Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Эрчим хүчний яамны харьяа төрийн өмчит хуулийн этгээдүүд болон “Эрдэнэс Монгол” ХК-нд 2020 оны нэгдүгээр сард зөвлөмж хүргүүлжээ.
Тус зөвлөмжид төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад томилогдож байгаа албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, сахилга, ёс зүйн зөрчил гаргаж төрийн албанаас халагдсан, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийг төрийн өмчийн оролцоотой хууулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад томилохгүй байх тухай тусгажээ. Мөн төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, бусдад давуу байдал олгох, ашиг сонирлын зөрчилтэй шийдвэр гаргах буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахад оролцох, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх зэргээр авлига, ашиг сонирхлын зөрчлийг гаргахгүй байхад чиглэсэн ажил зохион байгуулах тухай зөвлөмж хүргүүлсэн байна.
Тус зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд төлөвлөгөө боловсруулан шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлжээ. Тухайлбал, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК нь компанийн удирдах болон эрх бүхий албан тушаалтны ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг нарийвчилж шинэчлэн боловсруулсан байна. “Эрдэнэс Монгол” ХХК нь албан хаагчдын ёс зүй, мэдлэг, боловсрол, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн, удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг эрхлэх асуудал, ажлын байрны чиг үүрэг, туршлага, ур чадварт нь нийцүүлэн нэгдсэн стандартын дагуу боловсруулахаар судалгааны ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагааг мэдэгджээ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр компанийн гүйцэтгэх захирал, салбарын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, сар бүр дүгнэн, ёс зүйн зөрчлөөр ажлаас халагдсан, авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг томилохгүй байх, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр компанийн дотоод журамд тусган “Able” программд ажилтнуудын мэдээллийн баазыг бүрдүүлэн хяналт тавин ажиллаж байгаа аж.
Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр “Увс ЦТС” ХХК “Ховд ЦТС” ХХК, “Дөргөний УЦС” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт явуулж, зарим асуудлаар холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн талаарх мэдээллийг ирүүлжээ.
Цаашид Авлигатай тэмцэх газраас зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох арга хэмжээ авах юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ