Эвтэй, хүчтэй, тайван байж коронавирусийг ялна

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

 Эвтэй, хүчтэй, тайван байж коронавирусийг ялна

 Эвтэй, хүчтэй, тайван байж коронавирусийг ялна

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр дөнгөж өнгөрөхтэй зэрэгцээд монголчууд түгшүүр зарласан нь коронавирусээр халдварласан анхны тохиолдол Монголд бүртгэгдсэн явдал. Дэлхийн зуу гаруй оронд тархсан шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Францын иргэнээс илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тухайн иргэнийг өчигдөр /2020.03.10/ Дорноговь аймагт тусгаарласан бөгөөд давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Түүнтэй  нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоосон гэдгийг Засгийн газар мэдээлсэн билээ.

Энэ цаг үед бидний цөөхөн монголчууд  коронавирусийн  тархалтыг  эрсдэл, хохирол багатай давж  гарах талаар  нийтээрээ бодож, сэтгэж, сонор сэрэмжтэй байх нь чухал байна.

БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 2019 оны сүүлээр шинэ  коронавирусийн халдвар илэрч, дэлхийд албан ёсоор зарласан нь 2020 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр байв. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 115 улсад илэрч нэгдүгээр сараас хойш 114530 хүн тус вирусээр халдварлаж, 4028 хүн нас барсан бол 64266 хүн эдгэрчээ. Дэлхий нийтийг түгшээгээд байгаа шинэ вирус улс орнуудын удирдагчид, ялангуяа Засгийн газрууд онцгой нөхцөл байдалд хэрхэн ажилладаг, олон нийтийн хандлага ямар болох, хувь хүмүүс нь хэн бэ гэдгийг тодхон харуулж байх шиг. 

  • ОХУ-д тус вирусийн халдвар илэрсэн талаар Засгийн газрынх нь зүгээс мэдээлэхдээ ихэд тайвнаар “Энэ бол тахал биш. Халдварлах хурд өндөр ч, нас баралтын хувь доогуур. Хүмүүс дор бүрнээ хувийн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Энэ вирусээр өвчлөх нь ертөнцийн төгсгөл биш. Эмчилж эдгээж болно. Ерөөсөө айж сандрах хэрэггүй” хэмээв.
  • Монгол Улсын Засгийн газар  “Одоо засаглах цаг болсон. Хаана хорино шийтгэх арга хэмжээ рүү орно. Ингэж байж энэ хүнд нөхцөл байдлыг бид давна. Тогтоол шийдвэр захирамжуудыг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцно. Иргэн хүн иргэнийхээ үүргийг одоо л биелүүлэх ёстой. Нэг хоёр хүний эрх ашиг биш. Улс үндэстний аюулгүй байдал учраас дүрэм журмаа сахиулах ёстой” гэж мэдээлэв.

Харин бид яав. Албаныхан хэлж, ярьж, анхааруулсаар байтал өчигдөр  муу мэдээтэй зэрэгцээд худалдаачид зуд болохоор нохой зоолдгийн үлгэрээр хүнд хэцүү үед бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүй нэмэв. Иргэд  ч төрийн байгууллагынхны албан ёсны мэдээллийг ч тоохгүй, “Хүнсний захуудыг хаахгүй” гэсээр байхад шуугиан дэгдээж, гурил, будаагаа нөөцлөв. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалт, халдваргүйжүүлэх бодис, эм, хоол, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж болно. Гэхдээ нийтээрээ ингэж туйлширч, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдтөл, лангуу хоосортол дайрах нь эргээд эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй юм. Үүнээс гадна монголчууд бид мэдээлэлд хэт итгэмтгий, сүржигнүүр зантай гэдэг  нь сошиалд бичиж байгаа зүйлээс нь тод харагддаг. Энэ удаад ч үнэн төрхөө илүү тод харуулж байх шиг. Францын иргэн халдвар авсан гэх мэдээний дор харааж зүхсэн сэтгэгдлүүд дүүрэн. Уг нь Монгол хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс шүү дээ.

КОРОНАВИРУСИЙГ АЙДАС БИШ БАРИМТААР, ЦУУРХАЛ БИШ ШИНЖЛЭХ УХААНЧААР, ГАДУУРХАЛТ БИШ ЭВ НЭГДЛЭЭР ТЭМЦЭЖ, ДАВЖ ГАРНА

 

Өмнөд Солонгост Монгол Улсын иргэн короннавирусийн халдвар авсан гэх мэдээллийг сонссон солонгосчууд түүнийг буруутгаагүй. Гэтэл монголчууд бүр компанийг нь шатаана гээд бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд цацсан нь ёстой л том тэнэглэл гэлтэй.  Халдвар авсан гэгдэх  Франц Улсын иргэний зургийг цахим сүлжээнд  шейр хийн “Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комисс, Засгийн газарт  хариуцлага тооцох хэрэгтэй”, “Ерөнхийлөгчөө 14 хоног тусгаарлаж шалгаад байсан байж, хаа хамаагүй хүнийг шалгалгүй хотоор явуулсан албаныхантай л хариуцлага тооцох ёстой”, “Энэ хүнийг  үнэхээр үзэн ядаж байна шүү. Монголчуудыг дорд үзэж явдгийн тод жишээ энэ. Ер нь албаар тараасан юм биш үү” “Хаа байгаа газар нь очиж  хөнөөнө”  гэхчлэн уртаас, урт сэтгэгдлүүд хөврөх сэтгэгдлүүдийг харахад монголчууд ямар аймаар хүмүүс вэ гэсэн халаглал төрнө.

Гэтэл эцэстээ тухайн Франц Улсын иргэн нь уг асуудалтай ямар ч хамааралгүй өөр  иргэн болохыг мөн түүний аюулгүй байдалд санаа зовж буйгаа  Францын Элчин сайдын яамнаас илэрхийлсэн.

Ингээд л бид гэм, зэмгүй  нэгнийг өөр хүний өмнөөс  яллачхаж байгаа юм.  Үүнээс харахад олон хүмүүс шийдвэр гаргах түвшний хүмүүсийг буруутгаж бараг халдвар авсан хүн ямар хүн байх вэ, хөгшин, залуу, гадаад, монгол, хот, хөдөө гэдгээс нь шалтгаалан ялгаварлал, үзэн ядалт  үүсэх шинжтэй.

Коронавирусийн дэгдэлт өндөр байж болох ч хуурамч мэдээллүүд түүнээс хурдан тархаж байгааг ДЭМБ-аас мэдээлж, ерөнхий захирал Тедрос Гебрейсус “Дэлхий нийтээр аюулт өвчинтэй айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар, гадуурхалт биш эв нэгдлээр тэмцэж, давж гарна” хэмээн уриалж буй. Цахим  сүлжээ эрчээ авч буй өнөө үед аль нь үнэн, ямар нь хуурамч мэдээлэл болохыг ялгахад цаашид улам л бэрх болно. Тэгэх бүрт нийтээрээ ингэж нийгмийн сүлжээнд толгойгоо мэдүүлэн, шуурцгаасаар байх уу, та минь ээ. Өөрөөр хэлбэл, коронавирус монголчуудын боловсролын нэг түвшин, төрхийг “илчиллээ”.

Ийнхүү шинэ коронавирус монголчуудын эрүүл мэндийг, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг, салбарын сайдын ажлыг, мөн давхар Монголын нийгмийн "дархлаа"-г шалгаж байна гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх.  Өдөр тутмын дуулиан, элдэв цуурхалдаа хэдийнээ дассан Монголын нийгэмд хэн дуртай нь цахим сүлжээнд юу дуртайгаа бичиж болохгүйн том анхааруулга болов.

Тиймээс бид цахим орчноос авсан мэдээлэл бүртээ итгэлгүй, сэтгэл санаагаа тайван байлгаж, ариун цэврээ сайн сахиснаар коронавирусийг ялаад л гарна даа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж