Холливудын оддын хувцсыг урладаг монгол бүсгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Холливудын оддын хувцсыг урладаг монгол бүсгүй

Холливудын оддын хувцсыг урладаг монгол бүсгүй

Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгч монгол бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Тэрбээр Англи улсын Лондон хотноо 22 жил амьдарч байгаа бөгөөд түүний урласан хар хөх өнгийн хамба хилэн даашинзаар энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа Холливудын алдарт жүжигчин Оливиа Колман гангарчээ. Ингээд дэлхийд монгол эмэгтэйн ур ухааныг гайхуулж яваа түүнтэй бид онлайнаар холбогдож, ярилцлага авснаа хүргэе.


Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Одоо Англи улсын Лондон хотноо гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна. Би Улаанбаатар хотод төрсөн бөгөөд аравдугаар хорооллын 43 дугаар дунд сургуулийг төгссөн.

-Оёдлын технологич мэргэжилтэй байсан гэсэн үү. Энэ мэргэжлээ хаана эзэмшсэн юм бэ?

-Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцсаа хийж, оёж өмсдөг байсан шүү дээ. Тиймээс том эгч маань дүү нартаа хувцас оёж өгдөг байлаа. Би магадгүй тэр үеэс л хувцас оёх сонирхолтой болсон гэж боддог. Би найман жилийн дунд сургуулиа төгсөөд, Киргиз улсын Бишкек хотын Оёдлын ТМС-ийн эмэгтэй хувцасны ангийг гурван жил суралцаж төгссөн,

Оёдлын сургуулиа 1992 онд төгсч ирсний дараа Шилмэл загварын Ордонд оёдолчноор ажиллаж, ажлынхаа гарааг эхлүүлсэн. Сүүлд Английн Лондон хотод “University of Art London college of fashion” сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн юм.

-Та Англи улсад зохион бүтээгч мэргэжлээр суралцсан гэлээ. Анх Англи улсыг зорих болсон тухайгаа яривал?

-Би 1998 онд анх англи хэл сурахаар Лондон хотод хэлний бэлтгэлд ирж байсан. Хэлний бэлтгэлээ дуусгаад хэсэг ажил хийж, мөнгөө цуглуулаад 2007 онд Лондон хотод “University of Art London college of fashion” сургуульд элсэн орж загвар зохион бүтээгчээр төгссөн. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Би одоо Лондонд 22 жил амьдарч байна.

-Загварын томоохон ямар шоунуудад оролцож байв?

-Би Лондонд сургуулиа төгсөөд, загварын томоохон брэндийн агентлагуудад цагийн ажил хийдэг байсан. Тухайн үедээ одоо ажиллаж байгаа “Stella McCartney” брэндэд цагийн ажилтнаар ажилладаг болсон юм. Дараагаар нь ажлаасаа үндсэн ажилтан болох санал хүлээн авсан. Уг брэнд нь Их Британи төдийгүй Америкийн нэртэй алдартнууд ирж, хувцас хийлгэдэг. Бид Лондон болон Францад зохион байгуулдаг загварын шоунд багаараа явж ажилладаг.

-Таны урласан даашинзаар Холливудын алдарт жүжигчин Оливиа Колман гангарсан гэж дуулсан. Та өөр ямар алдартнуудын хувцсыг урлаж байсан бол?

-Хамгийн анх алдарт жүжигчин Жони Деппийн хуучин эхнэрийн хуримын даашинзыг оёж байсан. Тэр цагаас хойш Америкийн телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри, жүжигчин Эмма Уотсон, жүжигчин Жорж Клунийн гэргий Амаль Клуни, дуучин Кэти Пэрри, жүжигчин Лаура Дарн, Деми Мур, Британийн топ модель Кэйт Мосс, нэрт жүжигчин Жүди Комер, дуучин Эд шэраны эхнэрийн хуримын даашинз,  “Vogue” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Анна Витор нарын даашинз, хослолыг оёсон.

Мөн Монголын алдартай жүжигчин Ганаа Баярсайхан буюу Б.Ганчимэг маань өнгөрсөн 2019 онд миний өөрийн брэндийн загварын хувцсыг өмсч, Лондонгийн кино үдэшлэгт оролцож байсан. Анх Ганаатай шинэ жилийн баярын үеэр танилцаж байсан юм.

-Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?

-Мэдээж эх орон, элгэн саднаа маш их санадаг. Анх Англи улсад ирээд ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэж боддог байсан. Мэдээж эх орондоо очих бодол байлгүй яахав. Гэхдээ гэр бүл минь энд байна. Монголынхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?    

-Миний хань Англи хүн. Би гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй.

 -Өөрийн үүсгэн байгуулсан “Энка Кочиа” брэндийнхээ талаар танилцуулаач?

-Би өөрийн “Enka Couture” хэмээх хувцасны брэндээ гаргаад, гурван сар болж байна. Энэ брэндээ монголд төдийгүй дэлхийд танигдсан брэнд болгон хөгжүүлэх мөрөөдөлтэй байна. Цаашдаа өөрийн урлангаа эх орондоо нээхийг хүсдэг дээ.

Миний хийдэг ажил зүгээр л оёх дамжлагаас тэс өөр. Оёдлын өндөр технологиор хувцсыг оёдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дизайнерын гаргасан санаа, шийдлээр эсгүүрчин эсгэнэ. Эсгүүрийг нь бүтээл болгох эсэх нь оёдолчны ур чадвараас хамаардаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж