Монгол Улсад ирсэн Францын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тул Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, авах арга хэмжээний талаар хэлэлцэв.
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Нөөцийн мах худалдаалж эхэлсэн, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 13 мянган тонн мах нөөцөлсөн байгаа. Хүнсний хомсдол үүсэхгүй, иргэд үймж, болгоомжлох асуудал байхгүй. Хүнсний өргөн хэрэглээний бараа импортоор саадгүй орж ирж байгаа.
Төрийн албан хаагчдад цагийн зохицуулалт хийхээс гадна, цахимаар ажлаа хийж болох ямар боломж байгааг судалж, үдээс хойш зарласан Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар дахин хэлэлцэнэ.
Нийтийн тээврийг бүр мөсөн зогсоохгүй. Гэхдээ эрсдэлийг бууруулах ямар зохицуулалт хийж болохоор байгааг судалж дахин хэлэлцэнэ. Франц улсын иргэн олон газраар явсан байна. Хавьталд орсон байж болзошгүй 300 гаруй иргэнийг олж, тусгаарлах арга хэмжээ авсан. Ариутгал халдваргүйжүүлэлт бүх арга хэмжээ хийгдэж байна” гэлээ.
НЭМЭЛТ:
ТЦА: Галт тэрэгний хөдөлгөөнийг ч хязгаарласан
Тээврийн цагдаагийн албанаас зам хаасантай холбогдуулан мэдээлэл өглөө. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “2020 оны гуравдугаар сарын 10-ны 06.00 цагт УОК хуралдаж өнөө өглөөний 07.00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07.00 цаг хүртэл Монгол Улсын хэмжээнд улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Нийслэлээс орж гарах, Баянзүрхийн товчоо, Био комбинат, Эмээлтийн товчоо, Гүнтийн хэсэгт алба хаагчид хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан.
Нийслэлээс иргэд тээврийн хэрэгслээр гарах боломжгүй. Дээрээс нь гал тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан. Өнөө өглөөний 09.00 цагийн байдлаар орон нутаг руу зорчихоор явж буй иргэдийн хөдөлгөөн нэлээд байна. Бид цаг тухай бүрт нь эргэн мэдээлнэ. Эхний ээлжинд 07.00 цагаас өмнө гарсан иргэдийг оруулна.
Мөн онцгой шаардлагатай шатахуун, хүнс тээвэрлэх ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явна. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Аймаг, сумдаас гарах, хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Нийслэл рүү орох хөдөлгөөний тухайд өнөөдөр мэдээгүй, хөдөө орон нутгаас шөнө гарсан иргэдийн тухайд асуумжийг бөглүүлээд нийслэл рүү оруулна.
Нийслэлээс нэг ч иргэнийг гаргахгүй. Тэндээ хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл хязгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай, эмнэлгийн яаралтай хэрэгцээ шаардлага гарвал сумын онцгой комисс болон гачигдал бүхий байдал нь тогтоогдсон бол шалгуулаад орно.
НОК хуралдаж байна. Нийслэл дотор нийтийн тээврийн хязгаарлах нь тодорхой болно.
Францын иргэнтэй харилцсан хүмүүсийг олж тогтоох ажил явагдаж байна. Товчоодод эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна. Мэдээж, эрсдэлтэй бүс нутгаас явах гэж байгаа хүмүүсийг шалгах ажлыг хийж байна. Өглөөний 07.00 цагийн байдлаар аймгаас гарах хөдөлгөөн бүгд хаагдсан. Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Хамгийн гол нь шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, шаардлагагүй бол зорчихгүй байх асуудалд хяналт тавина.
Тухайн хүнтэй уулзсан бүх хүнийг тогтоох, хөдөлгөөн хязгаарлахад хамтран ажиллаж байна. Энэ бүх зүйлд нэг нэгнээсээ болгоомжлох шаардлагатай. Иргэн та өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Хорио цээрийн дэглэм зөрчсөн тохиолдолд иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Ямар нэгэн байдлаар гуйгаад гарчих болов уу гэдэг ойлголт байхгүй. Орох хөдөлгөөний тухайд энэнээс өмнө хөдөө орон нутгаас гарсан иргэдийг оруулна” гэлээ.
УЛААНБААТАР ХОТООС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА
Улсын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байна. Тодруулбал, Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө Францын иргэнээс шинэ коронавирус илэрсэн. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо" гэлээ.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өнөөдөр 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж яаралтай шийдвэрийг гаргалаа. Эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн тул яаралтай арга хэмжээг авахаар болсон. Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын хойд хилийн урсгал нээлттэй байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ БУЙ 700 ГАРУЙ АВТОБУСЫГ ЗОГСООЛОО
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 700 гаруй автобусыг зогсоохоор болжээ. Чиглэл өгсний дагуу дээрх шийдвэр өнөөдөр өглөөнөөс хэрэгжиж эхлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосноор Улаанбаатар хотын хэмжээнд автобусны буудлуудад такси, автобус хүлээсэн зорчигчид олон байгаа.
Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс өглөөний 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан. Уг хуралдаанаар хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хориглосон юм.
Тээврийн цагдаагийн албанаас зам хаах талаар өнөөдөр 09.30 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр боллоо.
Э.СҮРЭН
Холбоотой мэдээ