Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ОУХБХ ( FIFA )-аас гаргасан хуваарийн дагуу гуравдугаар сарын 26-ны өдөр Тажикстан улсын эсрэг тоглох байсан. Мөн тус тоглолтоос тав хоногийн дараа Дэлхийн шилдэг багуудын нэг Япон улсын шигшээ манай улсад зочлон тоглох байлаа. Эдгээр тоглолтуудтай холбоотойгоор Үндэсний шигшээ баг гуравдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Катар улсад бэлтгэл хийх байсан ч Монгол Улсын Онцгой Комиссоос гаргасан, халдвар илэрсэн орнуудад зорчихгүй байх зөвлөмжийг чиглэл болгож захиалгат нислэгээ цуцалж, Катар улсад хийх бэлтгэлээ хойшлуулсан юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбоотой нягт хамтран ажилладаг Катарын Хөлбөмбөгийн Холбоо ч нөхцөл байдлыг ойлгож, товлосон бэлтгэлийг ирэх саруудын хэдийд ч тус улсад хийх боломжтой гэдгийг мэдэгдсэн. Тиймээс дэлхий нийтийг цочроосон коронавирусийн халдвар хурдтай газар авч байгаа энэ үед тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюултай нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбоонд хүсэлт гаргасан юм.
Азийн Хөлбөмбөгийн Холбоонд харьяалалтай хэд хэдэн холбоод бидний адил яаралтай хуралдаж, гуравдугаар сард явагдах шигшээ багийн болон клубын хэмжээний тоглолтуудыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Эдгээр хүсэлтийн дагуу Азийн Хөлбөмбөгийн Холбоо ОУХБХ-нд хандаж, шуурхай хуралдсанаар өнөөдөр албан ёсны шийдвэр гарлаа.
Тус шийдвэрийн дагуу энэ сард явагдах хуваарьтай байсан ч хойшлуулах хүсэлт гаргасан холбоодын саналыг ОУХБХ болон АХБХ дэмжсэн бөгөөд хэзээ явагдах вэ гэдгийг ОУХБХ болон АХБХ-ноос ирэх өдрүүдэд хуралдан шийдвэрлэнэ. Харин тоглолтоо хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн холбоод ОУХБХ болон АХБХ-ны зөвшөөрөлтэйгөөр, эрүүл мэндийн бүхий л хэм хэмжээ шаардлагыг хангасан нөхцөлд, хоёр тал зөвшөөрсний үндсэн дээр тоглолтыг явуулах боломжтой гэлээ.