Саяхан дэлхийн түүхтэй холбоотой нэгэн ном уншлаа. Сайхан бичлэгтэй ном юм. Түүхийг ингэж бичиж болдог байна шүү. Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Юваль Ной Хараригийн бичсэн "Sapiens Хүн төрөлхтний товч түүх". 26 хэл дээр орчуулагдсан бөгөөд Их Британи, Испани, Словени, Тайвань, Израильд бэстсэллэр болсон ном. Мөдхөн II дэвтрийнх нь монгол хэвлэл худалдаанд гарах сурагтай.
Манай түүх бичлэгийн тухайд
Би түүхч хүн биш л дээ. Гэхдээ түүх, түүх бичлэгийн талаар өөрийн гэсэн бодол байдаг. Монголын түүхчдийн бичсэн янз бүрийн ном уншиж байлаа. Сэтгэл дундуурхан үлддэг. Судалгаа болон хийж буй дүгнэлт нь нэг л биш. Манайхан түүхээ янз бүрээр л бичих юм. Нэлээд тохиолдолд худал, үнэнийг хольсон, мушгиж гуйвуулсан, үзэл сурталжсан, магтан дуулсан, харааж харлуулсан, зориудаар “мартагнаж орхигдуулсан”, ихэнхдээ олон түмний санаа сэтгэлд тохируулах гэж оролдсон, баримт материалд хэт субъектив дүгнэлт хийсэн байдаг бол цөөн тохиолдолд, бодитой, цэх шулуун, эрүүл саруул ухаан дээр тулгуурласан байх аж.
Би МУИС-ийн философийн анги төгссөн хүн. Тэр үед философийн ангид үзэхгүй хичээл гэж байхгүй. Биологи, физик, дээд тоо, хэл шинжлэл гээд. Гэхдээ эдгээр ухааны үндэс, философитой холбогдох учиг, проблемтэй асуудалтай голчлон танилцана. Харин Монголын түүхийн лекцийг нэлээд дэлгэрэнгүй сонссон. Монголын түүхийн лекцийг Бээжингийн Их сургуульд сурч түүхч болсон Чимидцэрэн (ер нь хуучин тогтолцооны үед хэлмэгдэж явсан сайн түүхчид болох Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ч.Далай нар бүгд 1950-60-аад онд Бээжингийн Их сургуульд суралцсан байдаг, Чимидцэрэн багш тэдний нэг), тэр үедээ залуухан багш байсан Чулуунбаатар гэсэн багш нар бидэнд уншсан.
Чимидцэрэн багш маань “муутуу цаасны үнэр аваагүй хүнийг ямар түүхч гэдэг юм” гэдэгсэн. Энэ үгний учрыг одоогийн хүмүүс ойлгохгүй биз. Үнэхээр ч Монголын түүх судалж буй хүн муутуу цаасан дээр манж, хятад, перс хэлээр бичсэн түүхийг уншаагүй бол ямар юмны Монголын түүх судлаач байх вэ дээ. Жинхэнэ эх сурвалжийг тухайн хэлээр нь уншиж, танилцаж, судалдаг түүхч одоо байна уу?! Арга ядахад дээрх хэлээс гүжирдэлгүй буулгадаг судлаачидтайгаар нь англи хэл дээр бичдэг авторуудтай танилцсан байх ёстой. Түүнээс биш 1950-90 онд байсан МАХН-ын түүх судлаачид шиг орос хэл хальт мульт гадарладаг бол шаардлага үнэхээр хангахгүй.
1950-90 онд Монголын сэхээтнүүд 1921 оноос хойших Монгол улсын түүхтэй МАХН-ын түүх гэж нэг предметээр дамжуулан танилцдаг байлаа (“Монгол улсын түүх” гэж тусдаа предмет байсан л даа. Гэхдээ МАХН-ын түүхийнхээ хуулбар болсон зүйл байдаг байв).
Ер нь социализмын үеийн албан ёсны түүх бичлэг бол авах юмгүй шүү дээ. Хэтэрхий муухай гуйвуулсан, хэлмэгдэж зовсон гэм зэмгүй хүмүүсийг гүтгэж гүжирдсэн, энхрий хайрт намаа худал магтсан, хэрэггүй эд.
МАХН-ын түүхчид бол хаадын түүх бичээч гэдэг шиг эздийнхээ хүссэн зүйлийг эрээчигчид. Тэд ямар ч амбицтай хаадаас илүү түүхийг мушгин гуйвуулсан хүмүүс. Ер нь, дэлхий дээр улс орныхоо түүхийг эдэн шиг мушгин гуйвуулсан хүмүүс байхгүй биз ээ. Чухам ичиж зовох, эрээлэх сэтгэлийн өчүүхэн ч хэлтэрхийгүй “туусан” байдаг.
Дашрамд хэлэхэд, одоо ардчилсан хөдөлгөөний түүхийг бичнэ гэж хачин юм болох нь. 30-аадхан жилийн өмнө болсон, оролцож явсан бараг бүх хүн нь амьд байхад энэ түүх муухай гуйвж, гажиж эхэлсэн шүү дээ.
Мэдлэгт тулгуурласан, эрүүл саруул ухаанаар дүгнэсэн түүх бичлэг
Тэгвэл Sapiens номыг уншаад түүхч хүн бүр ийм мэдлэгтэй, энэ хэрийн сэтгэх чадвартай, улмаар энэ чадварууд дээрээ тулгуурлан дүгнэлт хийдэг бол гэж бодогдсон шүү. Номд хүний үүслээс эхлээд танин мэдэхүйн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хөдөө аж ахуйн хувьсгал, бичиг үсэг үүссэн түүх, түүний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, хүмүүний үржил, мөнгө гэж юу болох, шашнуудын үүх түүх, зөрчил мөргөлдөөн, аж үйлдвэрлэл, капитализмын тухай сэдвүүдийг тун өвөрмөц маягаар өгүүлсэн байна.
Үнэхээр сонирхолтой, түүх гэхээргүй атлаа түүх. Уншигчид хүн төрөлхтний түүхийг тэс өөр өнцгөөс харуулж, учир начир, шалтгаант холбоог нь мэдүүлж байна.
Манай түүхчдийн хамгийн гол сурч авмаар зүйл бол археологи болон бусад түүхэн баримт олныг дурдсан атлаа учир шалтгааныг нь мэдэхгүй бол түүнийгээ шууд хэлдгийг нь. Одоогоор ийм баримт байна, археологийн ийм олдвор олдсон, гэхдээ энэ бүхэнд тайлбар хэлж мэдэхгүй байна гээд. Түүхийг ингэж бичиж сураач гэмээр байна. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ шууд хэлэх. Худал эсвэл аль болох олон хүнд таалагдсан таамаг дэвшүүлэх гэж оролдохоо болимоор байна. Эцсийн эцэст түүхийн судалгааны зорилго бол түүхэн үйл явдлыг үнэнээр босгох болохоос одоо амьдарч буй хүмүүст таалагдах, тэдний дуртай зүйлийг хэлэх явдал биш шүү дээ. Түүхэн баримт, түүнээс гарах дүгнэлт хүмүүст таалагдах уу, үгүй юү гэдэг бол судалгаа шинжилгээнд огтоос хамаагүй. Үүнд хэтэрхий санаа тавихаар хуурамч түүх босоод ирж байгаа юм.
Sapiens номын 241-43-р талд шинжлэх ухааны судалгаа, түүхийн судалгаа хоёрын ялгаа, онцлог, бэрхшээлийн тухай сонин санаа гаргасан байна билээ. Ер нь түүхийн судалгааны арга зүйн асуудал одоо проблем болоод байгаа юм биш үү. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, түүх, нийгмийн судалгаанд байгаль шинжлэлийн арга зүйг хэрэглэх талаар 1999 онд Будапештэд болсон нэгэн семинар дээр Соросын ярьж байсныг санаж байна. Тэгэхэд тэрбээр өөрийн багш Карл Поппэгийн арга зүйг голчлон ярьсан (Соросын танин мэдэхүйн агуулга бүхий лекцийг сонссон хүмүүс мэднэ дээ, тэрээр лекцээ “My mentor Popper said …” гээд эхэлдгийг).
Sapiens номын гарчгууд ч их сонин. Бүгдийг хэрхэн тоочихов, ганц хоёр жишээ татахад, газар тариалан эрхлэхээс өмнө түүн цуглуулах, ан агнуур эрхэлж байсан нийгэм, тухайн нийгэм дэх гэр бүлийн харилцааны тухай өгүүлсэн хэсгээ “Адам, Ева хоёрын амьдралын нэг өдөр”, Америк дахь боолчлол, Энэтхэгийн кастын систем, ер нь нийгэм дэх зэрэг дэв, зиндаархал, шударга бус байдлын тухай параграфаа “Түүх шударга биш”, амьд биеийн инженерчлэлийн тухай хэсгийг “Хомо сапиенсын төгсгөл” гэх мэтээр гарчигласан байх шиг.
Номон дахь зохиогчийн анализ, нэгтгэн дүгнэлттэй тэр бүр санал нийлэхээргүй зүйл олон байв. Гэлээ ч номоо ийм хэв маягаар бичсэн нь үнэхээр сонирхол татсан. Түүхийг зүгээр үйл явдлын он, дарааллын жагсаалт маягаар бичих арга барил үнэхээр хоцрогджээ.
“Монголын нууц товчоо” хэмээх нэрийн тухайд магадлал тун өндөр нэгэн верс
Нэгэнт түүх бичлэгийн тухай өгүүлж байгаа болохоор Монголын түүхийн урдаа барьдаг эх сурвалж болох “Монголын нууц товчоо”-ны тухай олны анзаардаггүй хоёр санааг толилуулъя. Нэг нь, уг номын нэрийн тухай, нөгөө нь, уг номыг бидэнд хүргэсэн хүний тухай. Ингээд нэрийн тухай версээсээ эхэлье.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө шиг санагдана. Загас жараахай, ан гөрөө гэдэг нэгэн анд маань хөдөө хамт явъя гэдэг юм. Бидэнтэй Мишэль Баалк гэх герман эр эхнэртэйгээ явлаа. Тэр үед Баалк Берлин дэх Улсын номын сангийн Азийн секторын эрхлэгчээр ажиллаж байв. Тиймээс Монголын түүх, утга зохиолын дурсгалын талаар бага сага зүйл мэднэ л дээ.
Хойшоо Хонин нуга руу гараад давхиж явтал Дархан явах замд тааралддаг “Монголын нууц товчоо” гээд амралтын газрын хаяг. Түүнийг харчихаад мань эр надаас асууж байна. “Монголын нууц товчоо” гэсэн нэрийг хэн өгсөн юм, яагаад “нууц” гэсэн үг оруулсан юм бол гэж. Би ч яах вэ, өөрөө ч итгэл үнэмшил төрдөггүй хэрнээ нөгөөх улиг болсон Монголчууд их хаадынхаа түүхийг нууцалдаг байсан гэсэн тун сул үндэслэлтэй таамаг төдий хариултаа өглөө дөө (үнэндээ, “Нууц товчоо”-нд нууцлаад байх ч зүйл байхгүй санагддаг).
Гэтэл нөгөөх чинь “Монголын нууц товчоо” гэсэн нэрийг номын санчид өгсөн байх магадлалтай гэдэг юм байна. Ингээд тэрээр өөрийнхөө санааг үндэслэлээ. Сонсоод байх нь ээ, тун үнэмшилтэй санагдсан.
Ингээд дараах верс гарч ирж байгаа юм. 1228 (энэ онд “Нууц товчоо”-ны ихэнх хэсэг нь бичигдсэн), 1240 онд (энэ онд сүүлийн 2 бүлгийг бичсэн гэдэг) Монголын их хаан, заавал хаан ч байх албагүй нэг том ноён ч байсан байж болно, “бусад орны хаад өөрийн тухай бас улс гүрнийхээ тухай бичиж үлдээдэг юм байна, тэгэхээр бидний тухай, бидний байгуулсан улс гүрний тухай түүх бич” гэсэн зарлиг буулгаж. Мэдээж, тушаал авсан монгол хэл мэддэг хятад юм уу, персийн түүхч (эсвэл бичиг үсэгт суралцсан монгол хүн ч байсан байж болно. Зохиогч нь өнөө хэр тодорхойгүй гэдэг биз дээ) Хөдөө аралд сууж байгаад бичээд дуусгаж. Тэгээд хаанд юм уу зарлиг буулгагчид хийсэн зүйлээ өгнө, түүнийг нь нөгөө хаан хүлээн аваад энэ номд чинь гарчиг, нэр байхгүй байна гээгүй нь мэдээж. Ер нь, тэр үед байтугай нэлээд хожим түүх гэсэн үгийг хэрэглэж байгаагүй, “товчоон”, “эрхи” гэсэн үгүүдээр түүх гэсэн ойлголтыг илэрхийлдэг байсан. Ямар ч байсан тэр хаан энэнд чинь гарчиг алга гэсэн “редакцийн шаардлага” тавиагүй байх. Түүх бичих зарлиг нь гүйцэлдсэн, гүйцээ.
Анх Кафаров гэгч хүн энэ номыг олж (олох ч юу байх вэ, Бээжингийн номын сангаас танилаараа авахуулсан гэдэг) шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах үед уг ном ханзаар бичигдсэн байв. Монгол үгнүүдийг ханзаар биччихсэн байж. Өнөөгийн бид мэссэж бичихдээ монгол үгнүүдийг латин үсэг ашиглаад биччихдэг шиг. Тэгээд уг номыг тавиурт байрлуулахын тулд нэр өгөх хэрэгтэй болно оо доо. Эрж, хайж олоход амар, ер нь, номын сангийн тавиурт байгаа бүх ном нэртэй байдаг. Каталогижуулахад нэр оноож таарна. Ханзаар бичигдсэн хэрнээ хятад хүн уншиж болдоггүй тэр бичвэрүүд номын сангийн ажилтнуудад ямар утгаар ойлгогдох вэ? Номын сангийнхан уг бичвэрүүдийг ерөнхийдөө, Монголын түүхтэй холбоотой гэдгийг тааварлаад байдаг, тэгэхээр манай үсгийг ашиглаж бичсэн хэрнээ зориуд биднээс нууж монгол үгээр бичиж. Нууцалсан түүх байх нь, “Монголчуудын биднээс нууцалсан түүх” (Монголын нууц товчоо) гэсэн нэрээр каталогижуулчихъя! Байж болох верс мөн биз.
Энэ версийг 100% үнэн гэж зүтгэхгүй, гэхдээ илүү үнэмшилтэйг нь лав сонсоогүй. Илүү үндэслэлтэй верс гарвал дээрх таамаглалаасаа буцахад бэлэн. Фальсификацид орох замаар танин мэдэхүй урагшилдаг юм чинь. Энэ версийг фальсификацид оруулсан верс гэвэл нэлээд хүчтэй верс байж таарна.
“Нууц товчоо”-г унших боломжийг бидэнд өгсөн хүний тухай
(Гэхдээ Ц.Дамдинсүрэн гуайн тухай биш)
Ийм давхар гарчиг өгчихөөр Ц.Дамдинсүрэн гуайг дайрсан санаа гаргалаа гээд хүмүүс ойлгочих юм биш байгаа даа. Дамдинсүрэн гуай бол үнэхээр хүндэтгэж явдаг, буурлуудын маань нэг. Дэргэд нь, мань мэт юу ч биш гэдгээ мэдэхийн дээдээр мэднэ.
Гэхдээ мартах ёсгүй атал мартагдаад байдаг нэгэн хүний тухай өгүүлэх гэсэн юм. Бодлогот гүн Цэнд хэмээх өвөрлөгч ноёны тухай.
Ээж минь жил бүрийн цагаан сараар Дашням нагац гээд нэг хүн дээр очиж золгодог байв. Хожим нь би очиж золгодог боллоо. Гэтэл тэр нагац маань их сонин түүх намтартай хүн байсан юм билээ. Эхнэр нь Ц.Хандсүрэн. Нөгөө Бодлогот гүн Цэнд буюу Нууц товчоо-г унших бололцоог бидэнд олгосон хүний охин. Дашням нагац маань өөрөө Квантуны армийн генерал Гарамын Үржэнэйн хөвүүн. 1960-70-аад онд японоор юм бичүүлэх гэсэн хүмүүс Дүрслэх урлагийн музейн “япон Дашням” гээд гүйлддэг байсан гэдэг. Нагацын маань аав Үржин Гармаев, нөгөө МУИС-д багшилж байсан, нэрт манжич Квантуны армийн хурандаа байсан Шаарийбуу гуайрхуу намтартай хүн. Хойдох буриадууд голдуу Үржин багш (1917 оны Октябрийн хувьсгалаас өмнө хойно байхдаа гимназийн багш байсан юм билээ), Шинэхээний буриадууд болохоор Үржин ноён гэх. Үржин, Цэнд гүн, Цэвээн Жамсранов нар 1919 оны Дагуурын өртөөний Нармай Монголын хөдөлгөөний танилууд. Цэнд гүн, генерал Г.Үржин хоёр худ ургууд гэсэн үг. За энэ намтар түүх ч яах вэ. Гол юм руугаа оръё.
Цагаан сараар очиж золгох бүрд Хандсүрэн авгайхан бид хоёрын хооронд нэгэн яриа үүснэ ээ. “Монголын нууц товчоо”-ны тухай. Авгайхан хуучлах, “Аав дээлээ нөмгөн нөмрөөд юм бичээд л суудаг сан, тэр нь ‘Нууц товчоо’ байсан юм билээ” гэж. Хандсүрэн авгайхныг хуучцуул мэднэ дээ, насаараа ШУА-ийн Дорно дахины Хүрээлэнд ажилласан, Жужанаар ном бичсэн судлаач л даа. Манж, хятад, япон эх сурвалжийг маш сайн ашигладаг байсан. Цэнд гүний бага хатнай охин энэ хүнд 1970 онд Ленинградын номын санд очиж суух завшаан таарч. Тэгээд номын сангийн ажилтнаар “Нууц товчоо”-ны эх хувийг (ө.х. аавынхаа гар бичмэлийг) авчруулж уншсан байгаа юм. Тэгэхэд тэр ажилтан авгайханд хэлсэн гэсэн: “Танаас өмнө энэ номыг уншиж байсан монгол хүн гэвэл Ц.Дамдинсүрэн гуай. Энэ номон дээр нэлээд хэдэн жил суусан даа” гэж.
Цэнд гүн нөгөө Кафаровын “нээсэн” эх хувийг олоод уйгаржин дээр буулгасан байгаа юм (Хандсүрэн авгайхнай кириллээр бичсэн “Нууц товчоо – 2”). Тэр үеийн өвөрлөгч ноёдууд хуу манж, хятадтай байсан юм чинь. Тэгээд Судар бичгийн Хүрээлэнгийн Цэвээн Жамсрановт өгч. Авгайхан ярьдаг юм: аавын галигласан эх дээр аавын бичгийн хэвнээс өөр ганц хоёр тэмдэглээс байсан гэж. Тэр нь Цэвээний тэмдэглээс байсан байх.
Хандсүрэн авгайхан Ринчин Бямбаев гуайтай нэг удаа уулзахдаа энэ талаар асуусан байгаа юм. “Аавын энэ гар бичмэл яаж яваад Ленинградын номын санд оччихсон юм бол оо?” гэж. Ринчин гуай доорх хариултыг хэлсэн юм билээ: “Аав чинь Өвөр Монгол руу буцахдаа “Нууц товчоо”-ны гар бичмэлээ Судар бичгийн Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээн Жамсрановт үлдээсэн байх. Цэвээн Жамсранов багштан 1932-37 онд ЗХУ-ын Дорно дахины Хүрээлэнд ажилласан юм. Тэгээд баривчлагдах үед бүх бичиг цаасыг нь хураадаг байсан. Тэгээд л тэнд үлдсэн хэрэг”.
Хандсүрэн авгайхан аавынхаа энэ гар бичмэлийг анх 1989 оны хавьцаа Японы Осакагийн Их сургуулийн “Моко Кенкю” (Монгол судлал) сэтгүүлд 12 дугаар дамжуулан хэвлүүлсэн байдаг. Авгайхан тус сургуулийн профессор М.Онукиг МУИС-д уригдан багшилж байх үед эрдэм судлалынх нь ажлыг монголчлоход нь туслах зэргээр хамтран ажилладаг байсан юм билээ.
Нэмж хэлэхэд, Цэнд гүнэй Өвөр Монгол дахь их хатнаас нь гарсан хөвгүүдээс лав нэг нь нэлээд нэртэй “Нууц товчоо судлаач” болсон байх шүү.
Одоо 12-р микрорайоны 1-р байрны урдаас дээш өгссөн богино гудмыг “Цэнд гүний гудамж” болгосон. Авгайхнэй үр хүүхдүүд хотын захиргаанд хүсэлт тавьсныг ёсоор болгосон юм билээ. Яг охин Хандсүрэнгийнх нь амьдарч байсан байшингийнх нь урдуур дээш өгсдөг гудамж, баярлууштай.
Тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуай чухам энэ хүний ачаар “Нууц товчоо”-г уйгаржин бичгээс кирилл дээр буулгаж, бид түүнийг нь уншиж байгаа байх нь.
Мэргэжлээсээ өөр салбараар баахан юм биччихлээ, авахыг нь авч, хаяхыг нь хаяна биз.
Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН
PS: Дараагийн нийтлэл Ньютоны бүтээлтэй холбоотой. Тэтгэвэртээ суусан МУИС-ийн профессор нэгэн анд (физик, математикийн ухааны доктор Д.Төмөрбаатар) маань Ньютоныг орчууллаа. Гайхамшигтай. 10 гаруй жилийнх нь хөдөлмөр. Нөгөөх алдарт “Натур философийн математик зарчмууд” 3 ботиор монгол хэл дээр гарч байна. Гэхдээ нийтлэлийг гаргахаасаа өмнө мань хүнд үзүүлж зөвшөөрөл авах ёстой. Татгалзвал гаргах аргагүй, гэхдээ бараг зөвшөөрөх буй заа.
Холбоотой мэдээ