Алдарт рок хамтлаг Лед Зеппелинийг хит дуу "Stairway to heaven"-ээ бусдаас хулгайлсан хэмээн шүүхэд өгөөд байсан билээ. Харин өчигдөр/2020.03.09/ болсон шүүх хурлын үр дүнд тус дуу хулгайн дуу биш болохыг баталжээ.
Өчигдөр болсон шүүх хурлаар Лед Зеппелин хамтлагийн дуучин Роберт Плант, гитарчин Жимми Пэйж нар 1971 оны рок хит "Stairway to heaven" дуугаа бүтээхдээ дөрвөн жилийн өмнө бүтээгдсэн Спирит хамтлагийн гитарчин Рэнди Волфений "Taurus" дууг хулгайлсан гэх хэргийг авч хэлэлцжээ.
Таурус дууг бүтээсэн гитарчин Волфе 1997 онд нас барсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Майкл Скидмор дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Түүний хуульч Францис Малофи "Шүүгч буруу бодож байна. Энэ бол уран бүтээлчдийн хувьд маш том гарз хохирол. Зохиогчийн эрхийг хамгаалах хууль биднийг хамгаалах ёстой" хэмээн мэдэгджээ.
Харин Лед Зеппелин хамтлагийн хуульчид хариу өгсөнгүй.
Скидморын хувьд тус хоёр дуу тун төстэй аялгуутай бөгөөд хоёр хамтлаг хамтран аялан тоглолт хийсний дараа Пэйж Таурус дууг сонсч байгаад өөрийнхөө хувилбарыг бичсэн хэмээн таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: yahoo.com