Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно
“Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ. Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм. Гүүрэн зам барьснаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолсон байна. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд тухайн жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд оруулахаа илэрхийлсэн байна.
Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ
Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлэх юм. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урт, гурван зогсоолтой, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Ингэснээр Баянхошуугаас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 4.9 км замыг гэхэд 16 минутад туулах бөгөөд өдөрт 22000 хүн зорчих боломжтой гэсэн тооцоо гарчээ. 60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно. 2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.
Товч мэдээ
– ХУД-т баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр болов. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна..
– Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов. Цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгон, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж байна.
– “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хасав.
– Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.
– БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая, Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая, хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
Холбоотой мэдээ