НЭМЭЛТ:
Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Франц улсын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Аэрофлотын онгоцоор ирсэн. Ирээд Баянгол зочид буудалд гурваас дөрөв хоносон. Дараа нь Сайншандын галт тэргээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очиж, гуравдугаар сарын 7-ны өдөр бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэйгээр кэмпийнхээ эмчид хандахад халуун нь 37.4 хэмтэй байсан. Ингээд кэмпийн эмч эрүүл мэндийн байгууллагад хандсанаар эрүүл мэндийн байгууллагаас баг очиж шинжилгээ авсан.
Энэ хугацаанд гадаадын иргэн халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас галт тэрэг, зочид буудал, бусад хавьтсан бүх газруудыг эрүүл мэндийн салбар гуравдугаар сарын 7-8-ны хооронд хянаж, иргэдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 40 хүн, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан. 120 иргэний бүртгэлийг хуулийн байгууллага гаргаж өгсөн.
Халдвар авсан Францын иргэнд 14 хоног өөрийгөө хянах зөвлөмжийг өгсөн. Гэтэл тэгээгүй. Ариг, КФС, Веренда зэрэг хоолны газарт хоол идсэн байсан. Онгоцонд тухайн хүний суудлаас урагшаа гурав, хойшоо гурав суудалд байсан хүмүүсийг олж тогтоосон. Өнгөрөгч шөнө 01.40 цагт халдвар бүртгэгдсэн. Шинжилгээ авах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ хүн яг одоо кэмпдээ тусгаарлагдсан. Эм эмнэлгийн хэрэгсэлтэй хоёр машин Дорноговь аймгийг зорьсон. Мэргэжлийн баг газар дээр нь тусламж үзүүлнэ.
УОК шийдвэр гарсны дагуу БНСУ, Иран, Итали, БНХАУ, Японоос ирсэн иргэдийг ямар нэгэн шинж тэмдэг үл харгалзан шууд тусгаарлаж байгаа. Бусад орнуудын тухайд хараахан шийдвэр гараагүй. Бусад орноос ирсэн иргэдэд 14 хоног өөрийгөө хязгаарлах зөвлөмжийг өгч байна.
Зөвхөн шинжилгээний хариу гарсны дараа үйл дээрх ажиллагаа явагдаж байгаа юм биш. Гуравдугаар сарын 7-ноос хойш тухайн иргэн халуурсан мэдээллийг Дорноговь аймгаас ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан мэдээллийн дагуу нэгдүгээр хавьтлын хүмүүсийн нэрсийг гаргасан. Францын элчин сайдын яамнаас ЭМЯ, Гадаад хэргийн яаманд бичиг ирүүлсэн. Энэ бичигт онош батлагдаагүй байхад тухайн иргэн болон компанийн нэрийг нууцлахыг хүссэн. Үүнд эмзэглэх хэрэггүй.
ДЭМБ коронавирусийн үед хэрэглэх тоног төхөөрөмжийн жагсаалт, эмнэлзүйн эмчилгээг гаргаж өгсөн. Эрүүл мэндийн байгууллагын аль ч түвшинд ямар эмчилгээ хийхийг мэдэж байгаа. Өргөн хүрээний антибиотекийн эмчилгээ хийнэ.
ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Дорноговь аймагт ажиллаж байна. Өвчтөнийг тэнд эмчлэх асуудлыг мэргэжлийн эмч нар шийднэ. Иргэдэд сануулахад, улам сэрэмжтэй байж, гадуур явахгүй байхыг хүсч байна. Франц хүн учраас орчуулагчтай шууд уулзсан. Мэдээж орчуулагчийг тусгаарласан. Өөрийнхөө бизнесийн хүрээнд ажилтнуудтайгаа гар барин уулзсан байсан. Тэднийг нэгдүгээр хавьтал гэж үзээд шууд тусгаарласан” гэлээ.
"Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн нислэгийг зогсооно"
НЭМЭЛТ:
Засгийн газрын хуралдаан руу орохын өмнө Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас агаарын тээврийн хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийх талаар тодруулахад “Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн нислэгийг зогсоож мөн Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг тусгай хуваарьт оруулна" гэдэг мэдээлэл өглөө. Өнөөдөр 14.00 цагаас Улсын Онцгой комисс дахин хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргах юм байна.
Монгол Улсад оршин суудаг Франц улсын иргэнээс COVID-19 илэрчээ
НЭМЭЛТ:
Улсын онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр "Гуравдугаар сарын 02-нд Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн.
Урьдчилсан байдлаар бид тухайн иргэнийг коронавирусийн халдвартай байна гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ хийж, баталгаажуулна.
Тухайн иргэн нь Дорноговь аймагт ажиллаж байсан, эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг УОК-оос өглөө. Ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллага хариуцна. Бид шөнийн 02.00 цагаас эхлэн ажиллаж байна. Эхлээд очсон газрыг хамгаалалтад авах, ариутгах ажлыг зохион байгуулсан. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг эрт өгч байна. ХӨСҮТ оношилгоог хийж, урьдчилсан байдлаар эерэг гэсэн дүн гарсан.
ХӨСҮТ-ийн баг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр Дорноговь аймаг руу өглөө 04.00 цагт гарсан. Коронавирусийн халдвартай иргэний биеийн байдал хэвийн, ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй, халуунтай байгаа гэсэн мэдээллийг эмч мэргэжилтнүүд өгсөн.
Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан: Коронавирусийн халдвар эхний шинжилгээгээр Монгол Улсад бүртгэгдсэн тул яаралтай арга хэмжээ авч байна. Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх Даваа гаригийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Сануулахад, олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын тээврийн урсгал, авто замын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа.
Сар шинийн дараагаар Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор, нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тархсан байж магадгүй тул бид ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байна
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Хууль хүчний байгууллагынхан Франц улсын иргэнийг явсан маршрут, байрласан, орж гарсан газруудыг нь тогтоосон. Нэгдүгээр хавьталтай байсан 500 орчим хүний нэр, хаягийг тогтоосон. Тэдгээр хүмүүс эхний ээлжинд хяналтад байгаа. Шинжилгээ авах ажлыг ойрын өдрүүдэд зохион байгуулна. Цаашид үргэлжлүүлнэ.
Аймгаас, сумаас гарах хөдөлгөөнийг зогсоож байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг дагаж мөрдөхийг хүсье.
"Эхний шинж тэмдэг байна. Та хавьталтай байж болзошгүй" хэмээн сануулж, анхааруулсаар байтал хууль хүчний байгууллагын шаардлагыг үл тоосон Дэжидмаа, Идэрболд гээд хоёр иргэнд хуулийн хариуцлага тооцно. Энэ мэтчилэн иргэд Дорноговь аймгаас гарч ирж байна.
Анхны тохиолдол бүртгэгдсэн тул монголчууд нийгмийн хэв журмыг сахиж, хувь хүн тус бүр сонор сэрэмжтэй анхаарах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлэхийг ард түмнээсээ хүсч байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 02-нд Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс халуурах шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээлэл авсан даруйдаа тусгаарласан. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоосон. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлаж, оношийг нь тогтоох боломж ХӨСҮТ-д бүрэн байна. Франц улсын иргэнийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай гэсэн зөвлөгөө анхааруулга өгсөөр байхад шаардлагыг үл тоож, гадуур явсан байна.
Иймээс эрүүл мэндийн байгууллага, хууль хүчний байгууллагаас өгч буй зөвлөгөө, анхааруулгыг дагаж мөрдөхийг хүсье.
Франц улсын иргэний Монголд явсан маршрут
"Бадрах энержи"-д ажилладаг 56 настай эрэгтэйгээс “COVID-19” илэрлээ
Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр /2020.03.09/ шөнө Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэллээ.
Халдвар авсан иргэн нь Францын “Бадрах энержи” компанид ажилладаг, 56 настай эрэгтэй болохыг эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан бөгөөд онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос ирэх долоо хоногийн даваа гаригийн 07.00 цаг хүртэл хориглолоо.
Дорноговь аймгийн Онцгой комиссын зүгээс өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар илэрсэн 1-р зэрэглэлийн хавьтагч болсон иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, эхэлжээ.
Мөн аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг тодорхойгүй хугацаагаар хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийн судалгааг яаралтай хийж, хүнсний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Франц улсын иргэнийг Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд нь тусгаарлаад байгаа аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ