Чуулганыг цаг сунган хуралдуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Чуулганыг цаг сунган хуралдуулж байна

Дотоод томилолтын зардлыг бууруулахыг дэмжлээ

20.00 цаг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хүрээнд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зардал бууруулах хүрээнд тодорхой саналаар гишүүдээр санал хураалгалаа.

Тухайлбал, дотоод албан томилолтыг 4 тэрбумаар бууруулах санал гишүүдийн 82.5 хувийн дэмжлэг хүлээлээ.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын зочин хүлээн авах зардлыг 1 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж ирснийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжих боломжгүй санал гэлээ. Тэрээр “Гадны хүн ирэхээр төсөв байхгүй гээд сууж байх уу. Ирэх онд АСЕАМ-ын хуралтай. Хоёрдугаар сараас эхэлж зочид төлөөлөгчид ирнэ. Бидний нэр биш Монголын нэр гарна шүү” гэсэн юм. Гэхдээ энэ саналаар санал хураах болоход УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ойлгомжгүй зүйлүүд маш их байна. Байнгын хороогоор ороод дэмжигдсэн санал унаад ороод ирлээ. Заавал өнөөдөр орой ингэж сунжруулах ямар хэрэгтэй юм. Пүрэв гаригт төсвөө хэлэлцье” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Ирэх пүрэв гаригт Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна. Төсөв хэлэлцэх өдөргүй болчихоод байна. Хэдэн цаг сунгаад хуралдчихаар яачихаад байгаа юм бэ” гэсэнд МАН-ын гишүүдээс “Тэр ямар хамаа байна вэ” гэсэн тайлбар хийж байлаа. Улмаар санал хураалт үргэлжлүүлэх гэсэн боловч МАН-ын гишүүдээс зарим нь картаа сугалснаар ирц 50 хувьд хүрэхгүй болж, хурал үргэлжлүүлэх боломжгүй болсон тул чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.


Чуулганыг цаг сунган хуралдуулж байна

18.20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.00 цагт өндөрлөх ёстой ч цаг сунган хуралдаж байна.

Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ 30 гаруй хуулийн төслийг дагалдан мэдүүлсэн. Үүнд бүтцийн өөрчлөлттэй холбоотой хуулиуд багтаж буй.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт : Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ 9 яамтай болъё, олон агентлагаа нэгтгэе гэсэн. УИХ-аар төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 10 хуулийн төслийг буцаах, Засгийн газар 6 төслөө татан авчээ. Энэ тохиолдолд үрэлгэн зардлаа бууруулах бодлого хэр өөрчлөгдөж байна вэ.

Хоёрт, Төрийн банкийг, Хөрөнгийг биржийг хувьчилъя, нэлээн олон санг татан буулгая гэсэн ч санг буулгах бодлого нь буцаж… Д.Дэмбэрэл гишүүн бид Төрийн банкны хувьчлалаа болиод сангуудаа нэгтгэе. Энэ хүрээндээ Төрийн банкинд бүтцийн өөрчлөлт хийгээд жижиг, дунд үйлдвэрлэл, тариалан эрхлэлт зэргээ дэмжих хүрээнд зээл олгох байдлаар бодлогоо хэрэгжүүлдэг болбол ямар вэ гэсэн санал гарсан ч орж ирсэнгүй. Гуравт, төрийн албан хаагчдын тоо 180 мянгад хүрснээр цалингийн зардал 1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Төсвийн дагалдах хуулиудыг баталснаар зардал хэдээр буурч, хэмнэлт гарах вэ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан: Засгийн газар бүтцийн өөрчлөлт болоод төрийн захиргааны байгууллагыг нэгтгэх саналаа татаж авсан. Агентлагуудын хувьд Гааль, Татвар, Улсын бүртгэл, Статистикийн хороо тус бүр нэгдэхээр болж, байна.

Төсвийн бодлого нэлээд өөрчлөгдсөн. Шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг 0 шахам болгосон, бүгдийг хассан. Цалингийн зардлыг хэмнэхгүй гэж шийдсэн. Хувьчлал хийх санал анх өргөн баригдсан хэлбэрээрээ байгаа. Аудитын газар хувьчлалаас олох орлого эрсдэлтэй байна гэсэн санал оруулж ирсэн. Гэхдээ энэ санал дэмжигдээгүй. Яагаад гэвэл Төсвийн байнгын хороон дээр нам, эвслийн бүлгүүдээс гарсан саналыг төсөвт тусгах ямар боломж байна гэдгээр хязгаарлагдсан учраас.

Сангийн сайд Б.Болор: Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг УИХ-д оруулж ирэхдээ төсөвт бодлогын шинэчлэл хийх 2017 оноос эхлэн төсөв алдагдалгүй батлагдах төсөв өргөн барьсан. Сонгуулийн жилд оруулж ирдэг төсөвтэй харьцуулахад өөр. Бүтцийн санал оруулж ирэхдээ 9 яамтай ажиллахаар оруулж ирсэн. Гэвч УИХ-ын төвшинд маргаан үүссэн учраас Засгийн газар бүтцийн хуулиа татаж авсан.

Бүртгэлийн газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэхэд гишүүдээс эсэргүүцэл гараагүй. Ихэнх гишүүн Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо хоёрыг УИХ-ын харьяанд ажиллах ёстой гэж үзсэн. Ашигт малтмал, Газрын тосны газрыг нийлүүлж ажиллах санал ажлын хэсэг дээр өөрчлөгдөөд санал хураахаар орж ирсэн гэсэн хариулт өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 


“Д.Ганхуягийн өрөөнд хөрөнгө оруулалтыг шийдэж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: УИХ ирэх оны төсвийн орлогын хэмжээг Засгийн газрын өргөн барьснаас нэмээд оруулаад ирлээ. Төсөв мафийн шинжтэй боллоо. Ажлын хэсгийн төвшинд таван гишүүн санал гаргаад төсвийн орлогоо нэмдэг болчих юм бол Сангийн яамны хэрэг байх юм уу.

Монголбанк УИХ-д ирүүлсэн зөвлөмждөө төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл байна, үүнийг анхаараач ээ гэсэн. Орлого ингэж хөөстэй батлагдсаны хариуцлагыг УИХ хүлээх юм уу, энэ таван гишүүн хүлээх юм уу. Хэн дуртай нь төсөвт хөрөнгө оруулалтаа шингээж байна. Д.Ганхуяг гишүүний өрөөнд сууж хөрөнгө оруулалтыг шийдэж байна. Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг хүмүүсийн ажлыг энэ хүн хийгээд шийдээд сууж байна. Д.Ганхуяг гишүүн ээ, та тийм супер болчихсон юм уу.  

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 2016 оны төсвийн зарлага 130 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Дарга нарын цалинг хасъя гэсэн үгүй гэсэн, бүтцийн өөрчлөлт хийхийг үгүй гэсэн. Үүнээс шалтгаалж зардал өссөн.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж