Covid-19 буюу коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс урт хугацаагаар хөл хорио тогтоогоод буй энэ үед цоожтой хаалганы цаана үлдэх бяцхан үрсэд маань хамгийн “сайн найз” нь гар утас, телевизийн дэлгэц болж байгаа юм. Ийнхүү эцэг эхчүүдийн анхаарал халамж багасч, өдөр бүрийн амьдралын буруу хэв маяг дадал болгосноос бага насны хүүхдүүд дэлгэцийн донтолтонд өртөх нь ихэсчээ. Тэгвэл бага насны хүүхдийн хүмүүжил, төлөвшилд дэлгэцийн хор уршиг хэрхэн нөлөөлдөг талаар гэр бүл судлаач, сэтгэлзүйч С.Нямдаваатай ярилцлаа.
-Бага насны хүүхдийг аливааг ойлгох, хүлээж авах хандлага, онцлогийг сэтгэл зүйн талаас юу гэж авч үздэг вэ?
-Хүүхдийн аливааг хүлээж авах хандлага, онцлог нь гэр бүлийн анхдагч орчноос эхлэл нь тавигддаг. Иймдээ ч эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохыг хүсдэг. Ерөнхийдөө хүүхдээр хүн хийх, хүн болгон төлөвшүүлэх гэсэн үг. Хүүхдийг олон талаас нь дэмжин тусалж байж хүн болдог. Иймдээ ч ганцхан монгол төдийгүй дэлхий нийт хүүхдийн онцлог, түүний хүмүүжил төлөвшлийн талаар судалж байна. Дэлхий нийтэд 0-7 насыг хамгийн чухал нас гэж үздэг. Учир нь
0-3 насанд тархинд олон төрлийн эс нэгэн зэрэг задарч хөгжиж байдаг тул суурь тогтож үлдэх мэдээлэл, түүнд хандах хандлагын хүрээнд эргэн тойрныхноосоо суурь төлөвшлийг олж авч байдаг тул 12-оос доош насны хүүхэдтэй хүмүүс хүүхэдтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй гэж үздэг юм.
-Хүүхдийн суурь хүмүүжлээ олж, хадгалж үлдэх боломжтой насны үе нь хэд байдаг юм бэ?
-Бага насандаа хүмүүжлийн 70 хувийг, харин өсвөр насандаа 30 хувийг авдаг. Тиймээс бага насанд нь хүүхэддээ суурь хэрэгцээг нь хангаж өгөх, анхаарал халамж, хайр энхрийллээр дүүрэн байлгаж чадвал суурь хүмүүжил сайн тавигдаж өгнө гэсэн үг. Хэрвээ та 0-12 насанд нь хүүхэддээ бага насанд нь анхаарч чадаагүй бол өсвөр насны хүмүүжилд барьж авна гэдэг бол маш хэцүү. Учир нь өсвөр насны хүмүүжлийг эцэг эхчүүд олгодоггүй. Өсвөр насанд хүрсэн хүүхдийг чиглүүлнэ л гэж ярьдаг. Яагаад гэвэл бага насанд нь эцэг эхчүүд өгөх ёстой суурь хүмүүжлийг олгосон бол өсвөр насанд хүүхдүүд өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлдэг.
-Насанд хүрсэн хүнээс илүүтэй бага насны хүүхэд аливаад донтох, хамааралтай болох амархан байдаг. Үүнд хүүхдийн насны онцлог, сэтгэхүй талаас хэрхэн яаж нөлөөлдөг вэ?
-Америк-д “Хүүхдийг хүмүүжүүлэхэд тосгоноороо нөлөөлөх ёстой” гэсэн алдартай үг бий. Нэгдүгээрт амьдарч байгаа орчин нь хүүхдийг хүмүүжүүлдэг гэсэн утгатай. Хүүхэд төлөвших үедээ орчин тойрноосоо бүхий л харилцааг харж хүмүүждэг. Жишээ нь цагдаа хүнтэй яаж харьцаж байна, эмнэлэгт очих үед эмч өөртэй нь яаж харилцаж байна гэх мэтчилэнгээр эргэн тойрны харилцаа үүсэж буй бүхий л субьектээр дамжуулан ёс суртахуун, харилцааг сурч байдаг гэсэн үг. Хоёрдугаарт эцэг эхчүүд хүүхдийг хүмүүжүүлдэг. Гуравдугаарт телевиз, гар утас гээд дэлгэцээр дамжуулан үзэж, харж байгаа бүх зүйлүүд нь бага насны хүүхэд яаж хүртэж авч байгаагаас шалтгаалан түүнээс олон сөрөг болон эерэг ойлголтуудыг хүлээн авч байдаг. Хөгжлийн шат нь насандаа явагдана гэсэн үг. Аливааг сонирхож, түүндээ автах хандлага нь давамгайлдаг юм. Тийм ч учраас нэг сонирхсон зүйлдээ хэт автах нь түүнээс хамааралтай болоход аль ч насныхнаас илүү амархан байдаг тул эрсдэл өндөртэй байдаг.
-Бага насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт их болсон гэдгийг олон судалгаа мэдээлэл харуулдаг?
-Дэлгэцийн хамаарал нь бага насны гэлтгүй бүх насныханд байгаа зүйл. Харин сүүлийн жилүүдэд богино хугацаанд маш хурдтайгаар бүх насны түвшнийг хамарч орж ирсэн донтолт бол дэлгэцийн донтолт юм. Үүнд хамгийн эрсдэлтэй насны түвшин бол бага нас. Тэд орчин нөхцөл, ахуй байдлаасаа автоматаар суралцаж байдаг. Гэтэл тухайн хүүхэд дан ганц цахим орчин дахь бичлэг, зурагтаар үзэж байгаа дүрсээр хийсвэрээр сэтгэн боддог болчихвол бодит амьдрал дээрх зүйлсийг хийсвэрээр харах, ялгахгүй байх гэх мэтчилэнгээр сөрөг үр дагавар гардаг. Дэлхий нийтэд blue light буюу хөх туяа, түүний хор гэсэн нэршлийг гаргаж ирсэн. Хөх туяа бол хэрэглээний түвшин дэх телевиз, гар утасны дэлгэцэнд ихээр ялгарч байдаг зүйл. Энэ нь аажмаар хүүхдийн бие махбод болон сэтгэлзүйд нөлөөлөх хортой туяа юм.
-Дэлгэцэнд хэт донтох нь сэтгэл зүй болон эрүүл мэнд талаасаа ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хүүхдийг хөгжих, хамтдаа өнгөрүүлэх цагтаа дэлгэц их ширтүүлснээр хүүхдийн хөдлөх явцад нь нөлөөлж байгаа учраас автоматаар бие махбодийг нь хөшинги байдалд оруулдаг. Ингэснээр бие махбодийн хөгжилд таргалалт үүсэх, харааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, мөн залхуурал гээч зүйлийг хүүхдэд бий болгодог. Ийнхүү хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй олон төрлийн өвчин тусах магадлалтай. Мөн үзэл бодол, сэтгэн бодох үйл явцдаа нэг зүйлд төвлөрснөөс хүүхдийн оюун ухаанд нь нөлөөлж эхэлнэ. Хэл ярианы хөгжилд нь автоматаар саад болж олон зүйлээс хөгжлөөрөө хоцрох эрсдэл үүсч байна гэсэн үг. Мөн оюун ухааны үйл ажиллагаа зогсонги байдалд орсноор хүүхэд сэтгэл мэдрэлийн гаралтай эмгэг тусах магадлал өндөр болж ирдэг.
Дор хаяж 1 цаг 30 минутын хүүхдийн кино үзлээ гэж үзэхэд өөрийгөө орчноосоо хэсэг хугацаанд тусгаарлан хязгаарладаг. Энэ үедээ нэг л зүйлд анхаарлаа хэт төвлөрүүлснээс бусад зүйлсийг хүртэж авах мэдрэмж нь сул болчихож байна гэсэн үг.
Ингэснээр сэтгэл хөдлөл гээч зүйл байхгүй болдог, аливааг сонирхол, санаачлагаараа сурах бус заалгаж сурдаг гэх мэтчилэн сөрөг үр дагавар маш их.
-Хэрэглэх нөхцөл боломжийг эцэг эхчүүд өөрсдөө бий болгодог юм шиг?
-Эцэг эхчүүд тухайн дэлгэц ямар хортой, үр дагавартай гэдгийг мэдсээр байж үр хүүхэддээ хэрэглүүлээд байгаа нь харамсалтай. Нэгэн судалгаанд 7 хоногт 38 цаг дэлгэц үзэх нь аль хэдийн донтолт болчихсон байна гэж үздэг. Гэтэл хөл хорио гэлтгүй бусад үеүүдэд ч хүүхэд дэлгэцийг хичнээн цаг үзэж байгааг таашгүй. Учир нь зарим өглөө босохоос орой хүртэл зурагтын дэлгэцийн өмнө байдаг, хүүхдүүдээ эрт унтуулдаггүй гэхчлэн амьдралын буруу, замбараагүй хэв байдалд байна. Үүнд гэр бүлийн хүрээнд хяналт тавих хамгийн ойрын хүн бол эцэг эхчүүд байх ёстой атал өөрсдөө амьдралын явц дахь буруу дадал, хэв маяг, хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулснаас хүүхдээ өөрөөсөө холдуулж байгаагаа мэдэхгүй байна.
-Бага насны хүүхдийн гар утас, цахим хэрэглээг хамгийн энгийнээр зохицуулж хянах ямар арга байдаг вэ. Үүнд эцэг эхийн үүрэг оролцоог тодотговол?
-Эцэг эхчүүдийн хэрэглээг харсан хүүхэд өөртэйгээ дүйцүүлж үзэж эхэлдэг. Өөрөөр хэлвэл ээж аав үзэж байхад би яагаад болохгүй гэж бодож эхлэхийг хэлж байгаа юм. Эцэг эхчүүд түүнийг яаж хэрэглэх, ямар зориулалттай, яагаад ашиглаж байгаагаа анхнаас нь зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд амьдралын хэв маягаа өөрчилөх хэрэгтэй.Жишээлбэл ухаалаг утсыг зураг бичлэг, тоглоом тоглох боломжтой зүйл гэж ойлгуулахаасаа илүүтэй түүгээр хоорондоо холбоо барьдаг хэрэгсэл гэж ойлгуулах, мөн утас нь чиний өмч учраас түүнийг эвдэрч гэмтэхээс хамгаалах ёстой, ямар ч үед холбоо барихад ашиглах ёстой гэж эрүүл байдлаар ойлгуулж чадвал аливааг хайрлаж, хамгаалдаг гэх ойлголтыг өөртөө бий болгож байдаг.
-Хүүхдийг шийтгэлийн аргаар хүмүүжүүлэх нь үр дүнтэй арга байж чаддаг уу. Манайд хүүхдэд гар хүрэх энгийн үзэгдэл гэх ойлголттой хүмүүс олон бий?
-Шийтгэлийн аргаар хүүхдийг хүмүүжүүлэх арга бол байх ёсгүй. Хүн бол дэлхий дээр бүтээгдсэн хамгийн гайхалтай бүтээл. Оюун ухаан, мэдрэмж гээд бүхий л зүйлээрээ ойлгож, хүртэж авах боломжтой. Иймдээ хоорондоо ярилцаж, зааж, туслан дэмжих нь шийтгэлийн аргаас илүү үр дүнтэй болохыг дэлхий нийт ч хүлээн зөвшөөрч байгаа юм.
Нүүдэлчин соёлын үед гарч ирсэн уламжлалт сэтгэлгээнээс үүдэлтэй шийтгэлийн аргууд нь өнөөгийн 21-р зуунд тохирох арга хэлбэр биш юм.
-Дээр үед монголчууд уламжлалт наадгай, тоглоомоор хүүхдийг тоглуулж давхар оюун тархийг хөгжүүлж ирсэн байдаг шүү дээ. Тэгвэл одоо үед энэ тоглоом гээч нь гар утас, цахим хэрэглээ болчихсон?
-Хүүхдийн оюун тархийг гар утаснаас илүүтэй сонирхол татсан тоглоомоор хөгжүүлэх хэрэгтэй. Нэг үеээ бодоход хүүхдийн тархины үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой хийгдэж байгаа тоглоомууд их гарч байна шүү дээ. Харин түүнийг ашиглахын оронд бэлэн байгаа гар утсыг ашиглуулж байгаа нь эцэг эхчүүдийн өөрсдийн буруу арга барилтай холбоотой асуудал. Нас насанд нь тохирсон сэтгэн бодох чадвар, танин мэдэхүйг нь дэмжсэн тоглоомуудыг илүү тоглуулах хэрэгтэйг зөвлөмөөр байна.
-Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” вирусын халдвараас сэргийлэхээр хөл хорио тогтоосон энэ үед хүүхдүүд гар утсаа илүүтэй ашиглаж байгаа. Тэгвэл түүнд хараа хяналтыг хэрхэн тавих талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгнө үү?
-Дэлгэцийн хамаарлыг бага багаар багасга, хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа нэм, хамтдаа бүх зүйлийг хийж, инээд баяслыг нэмж өгснөөр донтолтыг бага дээр нь дарж авах бүрэн боломж үүсэх боломжтойг сануулмаар байна.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ