Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн билээ.
Тухайн хүнтэй нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоосон байна. Тус иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг бөгөөд Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй аж. Улмаар гуравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрлажээ. Түүнээс хойш халуурах, хамар битүүрэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
ФРАНЦЫН ИРГЭН УЛААНБААТАР ХОТОД 40 ГАРУЙ ХҮНТЭЙ, ХӨДӨӨ ОРОН НУТАГТ 80 ГАРУЙ ХҮНТЭЙ УУЛЗСАН
Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээр шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Франц Улсын иргэний урьдчилсан шинжилгээний хариу өнгөрсөн шөнө эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан манай хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж байна. Францын иргэн Улаанбаатар хотод 40 гаруй хүнтэй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан гэсэн хууль хяналтын байгууллагын мэдээлэл байна. Одоо бидний хамгийн идэвхтэй хийж байгаа ажил бол Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийг олж тогтоож, тусгаарлаж, шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Одоогоор тэр хүнтэй хавьталд орсон хүмүүсээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа. Шинжилгээний хариу гарснаар гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн анхны тохиолдол Монгол хүнд халдварласан эсэх нь тодорхой болно” гэв.
Тэгвэл шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан өчигдөр /2020.03.10/ Улсын онцгой комисс хуралдан дараах шийдвэрийг гаргасан билээ.
- Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.
- Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс гуравдугаар 28-ны өдрийг дуустал зогсоолоо.
- Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ