НЭМЭЛТ:
Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд,
Жилийн инфляци 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй. Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна" гэжээ.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.03.11/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар бодлогын хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх юм. Энэ талаар өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн " Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төв банкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0,5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм. Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болж болно гэж үзэж байгаа" гэж мэдэгдэж байсан юм.
Мөнгөний бодлогын хорооны хурлын талаарх мэдээллийг бид эргэн хүргэж болно.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ