“Энэ жил найман байршилд дугуйн зам барина”

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

“Энэ жил найман байршилд дугуйн зам барина”

“Энэ жил найман байршилд дугуйн зам барина”

Автомашины түгжрэлээс залхсан иргэд дугуйгаар хөдөлгөөнд оролцох сонирхолтой болсон. Гэвч зориулалтын зам талбай хангалтгүй байгаагаас иргэд дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож чадахгүй хэвээр. Тэгвэл энэ жил Улаанбаатар хотод 52.2 км дугуйн замын иж бүрэн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Хот төлөвлөлт, судалгааны институтийн дарга Ч.Рэгзмаагаас тодрууллаа.


-Улаанбаатар хотод энэ жил хамгийн урт дугуйн замыг барина гэж сонслоо. Танай байгууллага дугуйн замын зураг төслийг хариуцан ажиллаж байгаа гэсэн үү?

-УИХ -ын 13 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын 2020-2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг төр захиргааны байгууллагууд мөрдлөгө болгон хэрэгжүүлж ажилладаг. Энэ ажлын хүрээнд авто замын мастер төлөвлөгөөг 2017-2018 онд хэд хэдэн томоохон судалгааг хийж, боловсруулж дууссан. Жишээлбэл, өрхийн зорчилтын судалгаа, авто замын ашиглалт, хамгаалалт гэх мэт олон судалгааг хийсэн.

Уг ажлын дагуу 2030 он хүртэл Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэр дээр 800 гаруй км дугуйн зам барихаар төлөвлөөд буй. Манай Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 онд Улаанбаатар хотын дугуйн замын техник эдийн засгийн нөхцлийг захиалж, боловсруулсан. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн дугуйн замыг хийгээд байна. Энэ онд ажлаа үргэлжлүүлэн хийх болно.

Манай байгууллагаас нийслэлийн найман байршилд нийт 52.2 км дугуйн замыг барихаар зураг төслийг хийгээд дуусч байна. Уг ажлыг хавар барилгын ажил эхлэхээр хийхээр төлөвлөсөн. Одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Найман байршилд байгуулах дугуйн замын маршрутыг танилцуулбал?

-Нийслэлийн барилгажсан хэсгийн хэвтээ, босоо тэнхлэгт гол замуудаа түшиглэн дугуйн замыг эхний ээлжинд барьж байгуулна. Цаашдаа 2030 он хүртэл дугуйн замыг нэмж байгуулна.

Тодруулбал, Таван шар- 10 дугаар хороолол, Саппорогоос хойшоо 3.4 дүгээр хорооллын гол замаар яваад Баянбүрдийн уулвар хүртэл, Самбуугийн гудамж болон Офицеруудын ордон-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Багшийн дээдийн уулзвар хүртэлх, Богд уулын арын зам, Туул голын арын далан дагасан зам, 2019 онд ажил нь эхэлсэн Улиастайн уулзвараас Налайх хүртэлх зам дагасан байршлын зураг төслийг боловсруулсан.

 Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7.1 км дугуйн замыг энэ зун ашиглалтад оруулна.  Одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Налайх чиглэлийн авто зам дагуух дугуйн зам хамгийн урт нь гэв үү?

-Тийм. Улиастайн уулзвараас Налайх хүртэлх зам дагасан дугуйн зам нийтдээ 15 км үргэлжилнэ.

-Дугуйн зам дагуу тохижилтын ямар ажлуудыг хийх вэ?

-Явган хүний зам, дугуйн зам гээд нийт гурван метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа.

Уг төслийн  дугуйн замууд нь ямар нэгэн саадгүй, стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1.5 км тутамд амрах талбайтай, хотын баруун зүгээс зүүн зүг хүртэл үргэлжлэх  зориулалтын зам байх юм. Бидний зүгээс хотын оршин суугчдыг чөлөөтэй дугуйгаар болон явган зорчиход аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Мөн дугуйн зам дээр моторгүй тээврийн хэрэгсэл буюу скүүтер явах боломжийг бүрдүүлж, дугуй түрээслэх, дугуй хадгалах, скүүтерээ цэнэглэх боломжтой.

-Дугуйн зам барьж байгуулахтай холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлыг хийх үү?

-Газар чөлөөлөлт гэхээсээ илүү иргэн аж ахуй нэгжийн эзэмшлийн газрын булан тохой, талбай өртсөн асуудал байгаа. Энэ ажлыг чиг үүргийнхээ дагуу нийслэлийн Газрын алба, дүүргийн газрын албатайгаа хамтран зохион байгуулна. Манай байгууллагаас төлөвлөлтөд өртсөн талбайн хэмжээг тогтоож, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Бид олон улсын стандартад нийцсэн дугуйн зам барихыг зорьж байгаа. Барилгажсан, хүн хөдөлгөөн ихтэй зам дагуу иргэн, аж ахуй нэгжийн эзэмшлийн нэгж талбарууд өртөхөөс гадна түргэн үйлчилгээний цэг барьж, үйл ажиллагаа явуулж буй хүндрэлтэй асуудал гарч байна.

-Дугуйн замыг тавьснаар замын хөдөлгөөний ачааллыг хэдэн хувиар бууруулна гэсэн тооцоолол бий юу?

-Нийслэлд дугуйн замыг нэмэгдүүлснээр моторгүй тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцох боломжийг олгож, замын түгжрэл ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна. Хоёрдугаарт, иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх эрүүл мэнд талаасаа ач холбогдолтой юм.

-Ер нь олон улсад дугуйн замын стандарт ямар байдаг вэ. Монгол Улсад тэр стандартыг мөрдөн ажиллаж чадаж байна уу?

-Нийслэл Орчны хяналт, стандартын газартай болсон. Монгол Улсад мөрдөгдөж буй дугуйн замын стандарт гэж бий. Гэхдээ энэ стандарт маань төдийлөн боловсронгуй болж чадаагүй. Үүнд манай байгууллага саналаа өгнө. Орчны хяналт, стандартын газраас олон улсад дугуйн замын стандарт ямар байх ёстой вэ,  тэр л стандартыг боловсруулж гаргахаар төлөвлөөд байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж