Posted by News.mn on Tuesday, March 10, 2020
Улсын онцгой комиссын 11 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Хурлаас гарсан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдөр 10:00 цагаас Засгийн газрын хуралдаан болж, тодорхой чиглэлүүдийг гаргасан. 14:00 цагаас УОК хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Юуны түрүүнд коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хавьталд орсон иргэдийг яаралтай олж тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах шийдвэр гарсан. Энэ ажлын явцтай танилцлаа. Хоёрдугаарт, өглөөний хуралдаанаар Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ныг хүртэл зогсоож байгаа талаар мэдээлсэн. Мөн олон улсын нислэг, төмөр зам болон авто замаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоох тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ асуудлуудаар УОК-ын гишүүд товч мэдээлэл хийнэ.
ЭМ-ИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: ЖИРЭМСЭН БОЛОН ГУРВААС ДЭЭШ 0-12 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ГУРАВДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО
Францын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад ирж, 6-ныг хүртэл Улаанбаатар хотод байж байгаад Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу машинаар очсон. Ингээд 7-ны өдрөөс халуурч эхэлсэн. Улмаар урьдчилсан шинжилгээний хариу өнгөрсөн шөнө эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан манай хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж байна. Францын иргэн Улаанбаатар хотод 40 гаруй хүнтэй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан гэсэн хууль хяналтын байгууллагын мэдээлэл байна. Одоо бидний хамгийн идэвхтэй хийж байгаа ажил бол Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийг олж тогтоож, тусгаарлаж, шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Одоогоор тэр хүнтэй хавьталд орсон хүмүүсээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа. Шинжилгээний хариу гарснаар гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн анхны тохиолдол Монгол хүнд халдварласан эсэх нь тодорхой болно.
ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг хоёр машинтай тоног, төхөөрөмжтэй үүрээр 04:00 цагаас Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу явсан. Франц хүний тусгаарлагдаж байгаа кемп дотроо тав тухтай гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Хүчилтөрөгчийн аппараттай юм билээ. Халдвартай хүн гурван өдөр халуурсан биеийн байдал тийм ч тогтвортой бус байгаа.
Энд нэг шинэ шийдвэр гарсныг мэдээлье. Өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх улмаар гэр бүлд тархахаас хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан жирэмсэн болон гурваас дээш 0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах эсвэл цалинтай чөлөө олгохоор болсон.
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН: ЯПОН, СОЛОНГОСТ БАЙГАА ӨНДӨР НАСТАН, БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮС, ЭМЧИЛГЭЭТЭЙ БАЙСАН МӨН ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙГ АВЧИРНА
Монголд коронавирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тархалтыг тогтоон барих чиглэлээр хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авсан. Өнөөдөр өглөө 06:00 цагт гарсан шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон. Өглөөний 06:00 цагийн байдлаар АТҮТ-өөс авсан мэдээллээр орон нутаг руу 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч явж байсан. Орон нутгаас нийслэл рүү 21 тээврийн хэрэгслээр 522 зорчигч замд гарсан байсан. Тэдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлж, очих газарт нь оруулах зөвшөөрлийг өгсөн. Яагаад гэвэл тушаал гарахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэгэнт эхэлсэн байсан учраас дээрх шийдвэрийг гаргасан. Харин үүнээс хойш аймаг орон нутаг, нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сая болсон хуралдаанаар шийдсэн асуудлыг танилцуулъя. Монгол Улс, ОХУ-ын авто замын боомтуудаар ОХУ руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын болон харьяалалгүй иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-31-ний өдөр хүртэл түр зогсооно. Нэг ёсондоо Монгол руу ирэхгүй бас Орос руу эндээс гарахгүй гэсэн үг. Энэ хугацаанд ОХУ-аас эх орондоо ирэхийг хүссэн Монголын иргэдийг, манайхаас ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гадаадын иргэдийг зохион байгуулалттайгаар тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлнэ.
Монгол Улс болон ОХУ-ын төмөр замын ажилчдыг тусгай журмаар улсын хилээр зохих журмын дагуу нэвтрүүлнэ. Ачаа тээвэр явна гэсэн үг. Зорчигч тээврийн галт тэрэг явахгүй. Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг мөн орон нутгийн бүх чиглэлийн галт тэргийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Үүнтэй холбогдуулаад гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатараас хөдлөх Эрхүү чиглэлийн 306 дугаар галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ.
Монгол Улс болон Турк, Казахстан улсын хоорон дахь хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 11-ны өдрийн 12 цагаас 28-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь 28-ны өдөр өвлийн хуваарьт нислэгээс зуны хуваарьт шилждэг. Одоо замд явж байгаа иргэд өглөө 06 цагт Буянт-Ухаад бууна.
Монгол, Оросын хилийн авто замын боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-ны өдрийн 20 цагаас гуравдугаар сарын 31-ныг дуустал зогсооно. Турк, ОХУ-аас дамжин ирэх иргэдээ МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж авна. Мөн Япон, Солонгост байгаа өндөр настан, бага насны хүүхэдтэй хүмүүс, эмчилгээтэй байсан мөн жирэмсэн эхчүүдийг эхний ээлжид авчирна.
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН: ХҮНСНИЙ ГОЛ ХАНГАМЖИЙН 3-4 САРЫН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖ ЧАДСАН
Бий болсон нөхцөл байдалд балмагдаж буруу алхам хийвэл зохиомол хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд хаагдахгүй, хэвийн ажиллана. Мөн импортоор авах болон орон нутгаас зайлшгүй хийгдэх хүнсний тээвэрлэлт ямар ч хориг саад гарахгүй. Сүү тээвэрлэхээс эхлээд графикийн дагуу хийдэг ажлыг саадгүй хийнэ. Хүнсний бүтээгдэхүүний гэнэтийн их хэмжээний худалдан авалт хийх нь хангамжийн тогтвортой байдлыг алдагдуулах улмаар зохиомол хомсдол үүсгэх, үнэ хөөрөгдөх эрсдэлийг дагуулдаг. Хэрэглэгчид ийм эрсдэл гаргахгүй байх талаар онцгой анхаараач ээ гэж хэлмээр байна. Засгийн газар, ХХААХҮ-ийн яам 8 нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч байна. Хүнсний гол хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлж чадсан. Цаашид улирлын хэрэгцээг хангахуйц хүнсний нөөцийг бий болгох чиглэл бариад ажиллаж байна. Бий болсон амаргүй нөхцөл байдлын үед зохиомлоор хүндрэл үүсгэх, үнэ ханш хөөрөгдөх, ард иргэдийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг бүх шатандаа анхаарах хэрэгтэй байна. ХХААХҮЯ-д 109 малчин лавлах ажиллаж байгаа. Энэ лавлахаар дамжуулж зохиомол хөөргөдөл үүсгэж, үнэ өсгөж байгаа мэдээллийг хүлээж авна.
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ ХЭВИЙН БАЙГАА
Импортоор орж ирж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байгаа. Ард иргэдийг зохиомол худалдан авалт руу турхирч байгаа хүчин зүйл байна. Ийм мэдээлэл гаргаж, турхирч байгаа хүмүүсийг Цагдаа, тагнуулынхан олж, хариуцлага тооцох ёстой. Иргэд худал мэдээлэлд автаж болохгүй. Шатахууны хангамж хэвийн байгаа.
Цаашлаад шатахууны үнэ буурна. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд баррель нь 32-36 ам.доллар болж, буурсан байгаа. Тиймээс буруу зөрүү мэдээлэлд битгий автаарай.
Нэмж тодотгоход, ХӨСҮТ-д KFC-гийн нэг ч ажилтан халуурсан бүлээрсэн гэдэг шинжтэйгээр очоогүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тодотголоо.
Онгоцонд урд, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигчдыг нэгдүгээр хавьтал гэж үздэг юм байна. Тэр дагуу Франц иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийн олж тогтоон, шинжилгээ авч, тусгаарлажээ.
Мөн гуравдугаар сарын 30-ныг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон хувийн бүх байгууллагад Улсын онцгой комиссоос үүрэг болгожээ.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байна. Тухайлбал, олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын тээврийн урсгалыг хязгаарлаж магадгүй гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тодотгосон билээ.
Улсын онцгой комисс өнөө өглөө 06.00 цагт хуралдсан бөгөөд дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар хуралдсанаар дахин Улсын онцгой комисс хуралдаж байгаа юм.
Өнөөдөр 07.00 цагаас эхлэн Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх Даваа гаригийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ.
Холбоотой мэдээ