Цөмийн пуужингийн хурдасгуур хийхэд ашигладаг цацраг идэвхит бодисын өндөр агууламжтай “Луна” нэршилтэй, нэг килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоожээ. Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, Хангай хотхоны хажууд энэ сарын 5-ны өдөр иргэн П, Б, Д, Н, А нар бүлэглэн цацраг идэвхт бодисын өндөр агууламжтай химийн бодисыг худалдахаар суудлын тээврийн хэрэгсэлд хадгалж байжээ. Гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж буй юм байна.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг хийж, гадуураа төмөр хайрцагтай, шилэн савлагаатай, химийн бодисыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг химийн бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм байна.
“Луна” нэршилтэй дээрх химийн бодис нь 700 градуст хайлж задрал явагддаг, биологийн шинж чанар нь задралын үеийн уураар амьсгалахад хортой хүний биеэс гадагшилдаггүй бодис ажээ.
Б.ЦЭЦЭГ