“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 6-р тойргийг онцолж байна. Томсгосон тойргийн хүрээнд Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэсэн юм.
Эрх баригчид тойрог зурахдаа Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэгтгэсэн нь сөрөг хүчин болох Ардчилсан намд хоёр суудал авах боломжийг олгосон гэж хэлж болно. Учир нь, энэ тойрогт МАН хүний нөөц муутай. Хүний нөөцгүйгээ мэдсээр байж, Говьсүмбэрийг Дорноговиос салгасан нь сонгууль эхлэхээс өмнө өрсөлдөгчиддөө цагаан туг өргөн, бууж өгсөн явдал болсон гэж үзэх улстөрчид ч байна.
Тандалтаар УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН хууччуулаа, АН залуусаа өрсөлдүүлэх чимээ дуулдлаа.
Тодруулбал, АН-аас Дундговь аймгийн Ардчилсан намын дарга асан, өмгөөлөгч Л.Данзанноров, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан, “Чинээлэг малчин” төслийг санаачлагч Л.Одсэр, УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МАН- ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч асан Б.Амарсанаа нарыг сойх чимээ дуулдаж байна. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Б.Наранхүү энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй нь. Хуралдаа суудаггүй, үндсэн ажлаа хийдүүлж ирсэн гишүүндээ АН улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдэв бололтой.
Горилогчдоос Л.Данзанноров тойрогтоо хэдийнэ танигджээ, хуульч мэргэжилтэй, Дундговь аймгийн уугуул юм байна. Одоо тэрбээр Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Хоёр жилийн өмнө Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулж шалгахад Л.Данзанноров өмгөөлж байв. Салбартаа ч танигдсан, шүүх засаглалыг нээлттэй, хараат бусаар ажилладаг болох эрх зүйн орчинтой болгохын төлөө ажилласан нэгэн гэж салбарынхан нь тодотгов.
“Чинээлэг” малчин төслийг санаачлагч Л.Одсэр нь бизнесийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн, Дундговь аймгийн угшилтай нэгэн аж. 2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан. Малын тоо бус чанар чухал, ашиг шим сайтай мал аж ахуй эрхэлснээр малчдын амьжиргаа сайжирч тэрбумтан болох боломжтой гэж үзэн эхний төслөө Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж буй нь амжилттай яваа бөгөөд бусад аймгийн малчид ч андахгүй болжээ.
УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн өмнө нь Улаанбаатар хотод нэр дэвшин УИХ-д сонгогдож байсан, сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшин өрсөлдөх гээд чадаагүй, нам нь "виз" олгоогүй юм. Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд тэрбээр Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Гэхдээ түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгасан ч эцэстээ шүүхээс цагаатгажээ.
МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир дээрх тойрогт нэр дэвшин өрсөлдөнө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Орхон аймагт өрсөлдөх нүх малтах болсноор Д.Дамба-Очир “жийгдэж”, эцэс сүүлдээ Дундговь аймгийг бараадахаас аргагүй болсон гэх. Харин тойроггүйдээд ирсэн хүнийг хүлээн авах уу гэдэг эргэлзээтэйн дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон нь даарин дээр давс үрж байгаа аж.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нэр дэвших болов уу гэсэн хүлээлт байсан ч Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэтгэснээр эргэлзээтэй болжээ. Тэрбээр 2016 онд УИХ-д Дорноговь аймгаас сонгогдсон.
УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд нэр дэвшиж магадгүй гэх явган яриа ч бий. Гэхдээ нэр дэвшигчид тодортол зай ч байна, сонгууль ойртох тусам горилогчид олширно.
Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг сойж магадгүй тухай дуулдаж эхэллээ. Гэхдээ тэрбээр нийслэлийн Сүхбаатарын дүүргийн МАН –ын дарга төдийгүй Улаанбаатар хот дахь Ардын намын нэг суудлынх нь найдвар аж. Иймээс сайд Д.Цогтбаатарыг угшлыг нь дагуулж Дундговь руу явуулах уу гэдэг асуудалтай байна. Иймээс МАН “НАБ” ХХК-ийн захирал, “Чагдаржав” сангийн тэргүүнээр ажиллаж байсан Б.Амарсанааг дахин зүтгүүлж мэдэх нь. Өмнө нь тэрбээр хоёр ч удаа дээрх тойрогт өрсөлдсөн ч Б.Наранхүү гишүүнд ялагдсан. Гэхдээ МАН-д эл тойрогт сойх боловсон хүчний нөөц ядмаг байгаа нөхцөлд өөр сонголтгүй болж буй аж.
Дундговь, Говьсүмбэр аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд:
1992 онд: С.Батмөнх МАХН, Н.Тогтох МАХН
1996 онд: Н.Тогтох МАХН, , Ё.Адилбиш МАХН, Ж.Отгонбаяр АХ эвсэл
2000 онд Л.Одончимэд МАХН, Н.Тогтох МАХН, Ж.Наранцацралт АН
2004 онд Р.Раш МАХН, Л.Одончимэд МАХН, Ж.Наранцацралт Эх орон ардчилал эвсэл
2008 онд Х.Наранхүү МАХН, Р.Раш МАХН
2012 онд Б.Наранхүү АН
2016 онд Б.Наранхүү АН
2020 онд ?
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ