ОХУ-ын парламент өчигдөр орой /2020.03.10/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хуралдаж, 2024 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Ерөнхийлөгч Путиныг дахин 12 жил Орос улсыг удирдах боломжийг нээх санал хураалт явуулжээ. Путины "Нэгдмэл Орос" намаас гаргасан уг санал олонхийн дэмжлэгийг авснаар Владимир Путин 2036 он хүртэл тус улсын Засгийн эрхийг барих зам нээгдэж байгаа юм.
Сансарт ниссэн анхны эмэгтэй гэдгээрээ алдартай, эрх баригч “Нэгдмэл Орос” намын гишүүн Валентина Терешкова анх уг саналыг өргөн барьжээ. Үүний дараа маш хурдан олонхийн саналаар дэмжигдэхэд парламентын дарга Вячеслав Володин Путины өөрийнх нь саналыг сонсох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Валентина Терешкова бол Оросын ард түмний хамгийн их хайрлан хүндэтгэдэг улстөрч эмэгтэй юм.
Тун удахгүй Путин парламентын танхимд орж ирж, олонхын дэмжлэгийг авсан уг саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр хагас цаг орчим үг хэлэхдээ “Зарчмын хувьд ийм сонголт байж болно. Хэрэв Үндсэн хуулийн шүүх ийм нэмэлт өөрчлөлт оруулах нь үндсэн хуулийн зарчим болон бусад үндсэн заалттай зөрчилдөхгүй гэсэн албан ёсны дүгнэлтийг гаргасан тохиолдолд биелэх боломжтой санал” хэмээн тодотгосон байна.
Гэхдээ ирэх дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтийн санал асуулга явуулж байж эцэслэн шийдэх ажээ. Мөн Путин үг хэлэх үеэрээ Оросын ард түмнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихийг уриалсан байна.
Уг санал хураалтын дараагаар Оросын олон нийт, болон томоохон улстөрчдийн дунд санал бодлын зөрчилдөөн бий болж, бүгд өөр өөрийн өнцгөөс уг саналыг тайлбарлажээ. Путины хамгийн том шүүмжлэгч Алексей Навальны өөрийн твиттертээ “Тэр бүх насаараа Ерөнхийлөгч хэвээр үлдэх болж байх шиг байна. Сонирхолтой л юм. Юу болохыг харж л байя” хэмээн жиргэсэн байна.
Харин эрх баригч намын гишүүн Александр Хинштейн “Өнөөдрийн санал хураалт Путинд зориулагдсан санал хураалт гэж хэн хэлсэн юм бэ. Тэр 2024 онд дахин сонгогдоно гэж огт хэлээгүй. Гэхдээ ямар ч төрийн тэргүүн нийгэмд тогтвортой байдлыг хадгалах чадвартай байх ёстой” хэмээн хэлсэн байна.
Өдгөө 67 настай Владимир Путин Оросыг 20 жилийн турш удирдаж байгаа бөгөөд Иосиф Сталиныг үеэс хойш Оросын хамгийн удаан хугацаанд удирдсан хүн болоод байгаа билээ. Барууны зарим хэвлэлүүд Оросын Засгийн газар огцорсноос хэлээд өчигдрийн санал хураалт хүртэл өрнөсөн бүх үйл явдлыг Путиныг албан тушаалд нь үлдээх тун сайн найруулгатай, төлөвлөсөн зохиол байлаа гэж дүгнэжээ.
Эх сурвалж: GUARDIANь WASHINGTON POST
Холбоотой мэдээ