"Хөл хорионы үеэр ААН-ын татвар, НДШ хойшлуулах шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

"Хөл хорионы үеэр ААН-ын татвар, НДШ хойшлуулах шаардлагатай"

"Хөл хорионы үеэр ААН-ын татвар, НДШ хойшлуулах шаардлагатай"

ДЭМБ-ын зүгээс шинэ төрлийн коронавирусийн халдварыг Цар тахлын хэмжээнд хүрсэн гэдгийг өчигдөр /2020.03.11/ албан ёсоор зарлалаа. Дэлхий нийтийг хамарсан энэхүү тахлын улмаас олон улс эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулж байна.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгаж, 4850 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоод байгаа байна.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засаг, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн арга хэмжээ авахаа зарлаад байгаа ч энэ нь тунхаглалын  шинж чанартай, хөрсөн дээр буухгүй байгааг бизнес эрхлэгчид анхааруулаад байна. Хэрвээ нөхцөл байдал цаашид хүндэрч, хөл хорио дөрөв болон тавдугаар сар хүртэл үргэлжилбэл Монгол Улсын дундаж давхарга сөрөх ч унах дээрээ тулах, цаашлаад улсын төсвийн орлого тасалдах эрсдэл үүсэх хэмжээнд хүрэх магадлалтай байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулжээ. Тус судалгаанд танхимын гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Судалгаанд оролцогсдын 67% нь Улаанбаатар хот, 33% нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөл хорио нь судалгаанд хамрагдсан ААН-ын 57.4 хувьд нь маш ихээр нөлөөлж байгаа аж. Үүнийг салбараар нь авч үзвэл боловсрол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хамгийн их нөлөөтэй гэж үзсэн бөгөөд дунджаар 96% нь үйл ажиллагаанд дунд ба маш их хэмжээгээр нөлөөлсөн гэж хариулсан байна.

Харин тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн бизнест дунджаар 69% нь нөлөөлсөн гэж хариулжээ. Гэвч нийт дүнгээр нь харвал бүх салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд 65%-аас
дээш дүнгээр нөлөө үзүүлжээ.

Хөл хорио тогтоосон арга хэмжээ бизнест ямар нөлөө үзүүлсэн талаар тодруулан асуухад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нөлөөлөл хамгийн их байна гэж хариулжээ.

Мөн 14.8 хувь нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхойгүй байдал үүссэн, 14.5% хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орсон зэрэг санхүүжилттэй холбогдох нөлөөтэй байгааг дурджээ.

Сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилийн тухай компанийн орлогод хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад 46.4% “орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна”, 23.5% одоо хэлэхэд эрт байна, 21% нь орлого 10-30%-иар буурна, 6.3% нь 10% хүртэл хэмжээгээр буурна гэж үзсэн бол дөнгөж 3% нь нөлөөгүй байна гэжээ.

Орлогын нөлөөг салбараар тодруулан авч үзвэл аялал жуулчлал, боловсрол, тээвэр, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний үйлдвэрлэлүүдийн салбарын бизнес эрхлэгчдийн 55% нь орлогын хэмжээ 30% ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэж үзжээ.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 66% нь зээлийн эргэн төлөлт, зээлийн хугацаа, зээлийн хүү нь хамгийн их хүндрэлийг бий болгож байна гэж хариулжээ. Мөн 22% нь түрээсийн төлбөр, 9% нь төрийн үйлчилгээ (мэргэжлийн зөвлөлүүдийн хурал, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох)-ний хүнд суртал, 3 хувь нь санхүүгийн эх үүсвэр бага байгаа нь хүндрэл учруулж байна гэжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах зэрэг үйл ажиллагааны зардал бууруулах арга хэмжээ, 36.3% хувь нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж хэвийн үйл ажиллагаа явуулахад нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ.

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж