Монголын улс төрийн хүрээнд Тавантолгойг тойрсон дажин дахин эхэлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг дуэльд дуудав. Тэрбээр Тавантолгойн лиценз эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувийг таван тэрбум ам.доллараар биш нэг тэрбум ам.доллараар зарахаар болсон гэх мэдээллийг өгөөд байгаа билээ. Харин Д.Сумъяабазар сайдын зүгээс "Олон улсын Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг бол өндөр хяналттай байна. Цаашид эдийн засгийн эргэлтэд ороод, хөгжих боломжтой. Тэгж чадвал өнөөдрийн өгч байгаа 97 мянган төгрөгийн ногдол ашиг 10 дахин нэмэгдэх боломж бий" гэсэн хариулт өгсөн юм. Ийнхүү Тавантолгойг тойрсон 2020 сонгуулийн улс төр эхлэхийн зэрэгцээ IPO гаргах асуудал дахиад л гацаж, гацааж магадгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.5 сая хувьцаа эзэмшигчид анх удаа 1072 хувьцааныхаа ногдол ашгийг ирэх тавдугаар сард хүртэхээр болсон. Тус компани 2019 онд зөвхөн олборлолтын үйл ажиллагаанаасаа 1.8 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон тул нэгж хувьцаагаа 90 төгрөгөөр үнэлж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэрийг ТУЗ нь гаргасныг Засгийн газар дэмжсэн юм.
Үүний зэрэгцээ, 2018 оны ногдол ашиг болох 54 тэрбум төгрөгийг тараах боломж бий гэдгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдсэн. Ийнхүү найман жил гаруй хугацаанд "бухын доодох" шиг унжиж байсан 1072 хувьцаа амилах мөч тун ойрхон ирлээ. Гэхдээ энэхүү хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашид үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК "Эрдэнэс Тавантолгой майнинг" гэх охин компанийнхаа 30 хувийг IPO хэлбэрээр гадаад болон дотоодын хөрөнгийн бирж дээр босгохоор төлөвлөж буйг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлж байсан. Тавантолгойн IPO-г хөрөнгийн бирж дээр арилжаалах бэлтгэл ажил хангагдсан болохыг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ онцолсон. Ингээд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал улс төр болж буй энэ үед IPО гаргах нь компаниудад ямар ач холбогдолтой болох, мөн IPO гаргаснаар хувьцаа эзэмшигчдэд ямар боломж гарах мэдээллийг хүргэе.
IPO ГЭЖ ЮУ БЭ?
IPO гэдэг бол тухайн компани анх удаа хувьцаагаа нийтэд санал болгоно гэсэн үг юм. Компани хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан анх удаа олон нийтэд санал болгосноор түүнийг олон тооны хөрөнгө оруулагчид худалдан авах боломжтой. IPO бол хөрөнгийн биржийн бүхий л шаардлагыг хангаж, аливаа хэрэг зөрчлөөс ангид авлигагүй, ил тод, нийгмийн хариуцлагатай компани болох олон тооны хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр илүү өргөн хүрээнд бизнесээ өргөжүүлэх боломж гэж хэлж болно.
Ингэснээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олон нийтэд нээлттэй болоод зогсохгүй, компанийн үйл ажиллагаа, санхүү ил тод болох хувьцаа эзэмшигчдийн хяналттай болох, ашиг орлого нэмэгдэх цаашлаад баялагийн хуваарилалт тэгш явагдах боломжтой юм.
Тус компани IPO босгох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, зам дагасан үйлдвэр, үйлчилгээний төв зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нь бүрдэх юм. Хэрвээ энэ ажил амжилттай хэрэгжиж чадвар тус компаниййн 2.5 сая хувьцаа эзэмшигчид 2018 оны ногдол ашгаа аваад зогсохгүй 2020, 2021, 2022 гэх зэрэг урт удаа хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийг хүртээд явах боломжтой. Үүний зэрэгцээ өнөөдөр нэг хувьцаа нь 90 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол компани ашигтай ажиллаж чадвар нэг хувьцаа нь 900 төгрөгөөр ч үнэлэгдэх боломжтой.
IPO ГАРГАСАН КОМПАНИУД АШИГТАЙ АЖИЛЛАЖ, НОГДОЛ АШГАА ТАРААЖ БАЙНА УУ?
Сүүлийн жилүүдэд компаниуд хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллах болсон. Тухайлбал, 2018 онд “Лендмн ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 25%-ийг буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 25 төгрөгөөр үнэлж, олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож, нийт таван тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд худалдаж авахаар нийт 6,000 гаруй хөрөнгө оруулагчдаас 43 тэрбум төгрөгийн захиалга ирүүлснээр хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй их захиалга авсан IPO болсон юм.
“Лендмн ББСБ” ХК 2018 онд 800 сая төгрөгийн ногдол ашгийг тараажээ.
Мөн “Монгол Базальт” ХК нийт хувьцааныхаа 30 хувь буюу 16 сая 925 мянга 100 ширхэг хувьцааг тус бүрийг нь 380 төгрөгөөр үнэлж, олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 6 тэрбум 431 сая 538 мянган төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.
Харин “Монгол Базальт” ХК нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг тараасан байна.
Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж, 2.56 тэрбум төгрөг (1.36 сая канад доллар)-ийн хөрөнгийг татан төвлөрүүлж анхны давхар бүртгэлтэй компани боллоо.
Даатгалын салбараас анх удаа нээлттэй компани болсон “Мандал даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 25% буюу 1 сая 560 мянга 754 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 861 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 1 сая 916 мянга 207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо. Тус компани нь 2018 онд нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624 сая 301 мянга 600 төгрөгийн ногдол ашиг хуваарилажээ.
Мөн “Ард даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7 сая 500 мянган ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.25 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд анхдагч зах зээлийн арилжаанд 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9 сая 954 мянга 848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт болжээ. Тус компани нь 2018 онд нийт цэвэр ашгийнхаа 50 хувийг буюу нэгж хувьцааг 25.27 төгрөгөөр үнэлж, нийт 631 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараасан байна.