Эмэгтэйчүүдгүй улс төр

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдгүй улс төр

Эмэгтэйчүүдгүй улс төр

“Эмэгтэй лидерүүд улс төр, бизнест олноор орж ирэх нь улсаа аварч, энэрэнгүй нийгмийг цогцлоодог” гэдэг асуудал зургаан жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хөндөгдөж, улс гүрнүүдийг эмэгтэйчүүд удирдаж эхэлсэн бол Монголд шийдвэр гаргах төвшинд эрчүүд нь ноёлсон хэвээр байна.

УИХ-аас 2011 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 2015 онд 25 хувьд хүргэх зорилт тавьсан ч хэрэгжилгүй өнөөдөртэй золгож, зарим талаараа ухралт хийжээ. Учир нь 2015 онд УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хууль, 2019 онд УИХ-аас баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоосон нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотоос 5 хувиар бууруулсан үзүүлэлт аж.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2018 онд хийсэн судалгаагаар төрийн албанд хүйсийн тэгш байдал алдагджээ. Тодруулбал, төрийн албанд 193, 557 хүн ажиллаж байгаагийн 116993 нь эмэгтэй, 76564 нь эрэгтэй. Гэхдээ улс төрийн албанд 3403 хүн алба хашиж байгаагийн 2627 нь эрэгтэй бол 776 нь эмэгтэй. Төрийн захиргаанд 19034 хүн ажиллаж байгаагийн 11352 нь эмэгтэй бол 7682 нь эрэгтэй, төрийн тусгай албанд 38083 хүн байгаагийн 9975 нь эмэгтэй, 28108 нь эрэгтэй гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ, төрийн захиргааны албанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр буюу 71.3-56.9 хувьтай гарсан нь энэ чиглэлд  төр бодлогоор эрэгтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай нь харагдаж буй бол төрийн тусгай албанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.2 хувь гарсан нь мөн энэ чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй болсныг илэрхийлж буй аж.

Мөн улс төр дэх албан тушаалын хүйсийн харьцааг авч үзвэл газар тэнгэр шиг зөрүүтэй хэвээр байна.

Засгийн газар 16 сайдтай ч нэг нь эмэгтэй бол 13 дэд сайдынх нь тав нь эмэгтэй. Аймаг, нийслэл нь 22 Засаг даргатай ч 20 нь эрэгтэй бол хоёр нь эмэгтэй Засаг дарга. Тодруулбал, Ардчилсан нам олонх болсон дүүрэг буюу Баянгол, Сүхбаатар дүүргийг эмэгтэй Засаг дарга нар удирддаг. Харин Засаг даргын орлогчоор улсын хэмжээнд 37 хүн ажиллаж байгаагийн тав нь л эмэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийг ч мөн эрэгтэй Засаг дарга нар удирдаж байна гэсэн үг.

Яам, агентлагуудад ч мөн энэ дүр зураг буух аж. Тухайлбал, төрийн албаны хамгийн дээд албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргыг эрчүүд хашиж байна.  Засгийн газар 13 яамтай, үүнээс нэг л Төрийн нарийн бичгийн дарга эмэгтэй байсан аж. Гэхдээ тэрбээр 2020 оны өмнөхөн хүсэлт гаргаж, албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Нийт 30 агентлаг байдаг ч 29-ийг нь мөн эрэгтэйчүүд удирддаг байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь бүгд эрэгтэйчүүд бол аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нараас 18 нь эрэгтэй бол дөрөв нь эмэгтэй аж.

Улс төрийн албанд  хүйсийн харьцаа ийн тэнцвэргүй байгаа нь эрх баригч нам нь нэгд, эмэгтэйчүүдийн квотыг ёс төдий хэрэгжүүлдэг, XXI зуун гарсан ч хүн амын дунд эрэгтэйчүүд нь эмэгтэйгээсээ илүү гэх уламжлалт хандлага хэвээр хадгалагдсаар байгаа нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгосон гэж судлаачид дүгнэж байна.

Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д 13 эмэгтэй байгаа нь өмнөх парламенттай харьцуулахад тооны хувьд өссөн ч дэлхийн парламент дахь эмэгтэйчүүдийн тоогоороо 193 орноос 115-д жагссан нь мөн л Монгол Улс сүүл мушгиж явааг харуулах нэг үзүүлэлт аж. Эндээс анхаарах ёстой асуудал нь шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул, эрчүүд голдуу шийдвэр гаргаж байгаа нь хүнийхээ хөгжилд анхаарсан бодлого шийдвэр дулимаг гарч, тэр хэрээр хөгжлөөр хоцрогдон, асуудал нь хуримтлагддаг болохыг өнөөдрийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, эрүүл мэндийн салбарын унасан зэргээр илэрч буй юм байна. Иймээс Монгол Улс ирээдүйд хөгжье, хүнээ бодсон бодлого шийдвэрийг хууль тогтоох дээд байгууллагаас гаргуулъя, төрийн захиргааны албан тушаалд хүйсийн тэгш байдлыг хангая гэвэл сонгогчид эмэгтэйчүүддээ илүү итгэл үзүүлдэг болох, тэр дундаа эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих, эрчүүд эмэгтэйчүүддээ итгэл үзүүлдэг болох нь хамгаас чухал байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж