Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэнийг өчигдөр /2020.03.10/ Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газарт тусгаарласан билээ. Тэгвэл Англи иргэнээс өнөөдөр шинжилгээний сорьц авч Улаанбаатар хот руу сорьцыг явуулах аж. Түүний биеийн байдал одоогоор хэвийн байна.
Дээрх иргэн Увс аймагт байх хугацаандаа хоёр супермаркет, нэг ресторан, нэг зочид буудал, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар үйлчлүүлсэн учраас нийт таван объектыг түр хааж, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн гэж албаны эх сурвалж мэдээлэв. Англи улсын иргэн байгалийн зураг авахаар Увс аймагт ирсэн нь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар орох шалтгаан болсон байна.
Аймгийн онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул иргэдийг хөдөлгөөнөө хязгаарлаж, гараа тогтмол угааж, маскаа зүүхийг анхааруулж буй. Дашрамд дурдахад, Увс аймагт өчигдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарласан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ