Трампын айдсын хана | News.MN

Трампын айдсын хана

Трампын айдсын хана

Олон улсад тархсан коронавирусийн халдвар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийн хуудас болсон цагаачлалын эсрэг хана босгох төлөвлөгөөнд завшаан болжээ. Үхлийн аюулт вирусийн тархалт АНУ-д нэмэгдэхийн хэрээр бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдал бий болж, хүмүүсийн айдас нэмэгдэж байна. Нөхцөл байдлыг Дональд Трамп ухаалгаар ашиглан, санхүүжилтээс болж царцсан хана барих ажлаа түлхүүлж “Бидэнд хэзээ хэзээнээс илүү хана хэрэгтэй байна” хэмээн жиргэжээ. Түгшүүрт автсан олон нийт ч Дональд Трампын хэрэгжүүлж эхэлсэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулан зарим ажлыг дэмжих болов. Үүнд, хилийн хяналтыг чангатгах, зарим орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох, татвар, зээлийн хүүг бууруулах зэрэг багтаж байна.

Коронавирусийн халдвар тархалтын эсрэг Дональд Трамп тодорхой зүйлсийг чиглэлээ болгон тууштай хэрэгжүүлж байна хэмээн Миссури-Канзас их сургуулийн профессор Макс Скидмор дүгнэжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Дональд Трамп хилийн дагуу хана босгох нь халдвар тархалтыг зогсоох арга зам хэмээн лоббиджээ. Тэрбээр Ардчилсан намын нээлттэй хаалганы бодлого нь америкчуудын эрүүл мэнд, амь насанд заналхийлэл болсныг Өмнөд Каролина муж улс дахь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгджээ.

Гэтэл хилийн цаана Мексикт халдварын тоо АНУ-д бүртгэгдсэнээс хамаагүй бага, дээр нь цагаач иргэд өвчин тараасан гэх нотолгоо байхгүй. Үүний зэрэгцээ АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Роберт Редфиелд Төлөөлөгчдийн танхимд хийсэн мэдэгдэлдээ хилийн дагуу хана барьснаар халдвар тархалтыг зогсоож чадахгүй гэжээ. Хил дээр хана барих нь зарлагатайгаас гадна үр дүн муутай гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. “Хил дээр хана барьсан ч хүмүүс орох арга замаа олно. Дээр нь хилийн харуулын ажилчид халдвар авах эрсдэл нэмэгдэнэ” хэмээн Охайо мужийн их сургуулийн эрхлэгч Эми Фэйрчайлд анхааруулжээ. Олон улсын зарим шинжээчид Дональд Трампыг олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөггүй хэмээн дүгнэжээ.

Дональд Трамп коронавирусийн эсрэг 8.3 тэрбум ам.долларыг төсөвлөсний олонх хувь нь вакцин үйлдвэрлэлд зарцуулагдахаар тооцоолжээ.

Дональд Трамп мусульман шашинтан голдуу олон орны эсрэг хилийн хориг тавих, хязгаарлахыг хичээх болсон. Энэ санаагаа коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд ашиглаж эхэлжээ. Өмнө нь хилийн хориг тавьсан орнуудын жагсаалтад Ираныг нэмж, Итали, Өмнөд Солонгос руу иргэдээ аялахгүй байхыг анхааруулж, Хятадад сүүлийн 14 хоногт зорьчсон гадаадын зорчигчдыг оруулахгүй болсон юм.

АНУ болон зарим орны хооронд зорчигчдын хөдөлгөөнийг зогсоосноор халдвар тархалтыг бууруулах боловч хүмүүсийн айдсыг нэмэгдүүлнэ гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн анхааруулжээ. Түүнчлэн хилийн хориг тавьж, хязгаарлалт тогтоосноор олон улсын худалдаа наймаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзжээ. Харин Трампад иргэдийн айдас ихсэх тусам тусгаарлах бодлого хэрэгжүүлэхэд нэмэр болж байна.

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа Америкийн өмнөд хил дагуу 720 гаруй урт хана босгоно гэж амлалт өгсөн. Үүнийхээ дагуу Дональд Трампын хүссэн 5.7 тэрбум ам.долларыг Конгресс гаргаж өгөхөөс татгалзсаны дараа сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх хөрөнгийг Батлан хамгаалах яам-Пентагоноос гаргуулахын тулд өнгөрөгч хоёрдугаар сард онц байдал зарласан. Өмнөд хилд онц байдал тогтоох тухай баримт бичигт Дональд Трамп өнгөрсөн 2019 оны хоёрдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Улмаар АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн долдугаар сард Батлан хамгаалах яаманд зориулж Конгрессоос олгосон төсвөөс 2.5 тэрбум ам.долларыг Америк-Мексикийн хилд хана барихад ашиглахыг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд зөвшөөрсөн. Дональд Трампт хана барихад зориулж, нийт найм орчим тэрбум ам.долларыг хуримтлуулах боломжийг олгосон аж. Энэ мөнгийг Мексиктэй залгаа хилийн 376.5 км хэсэгт хана босгох, засварлахад зарцуулах аж. Ингэснээр хууль бус цагаачдын урсгал, хар тамхи хууль бусаар хил давуулах явдлыг таслан зогсооход тус болно гэж Засгийн газар үзжээ.

АНУ-ын Дотоод хэргийн сайдын өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдээлснээр, хилийн ханын 130 гаруй км барьж дууссан. Харин 240 гаруй км-ийг нь барьж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 83.249.49.214

HAMgiin suuldee TRAMPIin zuv bolj bna shteee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж