Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд

Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд

Хятадын Ухань хотод шинэ коронавирус дэгдсэнийг албан ёсоор анх зарласнаас хойш Монгол Улсад тархаахгүйн тулд хүүхнүүд голдуу эрүүл мэндийн салбарынхан галын шугаман дээр ажиллаад хоёр сар болж буй. Шинэ коронавирус туссан тохиолдолд тэд  эмчилж, эдгээнэ гэж  амалж, тайвшруулж  сууна.

 Шинэ коронавирусийг аль болох эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багатай давах нь дэлхийн бүх  орны толгойны өвчин болжээ. Иргэдээ халдвараас, эдийн засгаа  хямралаас хамгаалах арга хэмжээг улс орнууд зэрэгцүүлэн хэрэгжүүлж буй.

Өмнөд Солонгос, Итали, Япон гэхэд зээлийн хүүгээ царцаах, жижиг дунд үйлдвэрлэл рүүгээ мөнгө хаях, эрэлт, нийлүүлэлтийг дэмжих болсон.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа зөнд нь хаясан гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй нь. Тэр ч бүү хэл  Сангийн сайд нь төв банкны бодлого шийдвэрийг танилцуулаад зогсож буй нь жижигхэн биш гэж үү!

Монгол Улс хаалга, үүдээ хааж, гадагшаа хийх нислэгүүдээ тодорхой хугацаагаар зогсоож, дотоодын үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаад цөөнгүй хонолоо. Энэ хэрээр эдийн засаг хямрах нь тов тодорхой, харин хэр удаан, хэр хүчтэй “өвдөх” нь гол асуудал болж.  Өвдөлтийн шокийг мэдэрсээр атлаа эмчилгээ хийхгүй удвал сэхээнд орж мэднэ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт онцгой байдлын үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө байх ёстой юм.  Жирийн үед ч хоёр их наядын алдагдалтай төсөв бол эдийн засагт өвдөлт өгнө гэсэн үг. Гээд төсөвт тодотгол хийхгүй гэж гүрийж байж болох л юм.  Гэвч, өнөөдөр бол онцгой байдлын үе.  Жижиг эдийн засагтай Монгол бүү хэл их гүрнүүд эдийн засгаа хямраачихгүйн тулд тэвдэж, сандарч байна. Тэр тусмаа дөнгөж гуравдугаар сар гарч байхад төсөв хэдийн нэг их наядын алдагдалд орсон нь өвчин хүндэрч буйн шинж тэмдэг.  Иймээс эдийн засагт яаралтай эмчилгээ  хийх Сангийн сайдын ажил хүлээлтийн байдалтай  "Төсөвт тодотгол хийхгүй" гэсээр лав сар гаруй боллоо.  Тэрбээр өнөөдөр "Арилжааны банкуудтай уулзана, ярилцана" гэсэн бөөрөнхий тайлбарыг хэвлэлийнхэнд өгнө лээ. Гэхдээ судалгаа хийж байгаа, ярилцана, уулзана гэдэг шийдвэр  биш.  Мэдээж, арилжааны банкуудын зээлийн хүүг царцаах эрх Сангийн сайдад байхгүй байж болно. Харин төсөвтөө тодотгол хийх эрх нь Сангийн сайдад бий. Засгийн газрын зарцуулалтаас өөр эдийн засгийн бүх биетүүд өвчилж байна. Хөрөнгө оруулалт, хэрэглээ, худалдаа бүгд "эвдэрсэн".

Төсөвт тодотгол хийх нь ойлгомжтой. Гол нь оройтох тусам эрсдэл нь томорно. Төсвийн тодотголоос гадна Засгийн газар, Монголбанк онц байдлын үед хэрэгжүүлэх эдийн засгийн багцаа танилцуулах шаардлагатай гэсэн үг. Бодлогын хүүг нэг хувиар бууруулснаар эдийн засгийг эмчилж чадна гэж үзэж байгаа бол том эндүүрэл.  Бодлогын хүү нэг нэгжээр буурлаа гэхэд үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болж чадахгүй. Төв банкны хувьд уламжлалт бус бодлого хэрэгжүүлэх ёстой. Уламжлалт бус мөнгөний бодлогын нэг арга хэрэгсэл нь хасах хүүгийн бодлого. Ингэснээр арилжааны банкууд мөнгөө төв банкинд хадгалуулах бус харин зээл хэлбэрээр эдийн засагт гаргаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, цаашлаад инфляцийг өдөөдөг сайн талтай.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд бодлогын хүүг бууруулахаас  гадна бодит дэмжлэг нь мөнгөн санхүүжилт нэн чухал болсон.

2020 оны төсвийг харахад аймгуудад соёлын төв, спорт цогцолбор, заал барихад 84 тэрбум, Тамгын газруудын барилгад, 15 тэрбум, Төв номын сан, драм, дуурийн театруудыг шинэчлэхэд 40 тэрбум гэх мэтчилэн төсвийн 220 тэрбум төгрөг энд тэнд шавар байшин барихад л зориулагдаж. 

Эдийн засаг таатай үед  МАН-ынхан байшингаа нураана уу, барина уу хамаагүй гэж бодоход онцгой байдлын энэ хэцүү үед байшин барих төсвөө хувийн хэвшил рүүгээ хийж, иргэдийнхээ ажил орлогыг дэмжих ёстой.  Жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэмэгдүүлж, хатуу шаардлагыг нь уян хатан болгох нь Засгийн газрын хийх ёстой ажил.  Энэ бол Ч.Хүрэлбаатарын ах, дүү нарын компанид ч хамаатай.  Хувийн хэвшил ажилгүй болбол иргэд орлогогүй болно. Иргэд орлогогүй болбол банкны зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Банкууд хямарвал аж ахуйн нэгжүүд хямарна, төсвийн орлого тасарна. Төсвийн орлого муудвал цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болно. Эдийн засгийн гинжин хямрал бодитоор нүүрлээд эхэлсэн байна, нүдээ нээцгээ эрх баригчид аа!

Товчхондоо, өнгөрсөн дөрвөн жил шиг олсон мөнгөөрөө баруун зүүнгүй барилга байшин барьж, нураагаад байх цаг одоо биш гэсэн үг.  Хуулийн сайд Ц.Нямдорж барилгын сайд болтлоо л байшин барьж болохгүй эрсдэл эдийн засагт бодитоор заналхийлж байна.

Эдийн засаг бол амьд биет. Яг хүнтэй адилхан. Харин Монголын эдийн засаг хүүхэд шиг. Өвдөх нь амархан, сэхэх нь ч амархан. Жижиг эдийн засгийн сул ба давуу тал энэ. Шинэ коронавирусийн тархалтаас хамгаалах, хязгаарлах төрийн бодлогын хүрээнд өнөөдөр 4800 компани сул зогсчээ. Энэ хэрээр  иргэдийн орлого хумигдаж, жижиг дунд үйлдвэрүүд ангалын ирмэг дээр ирчихлээ.  Тиймээс Ч.Хүрэлбаатар статистикийн хэдэн тоо хараад тайвшраад суух биш  Сангийн сайдын хувьд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төвшинд, иргэдийн төвшинд очиж сэтгэх хэрэгтэй. Компаниуд цалингаа яаж тавих вэ, иргэд яаж зээлээ төлөх вэ гэж шаналж байна. Мах, гурил граммлаж амьдардаг хүмүүс ч Монголд  олон бий.  Цаг алдах тусам эдийн засаг эргэж босоход илүү урт хугацаа шаардагдана.

Сонгууль болдгоороо болно. МАН ялсан ч, ялаагүй ч Монголын эдийн засаг үргэлжилдгээрээ үргэлжилнэ.  

Богино улс төрөө бодож суухаас илүү М.Энхсайхан, Да.Ганболд, Н.Золжаргал, С.Баярцогт нарыг урь, зөвлөгөөг нь сонс. АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж байхгүй.  МАН-ын сайд биш Монгол Улсын Сангийн сайд мөн бол төсвөө тодотгож, бизнесээ амьд авч үлдэх ажлаа хийгээч, Ч.Хүрэлбаатар аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж