Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн нэрэмжит өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн нэрэмжит өдрүүд болно

“Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Чингис хааны говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” “Уйлж дуулах хорвоо” зэрэг олон сайхан дууны аялгууг бичсэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны 60 насны ойд зориулан түүний уран бүтээлүүд энэ долоо хоногт цувралаар тоглогдохоор болсныг өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 12-14-ний өдрүүдэд тоглолтууд болох юм байна. “Чинжигийн сонгодог аялгуу” тоглолт 12-нд, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” тоглолт 13-нд, “Дууны хорвоо” уран бүтээлийн цэнгүүн 14-ний өдөр тоглогдох аж. Тус тоглолтод дуулагдах дуунуудыг хамгийн анх дуулж олны хүртээл болгосон дуучид, уран бүтээлчид үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Уйлж дуулах хорвоо” нэртэй ном болон хос цомгийг гаргажээ. Номонд түүний зохиосон 60 шилдэг уран бүтээлүүд орж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлч төдийгүй, хөгжим сонирхдог бүх хүмүүст зориулан гаргасан хэмээн онцолсон юм.

“Чинжигийн сонгодог аялгуу” тоглолтод энэ үеийн нэртэй уран бүтээлчид, хөгжимчид оролцохоос гадна түүний хоёр охин аавынхаа хөгжмийн бүтээлүүдээс тоглох аж. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн уран бүтээл, хөгжмийн зохиолуудаар нь энэ сарын 9-ний өдөр эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгуулсныг дуулгасан юм.

Ж.ХАТАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж