Шинэ коронавирусийн халдвар гарснаас үүдэн энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувь нь хасагдаж, хэд хэдэн орон хямралд өртөхийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас мэдээллээ. Тус байгууллагаас мэдээлснээр дэлхийн ДНБ-ны өсөлт энэ онд дөнгөж 1,5 хувь байх урьдчилсан тооцооллыг гаргасан нь өмнөх таамгаас 1,4 хувиар бага байна. Дэлхийн 105 оронд тархсан үхлийн аюулт халдварт өвчин бол олон улсын эдийн засагт том аюул боллоо. Дэлхийн ДНБ-ны өсөлт саарснаар аль хэдийн сул байсан Япон, Евро бүсийн орнуудын эдийн засаг хямрал руу унаж, Европын холбооноос гарч буй Их Британийн худалдааны яриа хэлэлцээ бүтэлгүйтэх магадлал өндөр байна. Дэлхийн хөгжингүй 36 орон эдийн засгийн өсөлтөө хамгаалахын тулд хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг Парист төвтэй тус байгууллага мэдээлэв. Дэлхийн банкнаас коронавирусийн халдварын эсрэг 12 тэрбум ам.долларын санхүүжилт гаргажээ. Мөн олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2,7 тэрбум ам.доллар, бага орлоготой орнуудад зээл олгодог олон улсын хөгжлийн ассоциациас 1,3 тэрбум ам.долларыг тус бүр гаргахаар болжээ. Үүний зэрэгцээ Олон улсын санхүүгийн корпорациас зургаан тэрбум ам.долларыг гаргуулах саналыг Дэлхийн банкнаас гаргасан байна.
Ази, Европын олон орон халдвартай байж болзошгүй ажилчдаа гэрээсээ ажиллах зохицуулалтыг хийсэн ба жижиг, дунд компаниуд халдварын хөл хорионы үед орлогоо алдах эрсдэл өндөр байна. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэрээсээ гаралгүй 14 хоног тусгаарлахыг шаардаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй олон улс хилээ хэсэгчлэн хаах, нислэгүүдийг цуцлах, жуулчдыг хориглох зэрэг арга хэмжээ авсан нь аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт том цохилт болж байна. Энэ онд олон улсаас нислэгээ цуцалснаас үүдэн нисэх компаниуд 30 тэрбум ам.долларын хохирол амсах тооцооллыг АНУ-ын агаарын тээврийн хяналтын байгууллагаас мэдээлсэн. Мөн олон улсын урлаг, соёлын арга хэмжээ, спортын тэмцээнүүд, олон нийтийн хурал цуглаануудыг цуцалж байна. Халдварын голомт Хятадад хөл хорио, хязгаарлалтаас үүдэн гадаадын ханган нийлүүлэх бизнесүүд хохирол амсч, эд ангийн хомсдол орох эрсдэл үүсчээ.