УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр санал хураалт болно. Өөрөөр хэлбэл, гурван сарын дараа ээлжит УИХ-ын сонгууль товлогдоод буй. Гэвч шинэ төрлийн коронавирусийн халдвар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн учраас хорио цээрийн дэглэмийг сунгаж, яаралтай арга хэмжээ авч эхэлсэн ийм цаг үед УИХ-ын сонгууль болох эсэх асуудал эргэлзээтэй болж эхэллээ. Хэрвээ онцгой нөхцөл байдал үүсвэл сонгуулийн үйл ажиллагааг УИХ зогсоож болно гэсэн хуулийн заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4 дээр хэрвээ онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг эрх баригчдын асуудал юм.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2019.12.24-НД БАТЛАГДСАН/:
- 9.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.
- 9.6.Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.
Яг энэ өдрүүдэд улс төрийн намуудын гишүүд 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж, намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй. Хэдийгээр нэр дэвшигчид тодрох хуулийн хугацаа болоогүй байгаа ч албан бусаар нэр дэвшигчид тодорч, тойргоо услах болсон. Үүнтэй зэрэгцээд эрх баригч МАН 2020 онд нэр дэвшүүлэхгүй байх, олон нийтэд таалагдахгүй байгаа хүмүүсийн жагсаалтыг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг, М.Билэгт нарын 10 гаруй хүний нэрс байгаа аж.
Тэгвэл энэ удаад олон нийтийн таашаалд нийцээгүйгээс бус намын рейтинг, намаа бодсон шийдвэр гаргаж, нэр дэвшихгүй намынхаа сонгуулийн удирдах хүмүүсийн нэрс ч гарч эхэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс нэр дэвшихгүйгээр сонгуулиа удирдаж оролцоно гэсэн мэдээлэл байна. Тэдний хувьд ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдсон учраас ийнхүү энэ удаад сонгуульд нэр дэвшихгүй “өнжинө” гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Намын даргын зүгээс ч ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн байр сууртай байгаагаа ч намын удирдлагын түвшинд дуулгажээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ