Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдтойгоо муудалцаж, түүнийг “хөөж явуулсан” гэх мессеж коронавирусийн дуулианд дарагдаад өнгөрсөн юм. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг хоёр жил гаруй хугацаанд хашихдаа бараг дэд Ерөнхийлөгчийн хэмжээнд ажилласан нь бол үнэн. Харин төрхөмдөө буцаж, АН-ын албан бус дарга болчихоод байгаа З.Энхболд улс төрийн нүүдэл хийхэд хүрсэн жинхэнэ шалтгаан юу байв. “Аль нэг тойрогт ажиллах”-ын тулд амиа бодоод хийсэн сонголт лав биш. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн зөвлөгөөг дагаад сонгуульдаа бэлтгэхийн тулд АН-д буцаж ирээд ҮАБЗ-ийн “зөвшөөрөлтэй”-гээр хувьчлагдах болсон Тавантолгойг оролдоогүй ч биз.
Өнгөрсөн долоо хоногт АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд хэд хэдэн хэвлэл мэдээлийн хэрэгслээр дараалсан ярилцлага өгч, У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар нэг тэрбум ам.доллараар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг хууль бусаар хувьчлах гэж буй шинэ мэдээ олж сонссоноо дуулгав. УИХ өнгөрсөн жил Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцээд, улс төрийн шийдвэр гаргах эрхийг нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт олгосон юм.
З.Энхболдын ярилцлагуудын гол санааг товчилбол, УИХ-ын тогтоол гарах үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарахаар ярьж байсан боловч ҮАБЗ-ийнхөн өнөөдөр ганцхан тэрбумд өгөх гээд байгаа аж. Коронавирус, сонгууль гээд олон нийтийн анхаарлыг сарниулж байгаад зуун жил ашиглах Тавантолгой ордын лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг ганц тэрбум ам.доллараар зарахыг эсэргүүцэж буй З.Энхболд энэхүү мэдэгдлээ Ерөнхийлөгчийг карантинд сууж байх хойгуур хийсэн нь зориудын давхцал байж мэдэхээр. Хятадад айлчилж ирээд Улсын хоёрдугаар эмнэлэгт карантинд орсон Ерөнхийлөгч Х.Баттулга гарч ирээд ямар улс төрийн тоглолт хийх нь бас л сонирхол татаж байна.
Түүний тараасан мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эсэргүүцэхдээ “Коронавирусээс гадна төрийн вирус ажил хийлгэхгүй байгаа”-г онцолсон нь мэдээж З.Энхболдыг хэлсэн хэрэг. Эндээс харахад шинэ МАНАН бүлэглэлд задрал хэдийнэ явагдаж З.Энхболд ямартай ч сумаа тавиад эхэлжээ.
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа Х.Баттулга ялалт байгуулснаар Монголын улс төрд шинэ МАНАН бүлэглэл бий болсноо “албан ёсоор” ил тод зарласан. Өөр бусад фракц, бүлэглэлийг улс төр, эдийн засгаас шахаж гаргах, хууль хүчнийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхийн тулд ҮАБЗ-ийн гурван гишүүн Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн юм.
Өчигдөрхөн нэг баг болж, улс төр хийж явсан Х.Баттулга, З.Энхболд, У.Хүрэлсүх, Г,Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар дараалсан хоёр том сонгууль угтан зам мөрөө хөөцгөөж байх шиг. Тэдний хувьд хэн хэнээсээ дутахгүй том амбицтай. Бүгдээрээ л Ерөнхийлөгч болох сонирхолтой. Тэдэн дундаа З.Энхболд бие нь жижиг ч бэлчээр нь том улс төрч мөн. Монголын улс төрийн хатуу самар ч гэж хэлж болно. Өнгөрсөн хоёр жил Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын 65 гишүүнийг атгаж, УИХ, Засгийн газрыг албан бусаар "удирдаж" байсанд З.Энхболдын оролцоо ч бий.
Гэхдээ улс төрд мөнхийн найзууд, мөнхийн дайснууд байдаггүй гэгчээр шинэ МАНАН задрах нь цаг хугацааны асуудал байлаа. Х.Баттулга, У.Хүрэлсүхийн хослолд цэг тавигдана гэсэн хүлээлт улс төрд илүү байснаас Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын дарга асан хоёрын дундуур “хар муур” гүйнэ чинээ, тэд барьсан гараа тавилцана гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Тэдний “нөхөрлөл”-д цэг тавигдах болсон нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон АН-ын дарга С.Эрдэнийг прокурорын газраас яллагдагчаар татсан явдал гэх ордны хов ч дуулдаж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон нь З.Энхболдын зориудаар хийсэн үйлдэл гэж улс төрийн хүрээнийхэн харддаг, ярьдаг. Гэхдээ, З.Энхболд өөрөө үүнийг үгүйсгэж, өмнөх дөрвөн Ерөнхийлөгч нар шинэ Үндсэн хуулийн дагуу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой гэсэн ярилцлага өгч байв. Тэрбээр “Ерөнхийлөгчтэй муудаагүй” гэх тайлбар хэлдэг ч түүний Тавантолгойн хувьчлалын эсрэг эхлүүлсэн дайныг харахад Х.Баттулга, З.Энхболд хоёрын улс төрийн зам хэдийнэ салжээ гэлтэй. Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн пиарчид З.Энхболд руу чиглэсэн харлуулах ажиллагааг эхлүүлснийг бас харвал шүү дээ.
ҮАБЗ-ийн зөвшөөрөлтэйгөөр УИХ-аас зарж, хувьчлах бүрэн эрхийг нь У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрт өгсөн. Тэд ҮАБЗ-ийн дарга Х.Баттулгын “зөвшөөрөлгүй”-гээр дур мэдэн Тавантолгой зарж чадахгүй нь бодит үнэн юм. Учир нь, өнөөдөр улс төр, эдийн засгийн гол шийдвэрүүдийг ҮАБЗ-ийн дарга гаргадаг болсныг тэтгэврийн зээлийг тэглэлт болон Ерөнхийлөгчийн 30 мянган хоньтой урд хөршид хийсэн айлчлал харуулна.
Хэдийгээр наанаа У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрыг илээр нэрлэсэн болохоос З.Энхболдын Тавантолгойн улс төрийн гол бай нь Ерөнхийлөгч болж харагдаж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ