Нийтийн тээвэр 30-35 минутын зайтай иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр 30-35 минутын зайтай иргэдэд үйлчилнэ

Нийтийн тээвэр 30-35 минутын зайтай иргэдэд үйлчилнэ

Нийтийн тээврийн хэрэгслүүд энэ сарын 16-н хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарахаар болсон. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс /2020.03.10/ эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулаад байна. Энэ талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.


-Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулах чиглэлийг өгөөд байна. Ажлын өдрүүдэд хэчнээн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах вэ?

– Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын  шийдвэрээр  нийтийн тээвэрт тодорхой хэмжээний хязгаарлалт тавилаа. Нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулж, ажлын өдрүүдэд 680 автобус /үүн дотор 382 троллейбус/, амралтын өдрүүдэд 452 автобус энэ сарын 10-16-ны 07:00 цаг хүртэл  тусгай зохицуулалтаар  үйлчилгээнд гарна. Нийтийн тээврийн хэрэгсэл энгийн өдрүүдэд нийт 95 чиглэлд 900-950 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг. Өчигдөр 95 чиглэлд 707 автобус иргэдэд үйлчиллээ.

-Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Нийтийн тээврийн хэрэгслүүд 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ хугацааг сунгасан гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Нийтийн тээврийн хэрэгслийг зогсоогоогүй, ажлын өдрүүдэд 95 чиглэлд 680 автобус 30-35 минутын зайтай үйлчилгээнд гарна. Ерөнхийдөө, энэ сарын 16-ны 07:00 цаг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийн тоог ажлын өдрүүдэд 35 хувь, амралтын өдрүүдэд 50 хувиар бууруулж байна. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах хэрэгтэй.

-Нийтийн тээврийн хэрэгслийн тоог өчигдрөөс  хязгаарласантай холбоотойгоор иргэдийн дунд хүлээлт үүссэн. Цөөн тооны автобусанд иргэд олноороо зорчих дүр зураг ажиглагдсан нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх юм биш үү?

Төрийн байгууллагууд болон хувийн аж ахуй нэгжүүдэд  аль болох онлайнаар ажиллах зохицуулалтыг хийх шийдвэр гарсантай холбоотойгоор зорчигчдын урсгал багасч байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бид аль болох хүмүүсийн гадагшаа гарах урсгалыг зогсоохоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөлж, хязгаарлалт тавьж байна.

Тиймээс иргэд онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөе. Хөл хорио тогтоосон үед нийтийн тээврийн хэрэгслээр давхардсан тоогоор 350 мянга  орчим зорчигч зорчсон гэх мэдээлэл байна. Хэдийгээр нийтийн тээврийн автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа ч өвчлөл тархах өндөр эрсдэлтэй. Тиймээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа зүүж, бээлий өмсөх, гараа тогтмол ариутгах хэрэгтэй.

-Налайх, Хонхор, Шаргаморьт, Өлзийт хороолол зэрэг хотын бүсээс алслагдсан  зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчлэх үү?

– Хот орчимд 40-50 автобус үйлчилгээнд гарч байна. Энэ чиглэлийн  автобус цагийн зайтай үйлчилгээнд гардаг байсан бол одоо хоёр цагийн зайтай иргэдэд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хот орчмын автобус  өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу зорчино.

-Нийтийн тээврийн хэрэгслийн тоог хязгаарласантай холбоотойгоор иргэдийн дунд хүлээлт үүсч, хувийн такси үйлчилгээнийхээ үнэ тарифыг 2-3 дахин нэмэх тохиолдол гарч байна. Такси үйлчилгээнд ямар хяналт тавьж байна вэ?

Такси үйлчилгээний үнэ тарифт  улсын хяналтын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Хэрэв зөрчил илэрсэн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно. Хэрэв таксины жолооч нар  үнээ нэмсэн зөрчил гаргасан бол иргэд 7004-4040 дугаарт гомдол саналаа өгч болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж