"Тусгаарлагдсан хүмүүс дотор хэрэгт холбогдоод ирсэн хүмүүс ч байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

"Тусгаарлагдсан хүмүүс дотор хэрэгт холбогдоод ирсэн хүмүүс ч байна"

"Тусгаарлагдсан хүмүүс дотор хэрэгт холбогдоод ирсэн хүмүүс ч байна"

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эмч мэргэжилтнүүд болон цагдаа, онцгой байдал, хил хамгаалах гаалийн ажилтнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байнаУлсын онцгой комисст хэчнээн төгрөгийн хандив цуглаад байна вэ?

-Юуны түрүүнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дэмжиж чин сэтгэлийн хандив өргөсөн нийт ААН, иргэддээ Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссын төрийн сангийн дансанд 150 гаруй ААН байгууллага, 190 гаруй иргэнээс  нийт 918 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан. МөнХурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолтоо зохион байгууллаа. Уг тоглолтын үеэр 27 мянга 900 гаруй иргэн 240 орчим сая төгрөгийн хандив өгсөн.

Нийт дүнгээр нь авч үзвэл 1 тэрбум 160 сая төгрөгийн хандив Улсын онцгой комиссын дансанд төвлөрөөд байна.

Бараа материалын тухайд нийт 20 гаруй ААН байгууллагаас 186 сая төгрөгийн эд материал цугларсан. Иргэд, ААН-үүдээс өгсөн сайн санааны хандивыг бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг, наргүй үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид буюу эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, МХЕГ, цагдаа, бусад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын бээлий, ариутгалын бодис, багаж тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөж байна.

-Иргэдийн хандивласан мөнгөн тусламжийг хэрхэн юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэд, ААН, байгууллагуудаас ирүүлсэн дотоодын хүмүүнлэгийг зохицуулах Засгийн газрын 271 дүгээр журам бий. Уг журмын дагуу тухайн мөнгө болон эд материалын хандивыг ил тод зарцуулах эргээд тайлагнах үйл явцыг зохицуулсан байдаг. Энэ хүрээнд Улсын онцгой комисст ирүүлсэн хандивыг зөв, нэн шаардлагатай салбарт нь хуваарилах замаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, постууд дээр ажиллаж буй алба хаагчдад нэг удаагийн амны хаалтын хэрэгцээг дотоодын үйлдвэрүүдийн 85 мянган ширхэг амны хаалтад 85 сая төгрөгийг зарцуулсан.

Мөн нэн шаардлагатай буюу коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулсан тоног төхөөрөмж бүхий амьсгалын аппаратыг Зүрх, судасны тасагт хоёр ширхгийг нийлүүлэхэд 240 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн. Бусад мөнгөн хөрөнгө одоогоор зарцуулагдаагүй байна. Бараа материал дотроо ялангуяа түргэн муудах зориулалттай бүтээгдэхүүнийг хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад хуваарилах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

-Нэмж эмнэлгийн тоног төхөөрөмж авах уу?

 –Салбаруудаас судалгаа авч байна. Нэн шаардлагатай бараа материал, хувцас хэрэглэл аль салбарт дутагдаж байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр үнэлгээ хийж хандиваас хэрхэн зарцуулахыг Улсын онцгой комиссын хуралдаанаар ярьж шийдвэрлэнэ.Үүнтэй холбогдуулаад Улсын онцгой комисст цугларсан хандивыг зарцуулах, зохион байгуулах, хяналт тавих түр журмыг боловсруулж байна. Энэ журмын дагуу хандивын үйл ажиллагааг зохицуулна. Засгийн газар эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд худалдаж авах үйл ажиллагаанд зориулж Эрүүл мэндийн яаманд 3.7 тэрбум төгрөгийг мөн МХЕГ-т 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

-Зарим эмнэлгийн ажилтнууд амны хаалт бусад хамгаалалтын хэрэгслийг цалингаасаа өөрсдөө худалдан авч байгаа тухай мэдээлэл гарсан нь хэр үндэслэлтэй вэ?

Ташаа мэдээлэл. Дээр хэлсэнчлэн Улсын онцгой комисст ирүүлсэн эд, материал, мөнгөн хандивыг шаардлагатай газруудад нь хүргүүлээд зохион байгуулалтын ажлуудыг хийж байна.

Зарцуулалтын талаарх “Шилэн данс”-ыг  хөтлөхгүй юм уу. Зарцуулалтаа яагаад тайлагнахгүй байна гэдэг асуулт иргэдийн зүгээс тавигдаж эхэлж байна.

 -Хандивт цугларсан мөнгийг маш өндөр хяналттайгаар зарцуулахаас гадна зарцуулалтад нь Засгийн газар болон Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч ажиллана. Тухайн эзэндээ, алба хаагчдад очиж байна уу, үгүй гэдэг зарцуулалтын тайланг эргээд хандив өгсөн тухайн ААН, иргэдэд нээлттэйгээр ил тод танилцуулна. Журам нь ч ийм.  Хоёрдугаарт, Улсын онцгой комисст ирүүлсэн хандив ард иргэдийн маань сайн санааны хандив. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд Монголчууд бүгд хамтдаа даван туулна гэдгийн том илэрхийлэл. Тийм учраас сайн хандивыг зүй бусаар зарцуулах эрх байхгүй. Өндөр хяналттай, хариуцлагатай байх ёстой.

-Тусгаарлалтад байгаа иргэдээс зардлыг нь авч байгаа юу. Нэг иргэнд хэчнээн төгрөгийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Тусгаарлах 14 хоногийн хугацаанд гарсан зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээр төлүүлэх шаардлагыг Улсын онцгой комиссоос тавьж байгаа. Одоогоор 500 гаруй хүн ажиглалтад, хоёр сэжигтэй тохиолдол байна. Тусгаарлах байрнаас гарсныхаа дараа тухайн хугацааны мөнгийг төлөхгүй гэсэн асуудлууд иргэдээс гарч байгаа. Эрүүл мэндийн яам нэг иргэнд хэчнээн төгрөгийн үйлчилгээ үзүүлэх талаарх жишиг зардлын тооцооллыг хийгээд Улсын онцгой комиссын хуралдаанаар танилцуулна. Тухайлбал, хэчнээн төгрөгийн хоол унд, ариутгал болон халдваргүйжүүлэх бодис хэрэглэж байгаа тухай тооцоог гаргаж байна. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ тус бүрт зардлын тооцоолол өөр өөр байгаа. 

 -Тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нь дуусаад гарсан хүмүүс зардлаа төлөөгүй гэж ойлгох уу?

 -Энэ хүмүүсээс төлбөрийг нь нэхэмжлэн авна. Хэрэв төлбөр төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд тухайн иргэний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч, хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлнэ.

 -Одоогоор тусгаарлагдаж буй иргэдийн зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?

 –Тухайн байгууллагын төсвийн зардлаас гаргаж байна. Цэргийн төв эмнэлэг бол Батлан хамгаалах яамны харьяа байгууллага учраас Батлан хамгаалах яамны зардлаас, ХӨСҮТ-ийнх Эрүүл мэндийн яамны зардлаас тус тус гарч байгаа.

 -Тусгаарлалтад байгаа хүмүүс дотор гаднын орнуудаас ялангуяа гуравдагч орнуудад амарч, зугаалж явж байгаад ирсэн хүмүүс цөөнгүй бий. Тэд бол төлбөрөө төлөх чадвартай, санхүүгийн боломжтой байтал төсвийн мөнгөнөөс зарцуулж байгаад олон нийтийн бухимдлыг төрүүлж байна л даа?

 –БНХАУ-д коронавирус дэгдэж дөнгөж эхэлсэн үед бид олон удаа анхааруулга мэдээлэл өгч, хилээр хэд хэдэн удаа иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Хэлж ярьж, анхааруулсаар байтал иргэд маань эх орондоо ирэхгүй хугацаа алдсан, зарим нь визийн хугацаа хэтрүүлсэн, тэнд байхдаа гэмт хэрэгт холбогдсон ийм хүмүүс ч байгаа. Тэр хүмүүсийн хувьд төлбөрийн чадваргүй гэдэг нь зарим баримтаар нотлогдсон.

Энэ хүмүүсийн тусгаарлалтын зардлын асуудлыг хэрхэх вэ гэдгийг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ. Мэдээж санхүүгийн боломжтой хүмүүс төлбөрөө төлөх нь зүй ёсны асуудал.

 –Ерөнхийлөгч болон айлчлалын багийн албаны хүмүүс тусгаарлалтаас хэзээ гарах вэ?

-Тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нь Пүрэв гаригт дуусна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн шаардлагуудыг бүрэн биелүүлж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж