"Коронавирусээс сэргийлэх арга нь дархлаагаа дэмжих" | News.MN

"Коронавирусээс сэргийлэх арга нь дархлаагаа дэмжих"

"Коронавирусээс сэргийлэх арга нь дархлаагаа дэмжих"

Шинэ  Корона /Ковид-19/ вирус гэх аймшигт өвчний халдвар дэлхийн олон оронд тархаж айдас  дагуулаад байна. Эрдэмтэн мэргэжилтнүүд хувийн ариун цэврийг сайтар  сахихаас гадна дархлаагаа дэмжих нь энэ өвчний халдвараас сэргийлэх үр дүнтэй арга хэмээн зөвлөж байгаа. Дархлаагаа дэмжиж өвчлөхгүй байхад юуг анхаарах талаар АУ-ны доктор, клиникийн профессор Ж.Соёл-Эрдэнэ эмчтэй цөөн хором ярилцлаа.

-Дэлхий  даяар  Коронавирусийн  /Ковид-19/  халдвар  хурдацтай тархаж байна. Одоогоор  дархлаагаа  дэмжих,  хувийн  ариун цэвэр сахихаас өөр энэ өвчнөөс сэргийлэх  аргыг  дэлхий  даяар  хараахан  олж нээгээгүй байна. Ер нь хүний дархлаа  яаж  ажилладаг,  өвчлөлийн  эсрэг  хэрхэн тэмцдэг талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Тийм  ээ, Корона буюу Ковид-19 вирусийн халдвар маш хурдацтай тархаж байна. Энэ нь ч Корона вирусийн онцлог юм. Манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэн тухай  харамсалтай  мэдээлэл  саяхан  гарлаа. Энэ үед дархлаа дутмагшилтай, өндөр  настай,  архаг  ямар  нэгэн  өвчтэй  хүмүүс дархлаагаа сайтар дэмжих хэрэгтэй.

Дархлаа  гэдэг  нь  харийн чанартай ямар нэгэн эсрэгтөрөгчийн эсрэг өвөрмөц хамгаалах  хариу  урвал  юм.  Дархлаа тогтолцооны эсүүд нь бие махбодид орж ирсэн  эмгэг  төрөгчийг  танин  илрүүлж,  устгаж,  зайлуулах төдийгүй эмгэг төрөгчийн үйлчлэлээр илэрч буй эмгэг шинж тэмдгийг ч илааршуулах үйлчилгээг үзүүлдэг.  Дархлааны  эсүүд тусгай мэдээлэгч молекулуудын тусламжтайгаар эс хоорондоо  харилцан  үйлчлэлцэж,  бие  махбодийн  дотоод  орчны  тэнцвэртэй байдлыг  хангаж,  хамгаалж  байдаг.  Зөвхөн  халдвараас  хамгаалах төдийгүй хавдар,  харшил  гээд бусад өвчний үед ч дархлаа тогтолцоо маань тэнцвэртэй байж, биднийг эрүүл амьдрах нөхцөлийн суурь болж өгдөг.

-Нэгэнт  өвчин  туссан үед хүн өөрийн дархлаандаа найдаад эдгэхийг нь хүлээх хэрэгтэй  юу?  Эсвэл  дархлаа дэмжих ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай юу?

-Дархлаа  тогтолцоо  маань  минут  секунд  тутамд  биемахбодийн хувьд харийн эсрэгтөрөгчтэй  тулгарч  тэднийг  устгах, эсвэл танихгүй өнгөрөх, тэсвэртэй байдал  үүсгэх  зэргээр  бидэнд  өвчний шинж тэмдэг үзүүлэхгүйгээр байнга л ажиллаж  байдаг.  Зарим  эрүүл  чийрэг,  дархлаа  сайтай хүмүүст ямар нэгэн өвчний шинж тэмдэг түр зуур илрээд, эрүүл болдог тохиолдол их байдаг. Харин өвчин  үүсгэгч буюу харийн төрөгчийн хоруу чанар их, тухайн хүнд ямар нэгэн байдлаар  дархлааны зүгшрүүлэг алдагдсан тохиолдолд хүн өвчилнө.  Жишээлбэл дархлаа  сайтай хүн жилдээ 2-4 удаа ханиад томуугаар өвдөөд аяндаа эдгэдэг.

Гэхдээ өвчний шинж тэмдэг илэрхий тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй. Эмч  эмчилгээг  тодорхой  хэлж  өгнө.  Коронавирусийн  халдвараас сэргийлэх хамгийн зөв аргын нэг нь дархлаагаа дэмжих юм. Ер  нь  дархлаа тогтолцоо хэвийн байлгахын тулд зөв чийрэгжих, зөв хооллох, зөв  амрах,  ажил  амралтаа  зөв  зохицуулах хэрэгтэй. Шөнийн нойр хүнд маш чухал.  Түүнчлэн эрдэс бодисоор баялаг олон найрлагат аминдэм нэмэлтээр уух сайн.  Уухдаа  тодорхой завсарлагатайгаар буюу 1 сар уугаад 1 сар өнжих гэх мэтээр  уух нь илүү үр дүнтэй байдаг. Аминдэмийн найрлагад  витамин С, Е, А зэрэг  бидний  хэлж заншсан антиоксидантуудаас гадна селен, цайр, зэс зэрэг эрдсүүд  орсон  байвал  их  сайн.  Эдгээр  нь  дархлааны  уураг нийлэгжихэд оролцдог.  Мөн  ашигтай  бактериуд  дархлааны  уураг  нийлэгжих  орчинг бүрдүүлдэг.

-Хүүхдийг  хэт цэвэр орчинд байлгах, бохир зүйлээс бүрэн тусгаарлах дархлаа, өвчин  эсэргүүцэх  чадварт  нь  муу нөлөөтэй гэж ярьдаг. Энэ хэр бодит зүйл вэ?

-Хүүхэд  хэт  цэвэр  орчинд  байх нь дархлаа зүгшрүүлэг алдагдахад хүргэдэг. Энгийн  амьдралын явцад зарим нянгуудын эсрэг дархлаа тогтолцоо ажиллан бие махбод  эсэргүүцэх  чадвартай  болж хэр барагтай өвчлөхгүй ахуйн дархлаатай болдог.  Мөн  зөв  чийрэгжүүлээд,  зуны  улиралд  цэвэр  байгалын нөхцөлд хэтэрхий  бэгнэхгүй,  хэтэрхий  дааруулахгүй  хэвийн  орчинд  өсгөвөл ахуйн “дархлаа”  тогтож  өгдөг.  Бид  багадаа  шороотой хутгалдаад, зундаа наранд борлож голын усанд ороод, гүйж харайж тоглож байсан шүү дээ. Энэ нь дархлаа тогтолцоо  маань  зөв тэнцвэржих гол нөхцөл болж байсан. Одоо ч гэсэн хөдөө нутгийн хүүхдүүд ийм л байгаа. Тийм ч учраас тэдний өвчлөл бага байдаг биз. Түүнээс  гадна  хэт  цэвэр  орчинд  өссөн  хүүхдүүдийн дархлааны тэнцвэртэй байдал  алдагдаж харшилд их өртөмтгий болсон байдаг. Харшил өөрөө дархлааны эмгэг  буюу  хэт  мэдрэгшил шүү дээ. Тиймээс хүүхэд нян бактеритай тодорхой хэмжээнд “найзлах” хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж