Эерэг мэдээлэл, идэвхтэй хөдөлгөөн, амралт дархлааг дэмжинэ | News.MN

Эерэг мэдээлэл, идэвхтэй хөдөлгөөн, амралт дархлааг дэмжинэ

Эерэг мэдээлэл, идэвхтэй хөдөлгөөн, амралт дархлааг дэмжинэ

Эерэг мэдээлэл, идэвхтэй хөдөлгөөн, амралт дархлааг дэмжинэ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж эрүүл мэндээ болон гэр бүлээ хамгаалах хамгийн зөв арга бол дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.

Амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгах, ариун цэврийг сахихаас гадна хүн бүр дархлаагаа дэмжих нь өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх  чухал алхам юм. Элдэв нян, халдвар, мөөгөнцөр, өвчнөөс хамгаалах хүний биеийн төрөлх чадвар болсон дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Биеийн эсэргүүцлээ сайжруулж дархлаагаа дэмжихийн тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг хүн бүр мэднэ. Мөн хангалттай унтаж амрах, цэвэр агаарт гарах, ажлын ачааллаа зохицуулж, аль болох стресст өртөхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хамгийн чухал нь, сэтгэл санаа тайван байх ёстой гэнэ.  Байнгын стресс нь дархлааны дайсан тул өөрт учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал эсийг сайжруулдаг чухал ач холбогдолтой.

 Мөн бодит эх сурвалжгүй ташаа мэдээлэлд итгэж стресст өртөх нь дархлааг сулруулдаг тул эх сурвалжтай бодит мэдээлэлд итгэж, сэтгэл санаагаа тайван байлгахыг эмч нар зөвлөж байна.

ТАВАН МИНУТ ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ СОНСОХОД ДАРХЛАА 5-6 ЦАГ ДЭМЖИГДДЭГ

Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг байна. Харин таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг аж. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг СЭМҮТ-ийн эмч нар зөвлөж байна. Сэтгэл зүйтэй холбоотой асуудал байвал 1800-2000 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болох юм.

Дархлааны систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь сэтгэл зүйн байдал байдаг тул сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл зовнилоо арилгах талаар СЭМҮТ-ийн  их эмч Ж.Гантулга дараах зөвлөгөөг өглөө.  

– Дархлааг дэмжихийн тулд сайтар унтаж амрах хэрэгтэй. Хүн хоногт тогтмол 6-8 цаг унтаж амрах шаардлагатай. Чанартай хүнс, хоол хэрэглэх, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах, холбогдох байгууллагын өгч буй заавар, зөвлөгөөг дагахыг анхаарах хэрэгтэй. Таван минутын турш эерэг зүйлс сонсч, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг .

ИЛЧ ЭНЕРГИТЭЙ ШӨЛТЭЙ ХООЛ, ЦАГААН ИДЭЭ, С ВИТАМИН ДАРХЛААГ ДЭМЖИНЭ

Агаарын бохирдол, стресс ядаргаа, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэн дархлаа сулардаг байна. Хэрэв амархан ядарч сульдах, нойргүйдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүүрлэх зэргээр шинж тэмдэг илэрвэл дархлаа суларсны дохио. Тиймээс чанартай хоол хүнс идэх, шингэн зүйл сайн уухыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжих талаар Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б.Энэрэл дараах зөвлөгөөг өгч байв.

– Хүйтний улирал гэлтгүй ямар ч улиралд хүн дархлаагаа сайн байлгахын тулд өөрт тохирдог, өөртөө хэрэгтэй аминдэм өгч чадахаар зүйл юу вэ гэдгийг мэддэг байх нь чухал.  Илч энергитэй хоол дундаа удаан шингэдэг хоол идэх ёстой. Тэр нь мах, махан бүтээгдэхүүн юм.  Халуун хоол өдөрт  гурван удаа идэх хэрэгтэй. Харин орой хоол идэхгүй байхыг зөвлөе.

Өдөр бүр сармисыг хоолондоо хэрэглэж занших нь чухал. Энэ ургамал хамгийн олон төрлийн бактери устгадаг.   Мөн шингэн зүйл сайн уух хэрэгтэй.

Аль болох халуун аарц, чацаргана, нэрс, аньс жимснүүд уухыг зөвлөе. Нэмж хэлэхэд эдгээр жимснүүдээ буцалгаж хэрэглэх нь зохисгүй, хандалж хэрэглэх нь зүйтэй. Мөн органикаар нь хэрэглэх нь үр дүнтэй. Түүнчлэн сүү, цагаан идээ хэрэглэх нь чухал.  Эдгээрээс амин дэм авч дархлаажуулалтаа сэргээж чадна. Мөн үрлэн витаминыг өдөрт 3-4 ширхгээр нь буюу нормоор нь идэх хэрэгтэй.

             ДАРХЛААГ ХАМГИЙН САЙН ДЭМЖИХ АРГА БОЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН

Хүний дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол дасгал хөдөлгөөн. Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч түүнийг дагаад дархлааны эсүүд татагдаад өсөөд явдаг. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг 50 хувиар бууруулж, дархлааг сайжруулахад үр дүнтэй. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжруулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Хөл хорио тогтоосон энэ үед цэвэр агаарт алхаж чадахгүй юмаа гэхэд гэртээ их цэвэрлэгээ хийх нь бодисын солилцоог нэмэгдүүлж, дархлааг дэмждэг.

22:00 ЦАГААС УНТАЖ АМРАХ НЬ ДАРХЛААГ ДЭМЖИНЭ

Насанд хүрсэн хүн 6-8 цаг унтаж амрахыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Нойр дутуу авах нь дархлааг сулруулж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог байна. Тиймээс хангалттай нойр авах, ажил амралтаа зохицуулах нь чухал гэдгийг эмч нар зөвлөдөг. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр орой 22:00 цагаас унтаж, өглөө  6- 8:00 цагт сэрэх нь дархлааг хамгийн сайн дэмждэг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-11 66.181.188.210

Өглөө бүр хүмүүс идэвхтэй алхалт, гүйлт хийдэг байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөө өглөө иргэдийг оруулахгүй гээд хашааны хаалгаа сандлуудаар хаагаад хэц татжээ. Энэ зөв үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж