МАН-ын хагалсан Шилэн данс

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

МАН-ын хагалсан Шилэн данс

МАН-ын хагалсан Шилэн данс

2020 он гарсаар яам, агентлагуудын Шилэн данс “амьсгал” хураажээ. 2015 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн ач тусаар иргэд, олон нийт төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой орлого, зарлагыг нээлттэй мэдэх боломжтой байв. Уг хуулийг АН засаг барих үедээ санаачлан ажил хэрэг болгосон ч харамсалтай нь МАН-ын үед нэр төдий зүйл болж хувирав.

Тухайн үед Шилэн дансны хуультай болгоход гол үүрэг гүйцэтгэсэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрбээр тус хуулийг батлагдсаны дараах нь  “Энэ хуулиас айгаад мэгдээд байх ямар ч шаардлага байхгүй. Шийдвэрээ хуулийнхаа дагуу, мэдээллээ хугацаанд нь гаргаад явахад болно. Албан тушаалтнууд ажил үүргийнхээ дэвтрээс “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдгээ заавал харж бай. Эсвэл өглөө бүхэн “Шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй. Тэр хуульд надаас хамаарах ямар заалт байна, “Шилэн данс”-ны хуулиас болж би муу газрын хаалга татаж болохгүй гэдгээ сана” хэмээн хэлж байв.

Хуулийг хэрэгжиж эхлэхэд хамгийн  их анхаарч, дуугарч хоч нэр хүртэл зүүсэн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл ч сүүлийн үед сураг тасарч энэ хуульд санаа тавьдаг хүн ч огт байхаа больжээ. Уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг ганц байгууллага нь Үндэсний аудитын газар.

Өнгөрсөн оны Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангийн талаар тус газраас тодруулахад “Нийцлийн аудитын тайланг ирэх зургадугаар сард гаргана” гэв. Ингэхдээ төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагын Шилэн дансыг түүвэрлэн хянадаг.

Тухайлбал, 2018 онд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 5,381 мэдээлэл, 28,652 гүйлгээ, 10,946 шийдвэр, нийт 44,976 мэдээлэл байршуулахаас 41,370 буюу 92.0%-ийг мэдээлсэн, хэрэгжилт сайн гэсэн дүгнэлт гарч байжээ. Өнгөрсөн жилийн нийцлийн тайланг мөн л түүвэрлэн  хянах бөгөөд ирэх зургадугаар сард олон нийтэд мэдээлэх юм байна.

2019 оны тухайд яамдууд Шилэн дансны хөтлөлтөө алдаг оног, нэр төдий шивж байв. Харамсалтай нь, 2020 он гарсаар  яамдын шилэн дансны бие даасан цэс нь алдаа зааж, ажиллахаа больжээ. "Шилэн данс”-тай холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүн оройлж оролцох ёстой байгууллага Засгийн газар, Сангийн яам. Сангийн яаманд тодорхой маш том үүргүүд ногдож байгаа. УИХ-ын  болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Шилэн данс”-ны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг байгууллага байх ёстой.

Тухайлбал, Сангийн яамны шилэн данс ийм алдаа зааж байна.

Шилэн дансны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд хэрэгжүүлэх зарчмыг нь тодорхой заасан. Үүнд “Үнэн, зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, ач холбогдолтой мэдээлэл оруулах, санхүүгийн мэдээллээ тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай тайлагнадаг, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлана” гэж тусгажээ. Мөн  цахим хуудасны бүтэц нь ойлгомжтой, хэрэгтэй мэдээллээ татаж авах, хэвлэх боломжтой байхаар хуульд заасан.  Гэвч дээрх хуулийн хэрэгжилт тасарчээ.

Шилэн дансны тухай хуулийг энгийнээр ойлговол улсын төсвийг зарцуулалтыг ил тод байлгахад оршино. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө хаана, хэнд очиж байгааг иргэд, олон нийт хянах ганц суваг нь Шилэн данс.

Энэ жил сонгууль болно. Эрх баригч нам шилэн данс хөтлөхөөс ийн зайлсхийж байгаа нь төсвийн орлогоос сонгуульдаа ашиглах вий гэсэн хардлага ч олон нийтэд төрж байна. Ялангуяа өнөөдөр коронавирусийн тархалтын улмаас дэлхийн эдийн засагт цаашлаад Монгол Улсын эдийн засагт хүндхэн сорилт нөхцөл байдал нэгэнт бий болов. Эрсдэлийг эрүүлээр даван туулж, аль болох үр ашиггүй зардлуудаа танаж бүсээ чангалах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгараад байна. Энэ үед төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагын зарлагыг хянаж байх ёстой ганц хуулийн хэрэгжилт гацсан нь “Чоно борооноор” гэгчээр төсвийн мөнгийг  үр ашиггүй зүйлд зарцуулах гэсэн санаархал болов уу.

ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА:

Уг хуулийн хэрэгжилтэд  иргэний нийгмийн байгууллага, иргэд ч хяналт тавих эрхтэй. Хуулийн заалтаар нь авч үзвэл,

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна" гэж заасан.

Ч.ӨНӨРБАЯР: “ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮСЭЛ СОНИРХОЛ ЭРХ БАРИГЧ НАМД АЛГА

Энэ талаар МУИС-ийн дэд профессор, доктор Ч.ӨнөрбаярМонгол Улсын Үндсэн хуульд хуулийн биелэлтийг УИХ, Ерөнхий сайд хариуцдаг. Ерөнхий сайд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар парламент болон иргэд, олон нийтэд мэдээлэл өгч байх үүрэгтэй. Энэ ажлаа Ерөнхий сайд хийхгүй байна. Төрийн ажил гоё ярьснаараа, чанга хашхирснаараа явдаггүй. Шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гээд яагаад Ерөнхий сайд нэг  удаа ч гэсэн мэдээлэл хийхгүй байгаа юм бэ. Хэрэв ингэж чадахгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг парламент хөндөх ёстой. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар хүлээсэн цорын ганц үндсэн том чиг үүрэг нь хуулийн биелэлтийг хангах явдал. Монгол Улсад үйлчилж буй хуулиудын хэрэгжилтэд анхаарч, шахаж шаардан, хуулийг биелүүлэхгүй албан тушаалтнуудад хатуу хариуцлага оногдуулдаг байх эрх нь Ерөнхий сайдад бий. Ерөнхий сайд албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж ажиллана гэдгээ өөрөө мэдэгдчихсэн биз дээ. Ингэж хэлснээ үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Хэрэв харуулж чадахгүй юм бол энэ хуулийг хэрэгжилтийг нь хангуулж чадахгүй нь гэдгээ ч хэлэх ёстой.

Хоёрдугаарт, “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхол эрх баригч намд алга. Иргэд хоёрхон зүйлийг хүсдэг. Өөрийнх төлж байгаа татварын мөнгө хаашаа орж байна, зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа эсэхийг ил тод байлгадаг нь Шилэн дансны тухай хууль. Төсвийн мөнгийг зарцуулах  нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байгаа албан тушаалтнуудад татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнах үүргийг оногдуулсан. Үүнд хяналт тавих нь Үндэсний аудитын газар. Харамсалтай нь, энэ газар ажлаа хийхгүй байна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж