Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс хүйтэрсэн мөн хөл хорио тогтоосонтой холбогдуулан малын тэжээлийн үнэ эрс нэмэгджээ.
Ялангуяа боодол өвс 6000-8000 төгрөгийн хооронд зарагдаж байсан бол өнөөдөр /2020.03.12/ 16 мянган төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүнд тусч байна. ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавьдаг.
Янз бүрийн байдлаар үнэ нэмсэн аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, хариуцлага тооцуулна гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдсэн. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулахаас гадна аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Иймд малчид өвсний үнээ нэмсэн газруудын тухай мэдээллийг ШӨХТГ-ын 18001284 утсаар холбогдож гомдол гаргах боломжтой.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдах шийдвэрийг гаргасан.
Холбоотой мэдээ