Сирид ОХУ, Туркийн хооронд дайн дэгдэхээс сэргийлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган нар үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ хамт гуравдугаар сарын 5-нд Москвад уулзжээ. Хэдийгээр дайн дэгдэх эрсдэл бага байсан ч энэхүү уулзалтаас Туркийг бууж өгсөн хэмээн үзэж болох аж. Энэхүү онцгой байдлын дээд хэмжээний уулзалтын зорилго нь Сирийн Идлибт үүсээд буй хурцадмал байдлыг эцэслэн хоёр улсын хооронд дайн дэгдэхээс сэргийлэх, гал зогсоох нөхцлийг зөвшилцөх байв. Уулзалт зургаан цаг гаруй үргэлжилсний эцэст “2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн хурцадмал байдал үүссэн газарт тогтвортой байдлыг хангах тухай санамж бичиг” (Сочигийн гэрээ)-т шинээр "нэмэлт протокол" гаргаж, хоёр тал тохиролцсон байна.
Туркийн ялагдал
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 5-ныг хүртэл хоёр долоо хоногийн турш Сирийн Идлиб муж Сирийн арми ба холбоотнуудын хоорондох дайнгүй бүс байхаа больж, зэвсэгт бүлэглэлүүд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засаглалыг эсэргүүцэн мөргөлдөөн үүсгэж, цаашлаад Турк, Оросын цэргүүдийг үл ойлголцоход хүргэсэн билээ. Гуравдугаар сарын 1-нд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Сирийн арми ба холбоотнуудыг анхны Сочигийн хэлэлцээрт заасны дагуу тусгаарлах шугам руу ухрахыг сануулсны дараа "Хаврын бамбай ажиллагаа" нэртэй томоохон дайралт хийж, Ассадын эсрэг армитай мөр зэрэгцэн тулалджээ.
Энэ ажиллагаа удалгүй зогсонги байдалд оров. Учир нь Сирийн арми Хезболла ба Ираны мэргэжлийн цэргүүдийн дэмжлэгтэйгээр хариу арга хэмжээ авч, алдсан газрынхаа ихэнхийг буцаан авч чаджээ. Ийнхүү Туркийн талд байдал ноцтой болж эхлэхэд Оросын цэргүүдтэй шууд тулалдах, эсвэл ялагдал хүлээх хоёрхон сонголттой тулгарсанд Ерөнхийлөгч Эрдоган Москва руу нисэв.
Москвагийн цагаар гуравдугаар сарын 6-ны шөнө хэрэгжиж эхэлсэн тус нэмэлт протокол НАТО-гийн хоёр дахь том зэвсэгт хүчин болох Сирийн армиас хавь илүү хүчирхэг Туркийн арми болон Эрдоганы хувьд стратегийн ялагдал болсон юм. Тиймдээ ч Туркийн бэлтгэж, зэвсэглэсэн Ассадын эсрэг дайчид тулааны талбарт сэтгэл дундуур үлдэж буйгаа илэрхийлсэн байна.
Турк улс ялагдсан гол шалтгаануудын нэг нь Орос улс Идлибийн агаарын орон зайг хяналтандаа байлган туркчуудын зүгээс онгоц, нисдэг тэрэг, 48 цагийн эргэлттэй дрон зэргийг ашиглах боломжгүй болгож, өөрсдийн болон Сирийн онгоцнуудыг асуудалгүй хөөргөн Турк болон Ассадын эсрэг цэргүүдтэй тэмцэж байсанд оршиж байна. Эцэст нь Асадын эсрэг цэргүүд Сочигийн гэрээний дагуу байгуулан бэхэлсэн Туркийн гарнизонуудад Туркийн хүчнүүдтэй хамт дараагийн довтолгооноос хоргодон байрлаж байсан юм. Ийнхүү “Хаврын бамбай ажиллагаа” Турк болон түүний холбоотнуудын хувьд том ялагдал болж хувирав.
Асуудал шийдэгдээгүй
Сочигийн гэрээний дагуу Туркийн арми Хаят Тахрир аль-Шам зэрэг Ассадын эсрэг зэвсэгт хүчний армиудыг энхийн бүсээс гаргах ёстой байсан билээ. Гэвч Турк энэ даалгаврыг биелүүлээгүйн дээр Хаят Тахрир аль-Шамтай зэрэгцэн Сирийн эсрэг дайрсан нь Туркийг буруутгах хангалттай шалтгаан болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт хийсэн нэмэлт протоколын дагуу "Терроризмын бүх хэлбэртэй тэмцэх", "Сирийн бүх террорист бүлгүүдийг устгах" зорилгоор Турк, Оросын хүчин чармайлтыг нэмэгдүүллээ.
Гэвч хэрхэн хэрэгжүүлэх талаар нэмэлт протоколд тусгасангүй. Туркийн гарнизонуудад хоргодохыг хүссэн Ассадын эсрэг дайчдын дийлэнх нь Хаят Тахрир аль-Шамын дайчид байсан аж.
Хэлэлцээрийн дагуу Сочигийн гэрээний бас нэг хэрэгжээгүй заалтыг хэрэгжүүлэхэд чухал анхаарал хандуулжээ. Тухайлбал, Алеппо хотыг Латакия, Дамасктай холбосон М4 ба М5 хурдны замуудын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарчээ. Тус заалтыг Турк үл зөвшөөрсөн нь Сирийн армийн хөдлөх нэг том шалтгаан болсон аж. Тийнхүү Сирийн арми М5 хурдны замыг бүрэн хяналтандаа авч, удалгүй Оросын армийн тусламжтайгаар М4 замыг чөлөөлжээ.
Нэмэлт протоколын нөхцлийн дагуу одоогоор Сирийн арми ялалт байгуулан фронт байрлаж буй хэсгийг шинэ энхийн бүс болгон тэлж, Сирийн армийг Сочигийн гэрээгээр заасан шугам хүртэл Сирийг ухраахыг амлаж байсан Эрдоганы төлөвлөгөөг талаар болгожээ. Түүгээр ч зогсохгүй М4 хурдны замын 12 км-ийг хамгаалалтын бүс болгон Турк, Оросын талын тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг хангахаар болов. Энэ шийдвэр гуравдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд туркчуудэд Ассадын эсрэг хүчнийхнийг аюулгүй бүсээс шахан гаргах хугацаа олгож байна.
эх сурвалж: rt.com
Холбоотой мэдээ