадаад улсаас ирж байгаа иргэд болон оршин суугчид гэртээ тусгайлан бэлтгэсэн байранд өөрийгөө хянаж ажиглана. Богино хугацаагаар ирсэн иргэд тусгай зочид буудалд байрлах шаардлагатай. Энэ үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс нисэх онгоцны буудлаас зөөвөрлөх нийтийн тээврийг гаргаж, ажиллаж байна. Хяналт шалгалтаа улам чангатгаж гаднаас ирж буй бүх зорчигчдыг тусгаарлах арга хэмжээг авч байна” гэлээ.

“ХОВД АЙМАГТ НЭГ ГЭР БҮЛИЙН ГУРВАН ХҮНИЙГ ТУСГААРЛАСАН”

“Манай тусгаарлан ажиглах байранд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1248 хүн тусгаарлагдсан. Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт ажиглалт болон тусгаарлалтад байгаа найм, Жаргалантын амны сувилалд байгаа 23 хүнийг өнөөдөр тусгаарлана. Хүмүүсийн биеийн байдал сайн, ямар нэгэн зовиургүй байгаа. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн. Тэд Өвөрмонголд айлд байсан бөгөөд тухайн оронд хөл хорио тогтоож, цуцлагдсанаар эх орондоо ирсэн. Аймгийн Онцгой комисс хуралдаад гэр бүлийн гурван хүнийг Ярантын боомтын хоёр өрөө байранд тусгаарлаад ажиглаж байна. Тэдний биеийн байдал сайн байгаа.

ХӨСҮТ-д авч ирсэн Франц улсын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ амин үзүүлэлт нь тогтвортой байна. Ямар нэгэн гомдол гаргасан зүйл байхгүй. Эмчилгээгээ чанд сахиад хийлгэж байна” гэдгийг хэллээ.

“ФРАНЦЫН ИРГЭН 300 ГАРУЙ ХҮНТЭЙ ХАРИЛЦСАН НЬ ТОГТООГДСОН”

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам сахиулах газрын дарга П.Эрдэнэбат хурандаа мэдээлэхдээ “Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн нэгдүгээр сарын 9-нөөс хойш Монгол Улсад нийт 934 хүнийг ажиглалтад авч, 264 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулахад хяналт тавьж ажилласан байна. Халдвар авсан байж болзошгүй гэх 264 хүнтэй хавьталд орсон хүнийг олж тогтоох ажлыг цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн. Уг ажиллагааг хэрэгжүүлэхэд нэлээд төвөгтэй, цаг хугацаа шаардсан ажил боловч Франц улсын иргэнтэй ойрын харилцаанд орсон иргэдийг урьдчилсан байдлаар тогтооход 300 гаруй хүнтэй ямар нэгэн байдлаар харилцсан болох нь тогтоогдсон” гэв.

ФРАНЦ ИРГЭНЭЭС НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭГ ӨНӨӨДӨР АВСАН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Франц иргэнээс нарийвчилсан шинжилгээг өнөөдөр авсан. Тухайн хүн сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Тухайн иргэн Монголын эмч мэргэжилтнүүдийн ур чадварт итгэж буйгаа илэрхийлсэн.

Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээ хот руу ирж байгаа. Ойрын хавьталд орсон хүмүүсийн талаарх нарийн тоог маргааш /2020.03.13/ мэдээлнэ. Дорноговь аймгаас ирсэн 26 хүний шинжилгээний хариу гуравдугаар сарын 11-нд сөрөг гарсан. Цаашдаа бид хяналтаа сулруулахгүйгээр хяналт тавьж ажиллана.


ФРАНЦЫН ИРГЭНТЭЙ ХАМТ БАЙСАН 126 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

COVID-19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас өчигдөр /2020.03.11/ ХӨСҮТ-д авчирч эмчилж байна. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоосон нийт 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Тусгаарлагдаж буй иргэдээс дахин шинжилгээг авахдаа долоо, 14, 21 хоногт нэг удаа авах гэнэ.

Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан юм.

Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүнээс халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан билээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгана гэдгийг албаныхан хэлсэн.

Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэл хийх гэж байна.

Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэл хийх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, March 11, 2020

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж