Дотоод томилолтын зардлыг бууруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Дотоод томилолтын зардлыг бууруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хүрээнд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зардал бууруулах хүрээнд тодорхой саналаар гишүүдээр санал хураалгалаа.

Тухайлбал, дотоод албан томилолтыг 4 тэрбумаар бууруулах санал гишүүдийн 82.5 хувийн дэмжлэг хүлээлээ.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын зочин хүлээн авах зардлыг 1 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж ирснийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжих боломжгүй санал гэлээ. Тэрээр “Гадны хүн ирэхээр төсөв байхгүй гээд сууж байх уу. Ирэх онд АСЕАМ-ын хуралтай. Хоёрдугаар сараас эхэлж зочид төлөөлөгчид ирнэ. Бидний нэр биш Монголын нэр гарна шүү” гэсэн юм. Гэхдээ энэ саналаар санал хураах болоход УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ойлгомжгүй зүйлүүд маш их байна. Байнгын хороогоор ороод дэмжигдсэн санал унаад ороод ирлээ. Заавал өнөөдөр орой ингэж сунжруулах ямар хэрэгтэй юм. Пүрэв гаригт төсвөө хэлэлцье” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Ирэх пүрэв гаригт Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна. Төсөв хэлэлцэх өдөргүй болчихоод байна. Хэдэн цаг сунгаад хуралдчихаар яачихаад байгаа юм бэ” гэсэнд МАН-ын гишүүдээс “Тэр ямар хамаа байна вэ” гэсэн тайлбар хийж байлаа. Улмаар санал хураалт үргэлжлүүлэх гэсэн боловч МАН-ын гишүүдээс зарим нь картаа сугалснаар ирц 50 хувьд хүрэхгүй болж, хурал үргэлжлүүлэх боломжгүй болсон тул чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж