Коронавирусийн халдварын анхны тохиолдолд Монголд бүртгэгдсэн, Францаас ирсэн иргэн халдвартай болох нь тогтоогдсон гэх мэдээлэл хар өглөөгүүр цацагдаж, сандарсан иргэд шуудай гурил, ариун цэврийн цаас, ногоо, цагаа, будаа, гоймон, ургамлын тос, элсэн чихэр гээд хүнсний бүтээгдэхүүн бөөн, бөөнөөр нь худалдан авч, нам жим байсан дэлгүүрүүд хөл хөдөлгөөнд дарагджээ. "Тусгаар тогтнол"-ын ордонд байрлах “Оргил” худалдааны төвөөр өнөөдөр/2020.03.10/ 10.00 цагийн үед ороход нэлээд ачаалалтай ажиллаж байлаа. "Чингис зочид" буудлын дэргэдэх “E-mart” худалдааны төвд очвол хүнсний тасаг нь үйлчлүүлэгч мөн л олонтой, хүнсний хэрэглээгээ худалдан авч байв.
“Онцгой нөхцөл байдлын энэ үед ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу И-март хайпермаркетын салбар дэлгүүрүүд болон И-мартын онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай худалдааны төвийн хувьд бараа бүтээгдэхүүний нөөц хэвийн байна” гэж тус дэлгүүрийн ажилтан хэлэв.
“ГЭР БҮЛЭЭРЭЭ АЛЬ БОЛОХ ГАДУУР ГАРАХГҮЙ”
“Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг өнөө өглөө авлаа. Гэр бүлээрээ аль болох гадуур гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байцгааж байна. Манай ажил дээр бас хөл хорио тогтоосон учраас одоо ойр зуурын хүнсээ бэлтгээд харих гэж явна” гэж худалдан авагч Ч.Баасанжав ярилаа.
“ҮНЭ ХАНШИЙГ НЬ Ч АНЗААРАЛГҮЙ ХҮНСЭЭ АВЧ БАЙНА”
Иргэн С.Алтанхуяг “Ямар ч байсан Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гараа тогтмол угааж байна. Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрсэн учир цаашид хөл хорио тогтоож ч магадгүй. Тиймээс их хэмжээгээр биш ч гэсэн мах, гурил, ариун цэврийн цааснаас эхлүүлээд наад захын хэрэглээний зүйлсээ худалдан авч байна. Үнэнийг хэлэхэд үнэ ханшийг нь ч анзаарч харсангүй” гэв.
“ГАРАА ТОГТМОЛ УГААЖ, ГАДУУР ГАРАХГҮЙ”
Гурил худалдан авч байсан иргэн М.Өлзий “Гараа тогтмол угааж, гадуур гарахгүй байхыг хичээж байна. Миний хувьд хүнсний гол бүтээгдэхүүн болох гурил, мах, хүнсний ногоо худалдан авч байна” гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2020.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Гадаадаас орж ирж буй хүнсний импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай, энэ шаардлага хангагдсан. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлуулж эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Гадаад руу мах экспортлохгүй байгаа. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна, ажлын хэсэг гарсан.
Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь чухал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа үүсгэх нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.
Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүй үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ