Covid-19 вирусээс айж сандарсан хүмүүс эхлээд дэлхийн бүх маскыг худалдан аваад дуусгасан. Дараа нь гар ариутгагч дууссан бол сүүлийн үед сандарсан хүмүүсийн дараагийн "бай" нойлын цаас болоод байна.
Дэлхий даяар дэлгүүрүүдийн лангуун дээрх нойлын цаас дуусч, зарим улсад зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд АНУ, Канад зэрэг зарим улс нэг хүний авах нойлын цаасны хэмжээг хязгаарлах зохицуулалт хийж буй. Их Британийн зарим дэлгүүрт нойлын цаас ирэхгүй, харин Австралийн томхон дэлгүүрүүд зааландаа хамгаалалтын ажилтан ажиллуулж хүмүүсийг хянах болсон байна.
Мөн Австралийн сонингууд сүүлийн үед яаралтай үед нойлын цаасыг орлуулах зорилгоор найман хуудас илүү хэвлэн гаргах болжээ.
Яагаад нойлын цаас гэж. Нойлын цаас вирусээс хамгаалахгүйн дээр сүү, талх шиг нөөцлөхүйц зайлшгүй хэрэгцээт бараа биш шүү дээ. тэгтэл хүмүүс яагаад дэлхийн нойлын цаасыг цөлмөөд байгаа юм бол.
1-р шалтгаан
Хүмүүс цуу ярианаас болж хэт туйлширдаг. Гамшгийн үед хүмүүс хэрхэн сандралддаг талаар түүхэн үе шатаар судалж, “Гамшгийн үеийн сэтгэлзүй” номыг бичсэн, түүхэн гамшийн үеүүдийн нөхцөл байдлыг одооныхтой харьцуулан судалж буй сэтгэл судлаач Стивен Тайлор ийн тайлбарлав. “Нэг талаас хүмүүсийн энэ сандралыг ойлгож болох ч нөгөө талаас харвал энэ бүхэн утгагүй зүйл. Бид сандралгүйгээр өөрсдийгөө бэлдэх чадвартай. Covid-19 шинэ бөгөөд одоо хэр нь зарим нууцаа хадгалсаар буй вирус учир хүмүүс айж байна. Хүмүүс бусдын ярьж буй аюултай, маш сайн бэлтгэх хэрэгтэй гэх мэт цуу яриаг сонсоод хэт их туйлшрах хандлагатай байдаг. Хэрвээ хүмүүс дунд ямар нэг аймшигтай зүйл ирж байна, түүнээс сэргийлэхийн тулд гараа угаах шаардлагатай хэмээх яриа гарвал бүгд л юу ч бодох завдалгүй шууд гараа угаацгаана”
2-р шалтгаан
Зарим хүмүүс албаныхнаас зөв зааварчилгаа авч чадахгүй байна. Хэд хэдэн оронд том хүрээгээр хөл хорих, тусгаарлах арга хэмжээ авч байна. Харин зарим хүмүүс өөрсдийгөө тэр хотууд дахь байдалтай ижил нөхцөлд байгаа хэмээн эндүүрч нойлын цаас болон бусад ахуйн бараануудыг ихээр нөөцөлж байна хэмээн Карнеги Меллон их сургуулийн улс төр, стратегийн хүрээлэнгийн сэтгэл судлаач, профессор Барух Фищхофф хэлжээ. “Зарим газарт ард иргэдэд албаныхны өгч буй мэдээлэл дутагдалтай байна. Тухайлбал албаныхан та бүхнийг хамгаалах болно хэмээн мэдээлэхэд хүмүүс чухам яах ёстойгоо мэдэлгүй цуу ярианд итгэж шаардлагагүй зүйлс худалдан авч байна”
3-р шалтгаан
Сандрал сандралаа дагуулдаг. Дэлгүүрүүдийн бараа дуусч, хүмүүс ихээр бараа нөөцөлж буй тухай мэдээ, хоосон дэлгүүр, өөрөөсөө том хайрцаг барьсан иргэдийн зураг цахим орчинд тарж эхлэхэд түүнийг харсан хүмүүс ч гэсэн сандарч, бараа нөөцлөх хэрэгтэй хэмээн итгэж эхэлдэг хэмээн Тайлор ярив. “Хүмүүс бол нийгмийн бүтээгдэхүүн. Бид нэг нэгнээ хараад юу аюултай, юу аюулгүй тухай суралцдаг. Тиймээс хэн нэгэн сандарч, дэлгүүрээс их хэмжээний бараа нөөцлөөд эхэлбэл тэгэх ёстой юм шиг санагдах нь олон. Нойлын цаасны лангуу хоосорсныг сонсоод тухайн хүн байгаа дээр нь олж авах хэрэгтэй гэдэгт итгэнэ. Ийнхүү нэг хүний сандрал олон хүний сандрал болдог” Орчин үед цахим орчин хөгжиж, хүмүүс хаанаас ч бүх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсон нь үүнд бүр ихээр нөлөөлж байна.
4-р шалтгаан
Ихийг нөөцлөх нь байгалийн зөн совин. АНУ-ын сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгч асан, Темпл их сургуулийн профессор Фрэнк Фарлигийн хэлснээр хүмүүсийн энэхүү сандралд бодитой шалтгаан олон бий гэнэ. ДЭМБ болон өөр олон олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хүмүүст гэртээ байж, бусадтай, ялангуяа олон хүнтэй харьцахгүй байхыг зөвлөж байгаа нь хүмүүсийн өөрсдийгөө бэлдэх байгалийн зөн совинг гарцаагүй өдөөж байна. Шинэ вирус хүмүүсийн амьд гарах сэтгэлзүйг өдөөж байна. Ийнхүү хүмүүс гэртээ аль чадахаараа удаан амьдрах, үүний тулд хэрэгцээт бараагаа нөөцлөх үйлдлийг зөн совингоороо хийж байна. Хэрэгцээт бараа гэдэгт нойлын цаас орж буйг зарим хүн гайхаж байгаа ч хэрвээ нойлын цаас дуусвал юугаар орлуулах юм бэ. Хүмүүс тэртэй тэргүй нойлын цаасанд мөнгө зарах л болно. Гол ялгаа нь нэг дор уу, эсвэл бага багаар уу гэдэгт бий. Удалгүй мууддаг барааны хажууд нойлын цаас бол нөөцлүүштэй бараа АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд хүмүүсийг хэрэгцээт бараагаа нөөцөлж, дор хаяж хоёр долоо хоног өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөсөн ч хүмүүс хэт туйлширч, хэт их хэмжээгээр бараа нөөцлөх болжээ.
5-р шалтгаан
Нийтийн сандрал нь хүмүүс өөрсдийгөө хянах чадваргүй болгож байна. Бараа нөөцөлж буй хүмүүс өөрөөсөө гадна гэр бүлийнхнээ бодож, тэдэнд юу хэрэг болохыг тооцоолдог. Хэний ч нойлын цаас удахгүй дуусах гэж байж болно шүү дээ. “Энэ бүх сандрал хүмүүсийн айдсаас үүдэлтэй. Хүмүүс өвчний халдвараас айсандаа тийм их нойлын цаасыг юунд хэрэглэхээ бодолцохгүйгээр нөөцөлж байна. найдваргүй болсон үед нойлын цаас ямар хэрэгтэйг бодох ч үгүйгээр ийнхүү зөвхөн айдастаа хөтлөгдөн нөөцөлж буй нь хүмүүсийн хэрхэн аргаа барж байгааг харуулж байна”
ЭХ СУРВАЛЖ: CNN.COM