"Эмч нар амны хаалт, хамгаалах хэрэгслээ худалдаж аваагүй"

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

"Эмч нар амны хаалт, хамгаалах хэрэгслээ худалдаж аваагүй"

"Эмч нар амны хаалт, хамгаалах хэрэгслээ худалдаж аваагүй"

Эмнэлгийн ажилтнууд өөрсдийн мөнгөөр амны хаалт, хамгаалах хэрэгслийн хувцсаа авч байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодрууллаа.


-Азийн хөгжлийн банк, ДЭМБ-аас нийт 8.4 тэрбумын санхүүжилтээр эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд тараасан гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-ДЭМБ-аас коронавирусийн халдварын үед зайлшгүй байх ёстой тоног төхөөрөмжийн жагсаалт гаргасныг харсан. Хоёрдугаарт , нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтын хэрэгцээ тоон мэдээллүүдийг гаргасан. Энэхүү тооцоололд үндэслэн аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хуваарилалт хийсэн. Мөн хилийн сумдад тоног төхөөрөмж хуваарилсан. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон халдвар гарсан улс орнуудыг харж байхад иргэд нь амьсгалын дутагдалд их орж байна. Тийм учраас амьсгалыг дэмжих тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллонуудыг авлаа. Мөн коронавирусийн халдвар нь уушгийг илүү гэмтээж байгаа тул уушгины эмгэгийг илрүүлэх рентген аппарат, халдварт өвчтэй хүнийг өөр газар луу зөөвөрлөхгүйн тулд зөөврийн рентген аппарат авсан.

Сүүлийн үед авч буй мэдээллээр зүрхний эс эдийг гэмтээж байгаа тохиолдол их байгаа учраас зүрхний шигдээстэй андуурагдах тохиолдол байна гэх мэдээллийг бид БНХАУ-ын Эрчимт эмчилгээний эмч нараас we chat-аар холбогдон авч байна. Ийм учраас бид Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрхний шигдээсний тасгийг нэмэлтээр нээснийг та бүхэн мэднэ.

Энэ мэтчилэн аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хангалтыг нийлүүлээд байна. Нийт тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилж байна.

-Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 835 сая гаруй төгрөгийн хандив цугласан. Эрүүл мэндийн яаманд хэчнээн төгрөгийн хандив цуглаад байна вэ?

-Аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс ирүүлж буй хандив тусламж нэг санд цуглаж байгаа. Цугласан хөрөнгийг хуулийн дагуу л хандивлана.

-Нийслэлд зарим дүүргийн эмнэлгийн эмч нар амны хаалт, хамгаалах хэрэгслийн хувцсаа өөрсдийнхөө мөнгөөр худалдан авч байна гэх мэдээлэл цацагдаад байна. Эрүүл мэндийн яамнаас хандивт цугласан мөнгөөр эмнэлгийн хэрэгслүүдийг хангах ёстой. Амны хаалт болон эмнэлгийн бусад хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тараасан уу?

-Нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмч нар цалингаасаа амны хаалт, хамгаалах хэрэгслийн хувцсаа авч байна гэдэг мэдээлэл цацагдсан. Энэ дагуу бид шалгаж үзэхэд ташаа мэдээлэл байсан. Ерөнхийдөө эмнэлгүүд бэлэн байдлаа хангахаар дотоодынхоо санхүүжилтээр эм, эмнэлгийн хэрэгслийн санхүүжилтээр амны хаалт, бээлий, хамгаалах хэрэгслээ авч байгаа.

Гэхдээ манай улсад олон улсын байгууллагын зөвлөхүүд ажиллаж байх хугацаандаа “Монгол Улсад эмнэлгийн хамгаалах хэрэгслийн буруу хэрэглээ их байна. Хэт их айдастайгаар хэрэглэж байгаа тул хэрэглээн дээр анхаарах хэрэгтэй” гэж зөвлөсөн.

Энэ дагуу ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж амны хаалтыг хаана зүүх вэ, ямар тохиолдолд бээлий, хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөх вэ, нэг удаагийн халаад өмсөх заавар гаргасан. Энэхүү зааврыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсний дагуу  эмнэлгүүд мөрдөж байна. Учир нь Монгол Улсад одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Ер нь дүүргүүдийн эмнэлгүүд шаардлагатай тоног төхөөрөмжөө Эрүүл мэндийн яамнаас авч байгаа шүү дээ. Нөгөө талаас зарим эмнэлгүүд өөрсдөө санаачилга гарган ажиллаж байна. Жишээ татахад, Улсын хоёрдугаар төв эмнэлгийнхэн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа энэ үед өөрсдөө амны хаалтаа оёж хэрэглэж байна. Эмч нар өөрсдийн оёсон амны хаалтаа хэрэглэе гэдэг уриалга гаргаад байна.

-Цэргийн төв эмнэлгийн ажилчид цалингаасаа хасалт хийлгэж, амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл авч байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ асуудлаар бид Цэргийн төв эмнэлгийнхэнтэй ярилцсан. Цэргийн төв эмнэлэг бол Батлан хамгаалах яамны харьяа байгууллага. Тийм учраас Батлан хамгаалах яамны сайдын багцаас тодорхой хангалт хийж байгаа. Дээр нь даатгалаар үйлчилдэг байгууллага учраас даатгалаараа санхүүжиж, үүнийг хэрхэн зарцуулах нь хуулийн хүрээнд шийдэгдсэн асуудал.

Тус эмнэлгийн даргаас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс мөнгө татаагүй гэдгийг хэлсэн. Харин эмнэлгийнхэн өөрсдөө хандив үзүүлье гэдэг хэлбэрээр тодорхой хэмжээний мөнгө цуглуулаад больсон. Эмч мэргэжилтнүүд мөнгө цуглуулах нь эмнэлгийн дотоодын санаачилга байсан.

-Эрүүл мэндийн байгууллагууд амны хаалт, эмнэлгийн хамгаалах хэрэгслээ дотоодынхоо санхүүжилтээр гаргах ёстой юу. Хандивт цугласан мөнгийг эмнэлгүүдэд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг авахад зориулах ёстой биш үү?

-Нэн түрүүнд дүүргүүдийн эмнэлэгт өөрсдийн дотоодын төсөв бий. Үүгээрээ эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг хийж байгаа. Хоёрдугаарт, Засгийн газрын нөөцийн сан болон Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн 4.2 тэрбум төгрөгт нэмэлтээр орж ирж буй санхүүжилтээр хуваарилагдсан тоног төхөөрөмжүүдээ эмнэлгүүдэд тодорхой шалгуураар хуваарилж байгааг дээр дурдсан. Тоног төхөөрөмжүүдийг ачаалалтай, тоног төхөөрөмж дутагдалтай эмнэлгүүдэд хуваарилж байна. Хандивын мөнгө гамшгаас хамгаалах хуулийн дагуу тодорхой санд цугларч, зориулалт зориулалтаар нь ашиглаж байгаа гэсэн үг. Хуваарилалт хийхэд ОБЕГ болон Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэр гаргана.

-Нийслэлийн харьяа дүүргүүдийн эмнэлэгт амны хаалт, хамгаалах хэрэгслийн хүрэлцээ хэр байна вэ?

-Бид хандиваар цугларч буй хамгаалах хэрэгсэл, амны хаалт, тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт тухай бүрт нь хуваарилж байгаа. Хандивын хувьд иргэд тодорхой нэг байгууллагыг заагаагүй өгсөн тохиолдолд тушаал гаргаж, шаардлагатай эмнэлгүүдэд хуваарилж байна. Иргэдийн оёсон даавуун маскийг өрхийн эмнэлгүүдэд хуваарилж байгаа. Харин аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь хандиваа ХӨСҮТ, эсвэл дүүргийн эмнэлэгт гэж тодорхой нэр, зориулалт заасан бол хандивыг нэрлэж өгсөн байгууллагад нь шилжүүлж байна.

-Гадаадаас ирж буй иргэд тусгаарлагдах зардлаа өөрсдөө төлөхөөр болсон. Үүнд эрүүл мэндийн даатгал төлсөн болон даатгалгүй иргэд харгалзахгүй төлбөр төлөх үү?

-Энэ асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар маш тодорхой ярьсан. Хэрэв хандиваас өгч буй мөнгийг тусгаарлагдаж буй иргэдийн зардалд зарцуулж болох уу гэдэг асуудлыг ярилцаж үзсэн. Энэ асуудалд хандив өгч буй иргэд маш дургүй байгаа. Хандив өгч байгаа иргэд халдварын голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүд болон цагдаа, онцгой байдал, хил хамгаалах гаалийн ажилтнуудын үйл ажиллагааг дэмжиж өгч байгааг илэрхийлсэн.

Түүнээс биш гадаадад зорчиж байгаад өвчин гарахаар эх орондоо ирж байгаа хүмүүсийн хоолны мөнгийг төлөх гэж өгөөгүй гэдгийг хандив өгч буй иргэд хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа.

Ер нь иргэн хүний хариуцлага учраас тусгаарлагдах хугацаанд эмчилгээний төлбөрөө өөрөө төлнө. Бидний зүгээс иргэд тодорхой хэмжээний зардлыг өөрсдөө гаргаж, үлдсэн зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас гаргах уу гэдэг асуудал боломжийг судалж байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгал төлөөгүй бол энэ асуудал өөрөөр яригдана. Товчхондоо, эрүүл мэндийн даатгал төлсөн, үгүйг үл харгалзан тусгаарлагдаж буй иргэд зардлаа өөрсдөө гаргах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж