Юрий Мельнерийн “Нобелийн” шагналтнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Юрий Мельнерийн “Нобелийн” шагналтнууд тодорлоо

Фото: Cornell University

Калифорни мужийн NASA-гийн байранд шинжлэх ухааны Breakthrough Prize гэх мөнгөний хувьд томоохон болох шагналыг гардуулжээ. Уг шагналыг Оросын хөрөнгө оруулагч Юрий Мельнер, Facebook-ийн эзэн Марк Цукерберг, Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин, Alibaba компанийн эзэн Жек Ма нар эхнэрүүдийнхээ хамт үүсгэн байгуулжээ. Нобелийн шагналаас ялгаатай нь Breakthrough Prize шагналыг шинжлэх ухаанд үйл ажиллагаагаа эхэлж буй хүмүүст гардуулдаг гэж The New York Times сонин бичжээ.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолд Vanity Fair сэтгүүлийн ерөнхий редактор Грейдон Картер (Graydon Carter), дуучин Фаррелл Уильямс (Pharrell Williams), Рассел Кроу, Хиллари Свонк нар оролцов.

Био анагаахын шагналыг Карл Дейссерот (Karl Deisseroth), Эдвард С. Бойден (Edward S. Boyden) нар мэдрэлийн эсийг судлах оптогенетикиийн аргыг боловсруулсныхаа төлөө авсан байна. Эсийн мембран-д тусгай сувгууд болох гэрлээр сэрэлд ордог опсинийг суулгаж өгдөг арга нь тэр юм байна. Энэ аргаар тархины механизмын ажиллагааг нарийвчлан судалж болдог гэнэ.

Нейродегенератив өвчин тухайлбал, Альцгеймерийн өвчнийг судалдаг профессор Жон Харди (John Hardy) мөн л гурван сая ам.долларын шагнал авч байна. Тэр 1980-аад оны эхээр энэ өвчнийг удамд дамжуулдаг генийг нээсэн юм.

Био шагналыг холестерин судалдаг Хелен Хоббс (Helen Hobbs) авлаа. PCSK9 генийг тэр нээсний буянаар хүний холестринийг бууруулдаг эм бүтээжээ.

Амьдралын тухай шинжлэх ухааны бас нэг шагналыг профессор Сванте Паабо (Svante Paabo) авсан байна. Тэр хүн эртний хүмүүсийн геномыг нээхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Неандертальц хүн 40 мянган жилийн өмнө мөхөхөөсөө өмнө хүнтэй хурьцалд орж байсныг тэр тогтоосон гавъяатай гэнэ.

Суурь физикээр Breakthrough Prize  шагналыг 1300 хүнээс бүрэлдсэн судалгааны таван групп авлаа. Тэд нейтриний осцилляцийг нээхэд зүтгэжээ. Тэр үзэгдлийг анх нээсэн гэх Канадын Артур Макдоналд Японы Такааки Казита хоёр энэ оны физикийн Нобель хүртсэн юм. Гэсэн ч Breakthrough Prize шагналыг бүтээгчид тэр үзэгдлийн нээлтэд олон хүн оролцсон гэж үзэв. Тэд нобельтон Такааки Казитагийн (Takaaki Kajita) удирдсан хэсэг, нобельтон Артур Макдоналдын (Arthur B. McDonald) хэсэг, Ифан Ванийн (Yifang Wang) хэсэг, Кам-Бью Люкийн (Kam-Biu Luk), мөн Ацуто Сузуки (Atsuto Suzuki), Коитиро Нишикава (Koichiro Nishikawa) нарын Японы хоёр хэсгийн ажиллагааг үнэлж байна.

Тооны  шинжлэх ухааны Breakthrough Prize шагналыг олонхын тоог судалсан Америкийн тоочин Иан Агол (Ian Agol) хүртлээ.

Энэ жилийн бүх шагналтнууд тусгай хороонд орж, ирэх жилийн шагналыг хэнд олгохыг тогтоох ёстой.

Шагнал тус бүрийг гурван сая ам.доллар доллар дагалдана. Мильнерийн сан нь энэ шагналаас гадна залуу судлаачдад зориулсан арай бага хэмжээний New Horizons in Physics Prizes, New Horizons in Mathematics Prizes шагналуудыг бас гардуулдаг. Breakthrough Junior Challenge гэх 13-18 насны хүүхдийн шагналыг нь Цукерберг явуулдаг.

Шагналын гол зорилго нь шинжлэх ухааны судалгааг алдаршуулах мөн эрдэмтдийг жинхэнэ од болгох явдал мөн гэнэ. Дүрмийн сан нь 100 сая ам.доллар болсон Breakthrough Prize шагналыг жинхэнэ судалгаанд зориулсангүй гэж шүүмжилдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж