Сургалтын эмнэлэг санхүүжилтгүйгээс хаагдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Сургалтын эмнэлэг санхүүжилтгүйгээс хаагдах уу?

Сургалтын эмнэлэг санхүүжилтгүйгээс хаагдах уу?

Япон улсын Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монголд анхны сургалтын эмнэлэг баригдаж, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд ашиглалтад орсноор орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжингүй орны жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэтэл нээлтээ хийгээд нэг жил ч бололгүй тус эмнэлэг хаалгаа барихад хүрсэн талаарх мэдээлэл шуугиулах болов. Тодруулбал, “Өчигдөр дурангийн тасаг нь хаагдсан. Өнөөдөр цаасгүй болж зүрхний цахилгаан бичлэг хийхгүй боллоо. Маргаашнаас лабораторио хаана. Дараа долоо хоногт эмнэлэг хаалгаа барина” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа сургалтын эмнэлэгтэй болох мөрөөдөл биеллээ олсон ч бусдын өгсөн бэлгийг монголчууд ашиглаж чадахгүй болсон цаад шалтгаан нь юу вэ гэдгийг тодруулахаар сурвалжлав.

ЭМНЭЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭВИЙН ЯВУУЛАХАД САНХҮҮГИЙН АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА

Үүднээсээ эхлээд л орчин үеийн загварын чиг хандлага, япон стандартыг нэвтрүүлсэн тус эмнэлгээр ороход л халуун хэмжин, шалгав. Олон ч хүн холхилдох агаад хүлээлгийн заал дүүрэн хүн сууж байв.

Тус эмнэлгийн Олон нийттэй харилцах, маркетингийн мэргэжилтэн А.Наранчимэгээс үйл ажиллагаа нь яагаад доголдсоныг лавлахад “Манай эмнэлэг хэвийн ажиллаж байна. Сошиалаар цацагдсан шиг үйлчилгээ доголдож, хаалгаа барьсан зүйл байхгүй. Одоогоор энэ асуудлын талаар албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь, удирдлагууд өнөөдөр /2020.3.9/ Сангийн яамны хуралд оролцож байгаа. Нэгдсэн шийдэлд хүрэхээр удахгүй албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.

Түүнчлэн “Цаашид эмнэлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад санхүүгийн асуудал үүссэн. Эмнэлгийн төсвийг нэмэх асуудлыг ярилцахаар удирдлагууд Сангийн яаманд хуралдаж байна” гэсэн юм. Тус эмнэлэг нь харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн 9, 10, 12, 13, 26 зэрэг таван хорооны иргэдэд үйлчлэхээс гадна 13А маягтын дагуу мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлдэг. Нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлгийн амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай  аж. Энэ утгаараа бусад эмнэлэгтэй харьцуулахад их хэмжээний төсөв шаарддаг байна. Эмнэлгийн зүгээс 2020 онд тус эмнэлэгт 17.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн хүсэлт явуулсан ч 4.5 тэрбум төгрөгөөр л төсвийг нь баталж өгчээ. Энэ нь дүүргийн эмнэлэгтэй адил санхүүжилт бөгөөд төлөвлөгөөнөөс даруй дөрөв дахин бага байгаа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулах болсон тухай учирласан юм.

ОРОН НУТГААС ИРЖ ҮЗҮҮЛЭХЭД ЯМАР Ч АСУУДАЛ АЛГА

Тус эмнэлгээр үйлчлүүлээд гарч буй иргэдээс ямар үйлчилгээ авсан болон үйлчилгээ авахад ямар асуудал тулгарч буйг тодрууллаа.

Б.Бүрэнжаргал: Ээжийгээ эмчид үзүүлээд явж байна. Ээж маань орон нутгийн харьяалалтай. 13A-тай ирээд өнөөдөр энэ эмнэлэгт үзүүлсэн юм. Шулуун гэдсийг нь дурандуулаад эмчилгээг нь бичүүлчихлээ. Эмнэлгийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Цаг аваад үзүүлдэг юм байна. Ямар нэгэн асуудалгүйгээр шуурхай үйлчилсэн. Эмнэлгийн орчноос эхлээд үйлчилгээ гээд бүх зүйл нь гоё санагдлаа.

ХОДООД ДУРАНДАХГҮЙ БАЙНА

О.Цэнгэлмаа: Би Баянзүрх дүүргийн IX хорооны иргэн. Өрхийн эмнэлгээс энэ эмнэлэгт ходоодоо дурандуул гэсэн 13A бичиж өгсөн. Ходоодоо дурандуулахад харьяаллын дагуу энэ эмнэлгээр үйлчлүүлэх ёстой. Гэхдээ ходоодоо дурандуулж чадсангүй. Эмнэлгийн ажилтан нь “Ходоод дурандахгүй байгаа” гэж хэлсэн. Нарийн учрыг нь тайлбарласангүй. Хэзээнээс дурандаж эхлэхээ ч хэлж мэдэхгүй байна лээ.

 

 

ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ХИЙЖ БАЙНА

-Монгол-Японы сургалтын эмнэлэгт нуруугаа үзүүлж, зүрхний бичлэг хийлгэх зэрэг олон үйлчилгээ авлаа. Би улсын олон эмнэлгээр үйлчлүүлж байсан. Энэ эмнэлгийн үйлчилгээ надад маш их таалагдлаа. Баасан гаригт /2020.3.6/энд ирэхдээ зүрхний бичлэг хийлгэх Даваа гаригийн цаг авсан. Тэр цагтаа буюу өнөөдөр 13.30 цагт ирээд үзүүлэхэд ямар ч асуудал алга. Цагтаа ирээгүй хүмүүсийг дахин цаг ав гээд явуулж байгаа харагдсан.

УЛСЫН ЭМНЭЛЭГ ГЭХЭД ТУН ШУУРХАЙ

Ч.Оюунцэцэг: Би Сонгинохайрхан дүүргийн харьяат ч 13А бичгээр энэ эмнэлэгт олон шинжилгээ өгсөн. Үйлчилгээ нь маш их таалагддаг. Улсын эмнэлэг гэхэд тун шуурхай үйлчилгээтэй. Бүх үйлчилгээ нь нийгмийн даатгалаас төлөгддөг болохоор  боломжийн байдаг. Өнөөдрийн хувьд уламжлалтын эмнэлэгт нь массаж хийлгэхээр ирсэн. Улсын эмнэлэг болгон дараалал үүсгэж, чирэгдэл учруулахгүй яг ийм болчихвол их сайхан байна.

Дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх тус эмнэлэг 104 ортой бөгөөд Монголд эмчлэгдэхгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх боломжтой гээд олон зүйлээрээ давуу байх талаар албаны хүмүүс өмнө нь мэдээлэл өгч байсан ч өнөөдөр үйл ажиллагааг нь доголдуулчихалгүй хэрхэн авч явах вэ гэдэг удирдлагуудынх нь толгойны өвчин болж хувирчээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж