ЭМС-ын сайдыг АН авах уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

ЭМС-ын сайдыг АН авах уу?

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг их хэмжээний авилга авсан хэргээр Авилгатай тэмцэх газраас(АТГ) энэ сарын 04-нд баривчилсан. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилох шийдвэрийг гаргасан. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаягласан нэгэн албан бичгийг Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа илгээжээ. Түүний захидалд өнгөрсөн гурван жилд эрүүл мэндийн салбарыг МАХН-д хоёр удаа өгснийг дурдаад энэ хугацаанд ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна. Тиймээс эрх баригч намын хувьд Эрүүл мэнд, спортын сайдыг АН өөрийн хүнээр томилж алдаа, завхралыг арилгахыг хүсчээ.

Нэгэнт Г.Шийлэгдамба “Өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу” гэсэн учраас хэрэг шийдэгдэхийг хүлээн шаардлагагүй болсон юм. Тиймээс ч дараагийн сайд хэн байх вэ гэсэн асуудлыг ярина. Харин УИХ-ын даргын зөвлөхийн явуулсан захиа, энэ салбарыг толгойлж байсан хүний холбогдсон хэрэг зэргээс үүдэн өмнөх тохиролцооны дагуу МАХН-аас Эрүүл мэнд, спортын сайдыг санал болгох уу эсвэл АН өөрийн хүнээ томилох уу гэдэг эргэлзээ төрөх болжээ. Дээр нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргыг ч шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Нэгдсэн эмнэлгүүдийн дарга нарын жил дамнасан халаа, сэлгээ үргэлжилж, эмчилгээ үйлчилгээ дордсон, дээр нь сайд нь авилгын хэрэгт холбогдох гээд энэ бүх шалтгаанаас үүдэн Ардчилсан нам Эрүүл мэнд, спортын яамаа өөрсдөө авахаар шийдсэний нэг илрэл нь энэхүү захиа болж байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн хүсэлтийг хүлээн авч АН-аас энэ салбарын сайд томилогдож магадгүй нөхцөл байдал үүсчээ.

УИХ дарга, Ерөнхий сайд нар энэ асуудлыг удахгүй нэг тийш шийдэх бололтой.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж