С.Эрдэнэ-Очир: Монголчууд ямагт нэгнээ дэмжиж ирсэн

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ-Очир: Монголчууд ямагт нэгнээ дэмжиж ирсэн

Футзалын 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан юм.


 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч маш их ачаалал бэлтгэл сургуулилтын хажуугаар зав гарган хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулахгүй юу ?

-Намайг Сандагдоржийн Эрдэнэ-Очир гэдэг. "Улаанбаатар Унаганууд" спорт клубын хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч. Одоогоор Монгол улсын футзалын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

-1999 оноос эхлэн зохиогдож байгаа тус тэмцээнд Монгол улс түүхэндээ 2 дахь удаагаа урьдчилсан шатны тоглолтуудыг хийх гэж байна. Таны хувьд 2011 онд футзалын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай хүн. Одоо ахлах дасгалжуулагч боллоо. Тухайн үеийн шигшээ одоогийн шигшээ багийн бүрэлдэхүүн болоод бусад зүйлийн хувьд хэр их ялгаатай харагдаж байна?

-Тухайн үеийн шигшээ баг ерөнхийдөө гадаа том талбайгаас шууд жижиг талбай руу орж ирж байлаа. Өөрөөр хэлбэл яг одоогийнх шиг футзалын сургалт энэ тэр зүйл үгүй. Мэдлэг маш багатай дайны гал руу шууд орж байлаа. Тэгвэл түүнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрч. Энэ хооронд МХБХ хэд хэдэн футзалын сургалтуудыг зохион байгууллаа. Мөн бид бүхэн өөрсдөө хэвлэл мэдээллээс бас хэрэгтэй гэсэн мэдээллээ авч байна. 2011 оны үетэй харьцуулахад бид арай илүү мэдлэгтэй болсон гэж бодож байна. Дээрээс нь футзалын лигийн тэмцээн хоёр ч удаа зохиогдлоо. Тамирчид хойд, урд хөршийн багуудтай нөхөрсөг тоглолт болон тэмцээнд оролцсон учир арай дээр байгаа гэдэгт итгэлтэй байна.

-2011 онд Монгол улс түүхэндээ анх удаа урьдчилсан шатны тэмцээнд ороод ямар амжилт гаргаж байв. Хэсэгтээ чанга багуудтай өрсөлдөж байсан болов уу?

-2011 онд зүүн Ази хоёр хэсэгт хуваагдсан. Манай баг Өмнөд Солонгос болон ХонгКонгийн багуудтай орж улмаар эхний тоглолтонд БНСУ-ын багт 5-1 харьцаатай ялагдаж байлаа. Дараагийн тоглолтоо ХонгКонгийн эсрэг хийж 3:0-ээр хожигдож байсан. Тэр үед бид футзалын мэдлэг өндөртэй, тамирчид туршлагатай байсан бол хожоод Тайвань улстай сүүлийн гурав дахь эрхийн төлөө өрсөлдөх ч боломж байсан. Харамсалтай нь дасгалжуулагч тоглогч гээд бүгд л анхных байсан учир тэмцээнээ өндөрлүүлсэндээ.

-Энэ удаагийн шигшээ багийн тамирчдыг та ямар шалгуураар сонгож авсан бэ? Мөн 2011 онд оролцож байсан тамирчид багтсан уу?

-2014-2015 оны улиралд явагдсан футзалын лигийн тэмцээний үеэр тамирчдыг түлхүү ажигласан. Бүх багуудын тоглолтыг үзсэн. Мөн том талбайн тэмцээнд тамирчдын ерөнхий техник, биеийн хөгжил зэргийг харж байж сонгосон. Сонирхогчдын багуудаас 1-р дивизоны "Арвис" багийн хагас хамгаалагч Баасандоржийг нэмж авсан байгаа.

-Хөлбөмбөг сонирхогчдын хувьд амжилтаар цангаж байгаа. Тиймдээ ч шигшээ багийн тамирчдыг яаж сонгож байгаа нь их сонирхол татаж байгаа харагдсан. Шигшээд дуудсан эдгээр тамирчдаас өөр сонирхогчдын багийн залуу тамирчдаас авж болоогүй юм уу гэх зэрэг тийм асуулт олон харагдаж байлаа?

-Би хамгийн анх 30 хүний нэр гаргаж багуудад албан бичиг өгч сонгон шалгаруултад хамрагдуулахыг хүссэн. Ирсэн хүмүүсээс шалгаж байгаад 16 тамирчныг сонгочоод байна.

-Чухал хариуцлагатай тэмцээн эхлэхэд дөрөвхөн хоног үлдцэн байна. Өмнө нь таарч байсан БНСУ, ХонгКонгийн хүчтэй багууд ирнэ. Дээрээс нь БНХАУ болон Тайвань гэсэн 2 орон нэмэгдэн ирж байгаа. Тамирчдаа хэрхэн судлаж тактик боловсруулж байна ?

-Судлагаа явуулж байгаа. Гэхдээ бусад багуудын хувьд мэдүүлэг нь хараахан интернэтд тавигдаагүй мэдүүлэг нь ирээгүй байна. Манайхан бол фэйсбүүк хуудсаар мэдэээлэл цацагдаж байгаа болохоор бусад багууд биднийг судлахад амар байгаа байх. Өмнөд Солонгосын шигшээ багийн 2013 оны тоглолтыг бичлэгийг харж байгаа. ХонгКонг бол ер нь хаалттай талдаа байна. Хятад ч мөн ялгаагүй. Тайвань улсын шигшээ багийн талаар сая Азийн аваргад орсон бичлэгийг хараад байж байна даа.

-Монголын шигшээ баг өдөрт хэдэн удаа бэлтгэл сургуулилтаа базааж байна ? Тактикийн хувьд ямар хувилбарыг түлхүү боловсруулж байгаа вэ ? Дасгалжуулагч хүний хувьд ямар арга барилтай ажиллаж байна

-Эхний үед бид техник дээр түлхүү ажиллаж байсан учир өдөрт 2 бэлтгэлийг хийж байлаа. Хэд хоногийн өмнө ОХУ-ын Эрхүү хотод нөхөрсөг тоглолт хийж ирсэнээс хойш сэргэлтийн бэлтгэл дээр ажиллаж байна. Оройдоо тактик тал дээр ажиллаж яаж хамгаалах вэ ? яаж довтлох вэ ? онцгой нөхцөлд яах вэ ? гэсэн хувилбаруудыг багаараа ярилцаж байна.

-Бүтэн жилийн турш бие биетэйгээ өрсөлдөж байсан багийн роль болсон тамирчид одоо нэг баг болоод нэг зүйлийн төлөө тэмүүлээд  найз нөхөд болоод явж байна. Та тамирчдаасаа хэр амжилтыг хүлээж байна ?

-Ам гарж чадахгүй нь. Гэхдээ бид байгаа бүх боломжоороо тоглож ямар л том амжилт гаргаж болох түүний төлөө л тоглоно. Нутагтаа тоглож байгаа учир хөгжөөн дэмжигчид элэг нэгтнүүдийнхээ өмнө хичээнэ. Тэмцээнд оролцсон байдал ур чадварын хувьд бусад багуудаас дутуу гэдэг нь ойлгомжтой. Харин биеийн хүч болон хурд цохилт гээд эдгээр зүйлсээр бол дутахгүй гэж бодож байна.

-Зүүн Азийн хэсэгт багтах хүчирхэг баг Япон улс сүүлийн 2 жил аваргалсан, мөн ирэх жилийн эрхээ авсан байгаа. Босоо аварга Ираны баг тэмцээнд хүчтэй оролцох нь ойлгомжтой. Монголын хувьд хүрэлцэн ирэх багуудын эсрэг сайн тоглолтыг гаргахад оногдож буй 2 эрхийн нэгийг авч ирэх жил Узбекстан улсыг зорих боломж байгаа шүү дээ.

-Урьд нь манай бүс 3 эрхээр гардаг байсан бол Японы баг өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн ч манай зүүн бүсийн эрх гэж үзэн улмаар үлдсэн 2 эрхийн төлөө л бид өрсөлдөх болно. Тэгэхээр БНСУ, ХонгКонг, Тайвань, БНХАУ болон Монгол гэсэн таван багаас хоёр нь ирэх жил тэмцээнд оролцох эрхээ олж авна. Ижил хэмжээний топ багууд дунд 2 эрх гэдэг бол хүнд даалгавар л даа. Тайваний шигшээ баг сүүлийн үед БНХАУ болон БНСУ –аас илүү топ амжилтыг үзүүлээд байгаа. Гэхдээ БНСУ болон БНХАУ 2009 оноос эхлэн өөрсдийн дотоодын лигтэй болцон учир түүнээс хойш хөгжсөн байх. Хүчтэй өрсөлдөх байх. Гэхдээ өөрсдийнхөө хүүхдүүдэд итгэж байна. Амжилт гаргахын төлөө хичээж тоглох болно.

-Гараа яаж гарах бол гэдэг бас хүмүүсд их сонин байгаа байх? 16 тамирчин яаж солигдож талбайд гараах вэ ?

-Футзал жижиг талбайд болдог учир яаг л шайбтай хоккей шиг. Гурван дөрөвтөөр тамирчдыг хувааж байгаа. Тэмцээний өдөр 12 тоглогч 2 хаалгачийн нэрсийг тэмцээн зохион байгуулагч болон талбайн шүүгчид хүлээлгэн өгөх ёстой. Дөрөв дөрвөөрөө гарж тоглосон нь илүү дээр юм болов уу ? гэж бодож байна. Сүүлийн үеийн тоглолтууд хоёроор нэгээр солигдож байгаа ч ер нь бол дөрөв нь илүү үр дүнтэй гэж бодож энэ хувилбарыг сонгосон. Үүний давуу тал нь хамгаалахад ч довтлоход ч илүү амар. Мөн тамирчид байрлалаа авахдаа учраа олоход маш амар байх болно. Шаардлагтай гэж үзвэл тав дахь тоглогчийг бид довтолгоонд оруулна. Байрлал болгоноор салгаад хаалгачийн бэлтгэлийг тусд нь хамгаалагчийг гээд ангилаж байгаа.

-Талбайн төвд Алтантулга, Ганзориг, Улсболд гээд хурдтай тамирчид аваад явчих байх. Хүрхрээ дээд лигийн мэргэн бууч болсон Наранболдыг Түмэнжаргалтай хослох болов уу? гэж бодож байсан харамсалтай нь бэлтгэлийн үед бэртэл аваад оролцох боломжгүй болчлоо. Таны тактикд бас жаахан зөрүү гарсан байх. Яаж тамирчнаа нөхөв ?

-Тактикийн хувьд мэдээж зөрсөн юм байгаа. "Сэлэнгэпресс" багийн тамирчин Чинбатыг залуу хүүхэд түлхүү тоглолт үзүүлж 1-р тавт руу орчих болов уу? Наранболдыг бас довтолгооны чиглэлд футзалын хэллэгээр бол пивиот гэж ярьдаг урд айлын хаалган дээр түлхүү тоглоно гэж хамгийн том төлөвлөгөө байсан. Одоо бол пивиот гэж байхгүй болсон. Оронд нь Улаанбаатарын Мазаалайнууд багийн Төмөр-Очирыг нэмж дуудсан. Гэхдээ Наранболдын хэмжээнд хүрч тоглож чадах уу үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Мэдээж цэвэр довтлогч биш учир алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Цэвэр довтлогч хүн бол төрөлхийн байрлалаа зөв эзэлцэн гоол хийхэд бэлэн болцон байдаг. Би хувьдаа Наранболдыг тийм тамирчин гэж үнэлдэг.  Гадаа талбайд олон гоол оруулсан чадварлаг тамирчин. Харамсалтай нь бэртэл авчлаа. Монголд ч гэлтгүй ямар ч оронд бэртэл авсан тамирчинг маргааш зүгээр болгоод тоглуулчина гэж байхгүй, тийм боломжгүй шүү дээ. Хэрвээ Монголын шигшээ хэсэгтээ сайн тоглоод цааш шалгарчихвал бид Наранболдыгоо эргүүлэн дуудах боломжтой.

-Мэдээж богино зайд тоглолт ширүүн хурдтай өрнөнө. Тэр чинээгээрээ хаалгачид маш их дарамт ирэх байх. Хаалгачид болоод байрлалын тал дээр ямар онцлог харагдаж байна ?

-Хаалган дээр “Сэлэнгэпресс” багийн хаалгач Сайнхүү байгаа. Мөн “Хангарьд” багийн Сэр-од гуравдугаар хаалгачаар “Улаанбаатарын Унаганууд” багийн Чанцал байгаа. Ер нь тухайн тамирчны реакц футзал тоглох талдаа Сэр-од болон Чанцал нар арай илүү хурдтай.  Манай Сайнхүүгийн хувьд бие томтой футзалын хаалганд зогсоход хаалгаа бүрэн хаах боломжтой. Гэхдээ ер нь эхний тоглолтонд гарааны хаалгачаар Сайнхүү болон Сэр-Од нарын нэг нь гарах болно. Сая Эрхүү хотод болсон нөхөрсөг тоглолтын үеэр Сэр-Од тун сайн байсан. Гэхдээ хоёрдугаар хагасд Чанцал бас сайн байсан. Довтолгооны чиглэлээр нэгдүгээр дөрөвтөд Цэдэнбал багтсан. Цэдэнбал хүчтэй цохилт хийж түүнээс ойсон бөмбөгийг нэмэх, эсвэл хаалганы хажуугаас хүчтэй ирсэн дамжуулалтыг гоол оруулах зорилготой Алтантулга, Цэнд-Аюуш нар хамт байна. Ард талыг Ганзориг авч үлдэх зорилгоор эхний дөрөвтийг бэлдсэн. Хоёрдугаар дөрөвтөөр Баяржаргал, Баасандорж, Пүрэвдорж, Түмэнжаргал дөрөв байгаа. Түмэнжаргалыг урагшаа түлхүү тоглуулан түүн дээр тулгуурлаж Баяржаргал, Баасандорж нар урагшлах, Пүрэвдоржийн хүчтэй цохилтыг хагас хамгаалагч нар урагшлуулах амжилттай төгсгөх. Сүүлийн дөрөвт бол эсрэг багийн хамгаалалтыг сэтлэх тоглолтыг нь эвдэх зорилготой.  Бөмбөгөө удаан бариад байвал урагшаа шахаж сандаргах. Улсболдыг нэлээн урагш нь тоглуулах бол Төмөр-Очирыг арагшаа хамгаалалтанд идэвхтэй байлгах. Мөнгөнтулга мөн эсрэг багийн довтолгоог сарниулах үүрэгтэй. Мөрөн, Улсболд нар хувийн тоглолт хийж урд шугаманд бужигнасан тоглолтыг гаргах зорилготой.

-МХБХ тэмцээнд хэрэгтэй зохион байгуулалт болоод тамирчдын бэлтгэл хангах, хэвлэл мэдээллээр цацах гээд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ хийж байна. Тамирчид мөн бэлтгэлээ сайн базаагаад сэтгэлзүйгээ хянаад дор бүрнээ хичээж байна. Монголын хөлбөмбөг сонирхогчид амжилтаар цангаж байгаа. Тэмцээний үеэр Буянт-Ухаа спортын ордонд хүрэлцэн ирэх хөгжөөн дэмжигчдээ уриалаад юу гэж хэлмээр байна ?

-Монголчууд бөх өө гэдэг. Түүнтэй ижлээр дэлхийн хаан спорт болсон хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн спорт Монголд хөгжиж байна. Холбоо шинэ удирдлагтай болж маш сайн ажиллаж байна. Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг U-16 насны АШТ-ий "К" хэсгийн тоглолтыг эх орондоо авж чадсан. Одоо бас футзалын Азийн АШТ-ий Зүүн бүсийн тоглолтыг авлаа. Ямар ч байсан манай Монголчууд хэзээд нэгнийгээ дэмжиж ирсэн, тийм учраас шигшээ багаа, 16 тамирчнаа цаашилбал Монголын бүх хөлбөмбөгчдөө дэмжээд үзэгчид маань ахмад тамирчид, залуучууд маань бүгдээрээ хүрэлцэн ирж хожлын төлөө, нэг зорилгын төлөө хамтдаа цуглах байх гэж найдаж байна.

Б.ТУНСАГ

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж