Төмөр замын Хойт зөрлөгт зорчсон тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Төмөр замын Хойт зөрлөгт зорчсон тэмдэглэл

Төмөр замын Хойт зөрлөгт зорчсон тэмдэглэл

Хэзээ ч юм бэ нэгэн цагт гүйгүүл мориноос "гээгдэж" хоцорсон хомоол мэт хэдэн саарал байшин Сэлэнгэ мөрний тохойд бөртийнө. Тэрхүү байшингуудын дээрээс хол, ойрын аянчдад ерөөл өргөн, арц уугиулах шиг цэнхэр утаа суунаглана. Жавар хургасан өргөн Сэлэнгийн шугуйгаас хааяа нэг бор гөрөөс боохирч, ганц нэг хэрээ, шаазгай далавчаа сүр, сар хийлгэн нисэхээс өөр аниргүй. Голын хөвөөг эмжсэн нарийн дэнж дээгүүр хослон зурайх ган харгуйгаас яг л зузаан мөс идэр есийн жаварт тэсэлгүй хага хөлдөх мэт "чад, пат" хийх дуу гарч нам гүмхэн орчныг цочооно. Тэгснээ хүчирхэг төмөр хүлгийн сүр бараантай нүргээн үе үехэн уул хадыг цуурайтуулна. Юу юугүй дэргэд хүрээд ирэх мэт тэр чимээ түрхэн зуурт сонсогдоод нам жим болно. Энэ бол Дозорный, Сүхбаатар тэр бүү хэл Наушки өртөөнөөс хөдөлсөн галт тэрэгний дуу гэдгийг Хойт зөрлөгийнхөн андахгүй. Тийм холоос сүр бадруулан чимээлсэн атлаа яг л энэ бяцхан тохойд ойртох тусам улам чимээгүй болдог нь ер бусын… Хөсөг бараа дүүрэн хурдлах галт тэрэг, хөгжлийн хурдасгуураас хоцорчихгүйн тулд хамаг чадлаараа яарсан хүмүүний амьдрал… Тэдгээрийг зүгээр л хөндлөнгөөс чимээгүйхэн ажиглах мэт дүнсийх буурал зөрлөгийг байгаль дэлхий, төмөр хүлэг, ан амьтан хүртэл гүн хүндэтгэнэ үү гэлтэй…

Энэ л нам гүм, эгэл эрхэмсгийн эзэд гэвэл чухамдаа Хойт зөрлөгийн замчин, жижүүр, холбоочин нийлсэн 10 гаруй төмөр замчин. Дүрэм ёсоор зөрлөгийн жижүүрүүд 4,8,12 цагийн ээлжээр тасралтгүй үүрэг гүйцэтгэж, замчид харин өглөө ажилдаа гарч, үдэш гэртээ цуглана. 08.00 цаг гэхэд аль хэдийнэ албан өрөөндөө хуралдан тухайн өдрийн ажлын хуваарь, ХАБЭА-тай холбоотой зааварчилгаагаа сонсоод, багаж хэрэгслээ аван замд гарцгаадаг.

Замын I ангийн I хэсгийн I тасгийн хувьд нийт 7.5 км зам, гурван сум, өртөөний хоёр замын арчлалт, тордолгоо, аюулгүй байдлыг хариуцдаг. Өвлийн улиралд дэр мод л сольдоггүй болохоос бусад үүрэгт ажлыг адилхан л тасралтгүй гүйцэтгэдэг тухайд тус бригадын мастер Б.Сандуйжав танилцууллаа. Замын дээд цогцын материал солих, нэмэх, модон ивүүр тавих, зам сумын засвар үйлчилгээ хийх, гол замын бага радиустай тахир, суман шилжүүлэг тослох, замын хажуугийн бут бургас авч үзэгдэлт сайжруулах, торон хашааны засвар хийх гээд тэд өнжин борви бохисхийхгүй ажиллана. Үдийн цайны цагаар түр амсхийгээд дахиад л ажлын талбартаа гарна. Хоёр сараас гурван жил хүртэлх хугацаанд ажиллаж байгаа эндхийн замчин залуус бүгд нэг үеийнхэн. Төмөр замчдын гэрт үнэгүй интернэт сүлжээтэй болохоор орой үдшийг залуус цахим орчинд аялан цаг үеийн мэдээ мэдээллээ авч, хөзөр тоглох зэргээр өнгөрөөнө. Хоол хийх, аяга тавгаа угаах, усаа зөөх, түлээгээ хагалах гээд тус бүртээ ар гэрийн ажлаа хуваарилан амжуулна. Тэд ажлын талбартаа ч, гэртээ ч бие биенийхээ үгийг маш сайн сонсоно. Насаар бараг чацуу ч арай өмнө нь ажилд орсон нэгнийгээ "ах" гэж хүндэтгэнэ. Ах нар нь ч дүү нараа "миний дүү" хэмээн дотночилно. Зөрлөгийнхөн цаанаа "амь нэгтэй" улс аж…

Ажлын талбарт нь ойр зуурыг хүүрнэн алхах зуур "Яавал энэ залуусыг Хойтдоо тогтоож үлдээх вэ гэдгийг л байнга бодох юм" гэх зовинолыг мастер, бригадын дарга хоёр хоёулаа л цухалзуулна билээ…

Хойт зөрлөгийн даргаар ТЗДС-ийг 2018 онд төгссөн залуу боловсон хүчин Б.Дөлгөөн томилогдоод удаагүй байгаа аж. Түүний удирдлагад жижүүр П.Мөнхцэцэг, Э.Сэргэлэн, Я.Саранцэцэг, холбооны механикч Э.Тэнгис нар ажиллаж байна. Энд зундаа ялаа шумуул ихтэй, өтгөн шугуй, өндөр уулсаар хүрээлүүлсэн нам доор газар болохоор заримдаа говийн халуунтай дүйхүйц бүгчим. Өвөлдөө Сэлэнгэ мөрнийг дагасан жавар ёстой л дөнөн үхрийн эврийг хуга хөлдөөхүйц тачигнана. Замын I тасгаас төмөр замд хамгийн олон жил ажиллаж байгаа нь бригадын дарга Ж.Нямцэрэн гэх хүдэр чийрэг эр байх. "Халуунд халдаггүй, хүйтэнд даардаггүй ёстой л Уулын төмөр шиг хүн дээ" хэмээн залуу замчид түүнээр бахархана. Хангай газар, хадан цохионд хаанчилдаг араантан шилүүсийг мориор бахардтал хөөж гүйцээд бакалан гутлын хоншоороор бодийг нь хөтөлснөөс эхлээд шаггүй "шийртэй" эр болохыг нь илтгэх домог мэт яриа замчдын дунд цөөнгүй байх юм билээ. Гэхдээ тэр өөрөө энэ талаар нэг их аархаж ярих дургүй. Ж.Нямцэрэнгийнх албан ажлынхаа хажуугаар хувийн мал аж ахуй эрхэлнэ. Арын хөвчид нь адуу идээшилж, нямбайлан барьсан хашаанд үхэр, тугал тааваараа хивнэ. Хилчид, төмөр замчид хоёроос өөр хүний мөр гардаггүй энэ хангайн өвс ногоо нь жигд. Бараг л хадлан ч авах шаардлагагүй гэмээр. Гэхдээ Ж.Нямцэрэн тэвхийтэл нуруулдсан өвснөөс саалийн үнээ, унааны морио тасралтгүй тэжээнэ. Тэрбээр, "Би 1990 онд Баянхонгор аймгийн найман жилийг төгсөөд Сэлэнгэ аймгийн II арван жилийн оройн ангид элссэн. Энд сурч байхдаа буюу 16 настайдаа төмөр замчин болсон. Эхний таван жил замчин, дараагийн зургаан жилд нь бригадын даргаар ажилласан. Энд 2000 онд ирснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй 20 жил ажиллаж, амьдарч байна даа, ах нь. Миний үед мэргэжлийн хүн ховор. Ихэвчлэн дадлагаар сурсан хүмүүс ажилладаг байв. Одоо бол замчид ч илүү мэргэшсэн. Хийж байгаа ажилд нь дүрэм журам, технологи давамгайлж байна" гэв. Түүний гэргий Д.Отгонцэцэг байсхийгээд л тогоондоо өөх халиурсан мах чанаж, өнжин ажилласан замчдаа халуун хоолоор дайлна. "Энд хүүхэд нь сургууль, цэцэрлэгт орох болоогүй залуус, эсвэл мань мэтийн нас тогтсон хүмүүс л ажиллаж амьдрахад илүү тохиромжтой. Төмөр замын дүрэм, журам хатуу шүү дээ. Эгч нь анх энд ирээд хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх гэж багагүй зүдэрсэн. Өвлийн хүйтэнд хол газар, бага, балчир хүүхэд нааш цааш зөөнө гэдэг төсөөлөх ч юм биш. Тэр үед харилцаа холбоо, унаа тэрэг байсангүй. Түүнээ дагаад хүмүүсийн сэтгэхгүй ч өнөөгийн залуусаас тэс өөр. "Ийм л байх ёстой" гэж боддог байсан юмдаг уу. Одоо гэтэл орчин цагийн залуус заримдаа гал хөсөө ч түлэхгүй. Ихэвчлэн бэлэн юм идчих гээд байгаа харагддаг. Хэдий зурагт, гар утас, интернэт байлаа ч олон нийт, хот сууринд л ойрхон байхыг боддог юмдаг уу. Манай хүү ТЗДС-ийг төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Охин маань оюутан" хэмээн хуучиллаа.

Нэгдүгээр тасгийн хариуцсан хэсэг арван тахиртай. Үүнээс найм нь бага радиустай тахир болохоор хараа хяналт, арчилгаа тордлогоо их шаардана. Хүйтний улиралд зам цасанд дарагдах, овойлт үүсэх гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой хүндрэл хэзээ ч гарахыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас замчид хэзээд бэлэн байдалд өдөр, шөнөгүй сонор сэрэмжтэй байдаг. Ээлжийн амралтаа авсан ч ажил алба нь сэтгэлд уяатай, утас нь асаалттай явдгийг ахмад бригадын дарга хүүрнэнэ билээ.

Мөнх ногоон гацуур, мөсөн дундаас уур савсуулан мэлтэлзэх хар ус, нэр нь тодорхойгүй сүр бараатай хайрхад, өндөр хадан мөргөцгүүд, цав цагаахан цасан доороос халиурах өтгөн өвс гээд хараа баясгам гоо үзэсгэлэн чухамдаа л энэ хэсэгт цогцлох аж. Ахлах замчин Б.Бат-Өлзий "Манай эндхийн зун, намар хэчнээн сайхан гэж санана. Голдоо загас жараахай элбэг. Хилийн зурвас газар болохоор ан амьтан ч их. Хөөрхий, араатан амьтан ч өөрт нь хамгийн аюулгүй газар руу тэмүүлдэг нь тэр байх. Үрэл, чацаргана, нэрс гээд бараг бүх төрлийн жимс ургана. Бид ажлын дундуур таван минутын завсарлага аваад л чацарганчилна шүү дээ. Их идэхээр ам гашуу оргидог юм. Чи зун заавал эргэж ирээрэй. Төсөөлөө ч үгүй гоё зургуудыг буулгана гэдэгт чинь итгэлтэй байна. Харин ялаа шумуулаас хамгаалах юмаа л сайн бэлдээрэй дээ. Бас л хашраана шүү" хэмээн хөгжилтэй өгүүллээ. Нээрэн л гэрэл зурагчин ч гэлтгүй энд ирсэн хүн бүрийн сэтгэл татагдахгүй байхын аргагүй юм. Тэр тусмаа их хотын дуу чимээ, стресс бухимдлаас ийм газарт ирж ангижрах нь сэтгэлийн төдийгүй биеийн алжаал тайлагдах шиг.

Б.Бат-Өлзий, Г.Гансүх, Б.Хашболд, Б.Тэмүүлэн, Б.Отгонбаяр нарын замчин залуусын хүнд алхны үзүүрт газрын хөлдүү хөрс бүү хэл ган хадаасны үзүүр ч аяндаа уярах шиг. Төө гаруй урттай, эрхий хуруунаас ч бүдүүн төмөр хадаасыг тэд ганц хоёрхон цохилтоор л хадаж орхино. Энэ бол ажилдаа гаршсан арга барил төдийгүй аагтай залуу насны эрч хүчний илрэл гэлтэй. Тэдний дэргэдээс бригадын дарга нь алхам ч холдолгүй зааварчилгаа өгнө. Нэг нь шар дарцаг барин дохиоч хийж галт тэрэгний хөдөлгөөнийг давхар хянана. Хадаас хадаж байгаа замчин бүр аюулгүй байдлаа хангах үүднээс нүдний шил зүүх дүрэмтэй. Нэг ёсондоо хөлдүү газарт хальт цохигдсон хадаас буцаж үсэрвэл замчны нүдийг хамгаалахад шил чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ хүйтэн нөхцөлд хүнд хүчир ажил хийж, хөлөрсөн замчдын шил нь өмнөхөө ч харахын үндэсгүй цантдаг аж. Идэр есийн хүйтэн ч гэлээ зогсолтгүй хөдөлж л байвал даарах нөхцөл бага. Харин халууцаж хувцсаа тайлбал, хатгаа авах, нуруу, ууцны өвчинтэй болох эрсдэл замчдад өндөр байдаг нь илэрхий харагдана.

Замчдыг өглөө гэрээсээ гарахад нь дагасан цээж цагаан, хар нохой "хэвт, суу, холд" гэх командыг түвэггүй биелүүлнэ. Хэн нэгэн нь "Шар хантаазаа өмсөөрэй. Наад нохой чинь хантаазгүй хүн рүү дайрчих гээд байдаг юм шүү. Харин хантаазтай бол огт танихгүй хүн байсан ч тоохгүй" хэмээн анхааруулав. Төмөр замын ажлын алхам бүр нарийн дэс дараалал, дүрэм журамтай. Түүнийг төмөр замчин бүр ажилд орсон эхний өдрөөсөө дадал болгож чадвал аюулгүй байдалтай холбоотой гологдол, дутагдал огт гарахгүй. Харин энэ зарчмыг Хойт зөрлөгийн нохой нь хүртэл ийнхүү сайн мэддэг аж.

Төмөр замчдыг даган ажлын талбарт нь өнжиж, толгод дамжин гүйж, дуран авиагаараа галт тэрэг "хариулсан" хоёр өдөр, нэг хоног яах ийхийн зуургүй алсарлаа. Хойт зөрлөгийн байгалийн сайханд нүд алдаж, нам гүмхэн орчинд нь сэтгэл аргамжигджээ. Үнэндээ хүмүүн бид хөгжил дэвшлийн араас хөлтэй бол гүйж, хөлгүй байсан ч мөлхөж явсаар чухам юунд дурлаж, ямар орчинд илүү тав тухтай байдгаа ч анзаарах сэхээгүй явах шиг. Уг чанартаа бид хүссэн ч, эс хүссэн ч байгалийн л нэгэн хэсэг. Хүн төрөлхтөний үүсэл хөгжил, амьд яваагийн учир шалтгаан ерөөсөө л хүрээлэн буй орчин. Тиймээс хамгийн их тайтгарлыг олох, хамгийн их тав тухтай байх үндсэн шалтгаан бол яах аргагүй онгон дагшин байгаль юм даа гэх бодрол тээсээр аяны жолоо эргүүллээ.

Хойтынхны "Зун заавал ирээрэй" гэсэн урилга сэтгэлд минь хургаастай. Товчхондоо хүн олны хөл, хөгжил дэвшлийн их нүргээнээс дайжсан миний сэтгэл энэ л буйдхан зөрлөгт хоргодож, "Гадны хүн" өдрийн од мэт харагддаг Хойт зөрлөгийн төмөр замчдад холын зочин миний эргэн очих өдөр бяцхан "хүлээлт" болон хоцрох шиг.

Товчхондоо онгон зэрлэг байгаль, огт эвдрээгүй хүмүүсийн мөс чанар Хойт зөрлөгт оршин байна. Энэ бол амар амгалангийн зөрлөг, сэтгэл бүрдийн тайтгарал… Хэрэв уншигч та Хойт зөрлөгт зочилбол сэтгүүлч миний сурвалжлагандаа багтаан илэрхийлж чадаагүй илүү олон зүйлийг мэлмийдээ харж, сэтгэлдээ тунгаах биз ээ.

Б.ДЭЛГЭРХИШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж