"Элчин сайдын яамнаас өдөр бүр зөвлөмж ирүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

"Элчин сайдын яамнаас өдөр бүр зөвлөмж ирүүлж байна"

"Элчин сайдын яамнаас өдөр бүр зөвлөмж ирүүлж байна"

Итали улс Covid-19-тэй хэрхэн тэмцэж байгаа талаар тус улсад оршин суугаа иргэн Э.Халиунтай холбогдож ярилцлаа. Тэрбээр халдварын улаан бүсэд тооцогдож буй Италийн Ломбарди мужийн Desenzano del garda хотод амьдарч байгаа юм.


-Итали нь Covid-19 эрчимтэй тархсан таван орны нэгт тооцогдож байгаа. Таны хувьд Итали дундаа халдварын улаан бүсэд багтаж буй хотод амьдарч байна. Одоогоор Италид ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. Монголд covid-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэн даруйд иргэд хүнсний зах, шатахуун түгээх станцад урт дараалал үүсгэсэн. Үүнтэй адил зүйл болж байна уу?

-Анх вирус тархсан талаар мэдээлэл цацагдахад Итали улс харзнасан байдалтай, шуурхай арга хэмжээ авалгүй хугацаа алдсан учраас одоо нөхцөл байдал хүндэрсэн. Хүмүүс гэрээсээ дахин, дахин гарахгүйн тулд хүнсээ ердийнхөөсөө ихээр нөөцөлж эхэлсэн. Италийн олон нийтийн телевизээр маск зүүх талаар саяхныг хүртэл зар сурталчилгаа яваагүй, масктай хүмүүс ч огт харагдахгүй байсан бол сүүлийн үед хүмүүс маск зүүж эхэлсэн. Энэ асуудал дээр Монгол Улс маш шуурхай, их сайн ажилласан. Иргэн хүнийхээ хувьд үнэхээр бахархаж байна.

-Халдвартай тэмцэхийн тулд улс орон бүрийн Засгийн газраас өөрийн орны нөхцөл байдалд тохирох арга хэмжээг авч байна. Итали улсын хувьд иргэдийнхээ ажил хөдөлмөрийг хэрхэн зохицуулж байна вэ. Танай гэр бүлийн хүн гэхэд хөл хориотой үед ажлаа яаж зохицуулж байна вэ. Мөн хөл хорио нь хэр удаан үргэлжлэх вэ?

-Одоогийн байдлаар дөрөвдүгээр сарын 3 хүртэл хөл хорио тогтоосон. Байдал сайжрахгүй бол сунгах байх. Хот хоорондын хөдөлгөөнийг хаасан. Гадуур хөл хөдөлгөөнийг хянах цагдаагийн эргүүл гарсан. Онцгой шаардлагагүй олуулаа гадуур явж буй хүмүүсийг шалгаж, торгох зэрэг арга хэмжээ авч байна. Хувийн байгууллагуудыг ажилчдадаа гэрээсээ ажиллуулах талаар санал гаргасан.

-Маск зүүх талаар зөвлөөгүй байсан үед иргэд нь уг вирусийн халдвартай хэрхэн тэмцэж байсан вэ?

-Иргэд гэрээсээ гаралгүй төр захиргааныхаа зөвлөмжийг дагаж байна даа.

-Иргэд нь одоо маск хэр зүүж байна вэ. Зурагтаар харахаар хүн бүр ягштал маск зүүхгүй байгаа мэт харагдаж байна. Маскны олдоц хэр байна?

-Одоо сайн зүүж байгаа. Манай гэр бүлийн хувьд Монголд байдаг байхдаа утаанд зүүх гэж маскнууд авч нөөцөлсөн байснаа одоо хэрэглэж байна. Италид маск болон гар ариутгагчийн нөөц дууссан. Хятад улсаас Итали руу тэрбум маск явуулахаар болсон тухай мэдээ сонссон.

-Италид үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сургууль цэцэрлэгийг хаасан тул телевизүүд нь ихэвчлэн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг гаргаж байна гэсэн үү. Хүүхдийн нэвтрүүлгээс гадна ямар нэвтрүүлэг гаргаж байна вэ?

-Бүх шатны сургууль, сургалтын үйл ажиллагааг зогсоож, үйлчилгээний байгууллагуудыг хаасан. Хүүхэд залуучууд ихэвчлэн гэртээ байгаа тул олон нийтийн хэрэгслүүд аль болох тэдэнд зориулсан нэвтрүүлэг, кино контентуудыг гаргаж байна. Мөн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаарх эрх бүхий хүмүүс оролцсон мэтгэлцээн, хэлэлцүүлэг, сурвалжилгууд ойр ойрхон гарч байна.

Италид шинжилгээ маш сайн авч байгаа болохоор илрүүлэлт, халдвартай хүмүүсийн тоо өндөр байна. Дөнгөж сая зөвхөн халдвартай бүсэд бус Итали даяар хөл хорио тогтоолоо. Супермаркет, эмийн сангаас өөр юу ч ажиллахгүй.

-Эм тан болон байрны зээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлж байна уу?

-Нөхцөл байдлын улмаас ард иргэдийн амьдрал, эдийн засагт тулгарч буй хор хохирлыг бууруулах үүднээс Итали улс моргейжийн зээлийн төлбөрийг зогсоохоор болсон. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зээлтэй иргэд, хувь хүмүүс энэ хөнгөлөлтөд хамрагдах юм. Мөн жижиг бизнес эрхлэгчид болон гэр бүлийн зээлийн төлбөрийг хэсэгчилсэн байдлаар хөнгөлж, төлбөр төлөх хугацааг тооцохгүй байж хойшлуулах зэрэг олон хэлбэрээр тусалж байна.

-Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийг тусгайлан харж үзэж байна уу?

-Италид сайн дурын тусламжийн байгууллагууд их. Тэдгээр байгууллага хоол хүнсээр туслахаас гадна вирусээс айж гэрээсээ гарж чадахгүй байгаа өндөр настан зэрэг хүмүүст гэрээр нь хоол хүнс зөөж хүргэж өгөх тусламж үзүүлж байна.

-Маск тогтмол зүүж, гараа ариутгахаас гадна дархлаагаа дэмж, аль болох эерэг бай гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ тал дээр хэрхэн  ажиллаж байна вэ?

-Италийн хувьд гараа тогтмол угаах, гадуур гарахгүй байх, ханиаж найтаахдаа алгаараа биш шуугаараа амаа дарах, гадуур гарсан тохиолдолд бие биеэсээ нэг метрийн зай барь гэсэн зааварчилгаа өгч байна. Ард иргэд нь энэ зааварчилгааг хэрхэн сайн дагаж метрийн зай барьж байгааг би влогоороо дамжуулан харуулсан.

-Италид байгаа Монголчууд эдгээр өдрүүдэд хэрхэн аж төрж байна вэ?

-Байнгын оршин суудаг иргэд бол гэр гэртээ тайван байгаа байх. Элчин сайдын яамнаас өдөр тутам мэдээлэл зөвлөмж өгч, ажиллаж байна. Аялал, сургалтаар ирээд виз нь дуусах гэж байгаа иргэдээ яаралтай холбогдохыг хүссэн байсан.

-Таны хувьд Монголд хэзээ ирэх вэ. Эх орноо санаж л байгаа байх даа?

-Италид удаан хугацаагаар амьдрахаар нүүж ирсэн болохоор хэзээ буцах талаар одоохондоо мэдэхгүй байна. Мэдээж эх орноо саналгүй яахав. Тэр дундаа Үндэснийхээ баяр наадмаар их санадаг.

-Та сүүлийн үед влог хийж өөрийн амьдралын сайхан агшнуудаас хуваалцах болсон. Зорилго нь юу вэ. Анх үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний хувьд телевизийн салбарт 10-аад жил ажилласан болохоор интернэт гэдэг зүйлийн ачаар дуртай, туршлагатай зүйлээ хаялгүй хийх боломж гэж анх харсан. Мөн бидний багад сайхан агшнаа зурганд мөнхөлж альбомд хадгалдаг байсан. Орчин үед энэ нь бичлэг влог болж хувирсан. Манай гэр бүл өдөр тутмын амьдралаа үзүүлэхээс илүү шинэ содон аялсан явсан газруудын сонин сайхныг сонирхуулахыг боддог. Ямар нэгэн байдлаар манай влогоос хүн шинэ зүйл сурч, мэдэж, үзэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Гэр бүлдээ ч мөн сайхан дурсамж үлдээх гэж влог хийдэг. Өмнөх влогуудаа өөрсдөө үзэхэд хүртэл сайхан байдаг. Бүх дурсамж сэргэдэг.

-Та өөрийн instagram болон facebooк-тээ маш гоё бас халуухан зураг оруулдаг. Найзууд, дагагчдаас нь ямар сэтгэгдэл ирдэг вэ?

-Орчин үед онлайнд байдаггүй хүн бараг оршдоггүй мэт болсон. Өндөр хөгжилтэй орнуудад social ертөнцөд хэн бэ гэдгээр нь ажилд авахдаа хүртэл шалгадаг. Нэг үгээр хэлбэл нэрийн хуудас мэт ханддаг болсон. Social media-г зөв ашиглаж хөгжүүлж чадвал олон давуу талтай. Дагагчдын хувьд олны дунд сайнтай муутай л байдаг. Ер нь бусдын үзэл бодол сэтгэгдэлд ач холбогдол өгдөггүй. Огт танихгүй хүндээ тааруулж амьдарна гэж байхгүй шүү дээ. Азаар сөрөг хүмүүс харьцуулшгүй бага байдаг шүү.

-Таны хийхээр төлөвлөсөн зүйл, хэтэд хэрэгжүүлэх зорилгоор ярилцлагаа өндөрлөе?

-Хийхийг хүсч төлөвлөж байгаа зүйл олон. Гэхдээ цоо шинэ орчинд ирнэ гэдэг бүх зүйлийг шинээр эхэлж, яг л дахин төрсөн мэт санагдаж байна. Хэлээ шинээр сурна, найз, танилын хүрээгээ шинээр үүсгэнэ гээд бүх зүйлийг эхнээс нь хийх хэрэгтэй болсон. Хугацаа ч их ордог юм байна. Одоогийн байдлаар хэлээ сурахдаа л хамгийн их анхаарч байгаа. Хэлээ сайн сурсны дараа 10-аад жил ажилласан мэргэжлээрээ эндэхийн телевизэд ажиллах бодолтой байна.  Түүний төлөө л хичээнэ дээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж