“Баарны нэг хаалгыг нь лацдахаар нөгөө хаалгаа нээчихдэг”

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

“Баарны нэг хаалгыг нь лацдахаар нөгөө хаалгаа нээчихдэг”

Нийслэлийн харьяа газруудын дарга нар өнөөдөр /2020.03.09/ шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэн хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


ИРГЭДИЙН ХОТ РУУ  ОРЖ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨН ХАРЬЦАНГУЙ БАГАСЧ БАЙНА

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын ажилтан алба хаагчид хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 4000 гаруй маршрутын дагуу давхардсан тоогоор 21 мянган алба хаагч нийслэлийн иргэдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, чиглэлээр зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд тэр дундаа нийслэлийн иргэдийн гаргасан 60136 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээ авч ажилласан бөгөөд энэ ажиллагаа үргэлжилж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоон дээр эрүүл мэндийн хяналтыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн. Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнийг цагдаа, онцгой, эмнэлгийн байгууллагын хамтарсан хяналтын албууд нэг хяналт тавин ажилласан. Улсын Онцгой комиссоос сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу орж, гарах хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлан гуравдугаар сарын 3-ны өдөр нээсэн.

Хөдөлгөөн нээсэн өдөр нийслэл хот руу нийтдээ 54389 тээврийн хэрэгсэл, 19447 зорчигч 24 цагийн хугацаанд орж, гарах хөдөлгөөн үйлдсэн байна. Харин гуравдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн харьцангуй багассан. Өчигдрийн /2020.03.08/ байдлаар нийтдээ 14550 тээврийн хэрэгсэл, 49277 зорчигч орох гарах хөдөлгөөн үйлджээ. 

Гуравдугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд нийт 158746 тээврийн хэрэгсэл, 68728 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдсан байна.

Иргэдийн чиглэсэн хөдөлгөөний судалгаанаас харахад Төв аймаг руу 4058, Сэлэнгэ рүү 11229, Өвөрхангай аймаг руу 9765 хүн гарсан. Ихэнх хүмүүс дээрх гурван аймгийг зорьсон байна.

Иргэдээс авсан эрүүл мэндийн асуумж мэдээллүүд нь зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг бууруулахад ашиглах зорилготой” хэмээн онцоллоо.

ХААЛГАН ДЭЭР НЬ ЛАЦ ТАВИХААР НӨГӨӨ ХААЛГААРАА ХҮМҮҮС ОРУУЛДАГ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Онцгой комисс хоёрдугаар сарын 27-ны өдөр хуралдаж баар, фитнесс, цанын бааз, иогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа, амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаах, ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчилсөн.

Нийслэл хотын 945 баар, 321 спорт клуб болон бусад амралт аялал жуулчлалын газрууд буюу нийт 5636 газарт хяналт шалгалт мэдэгдэл хүргүүлж ажилласан. Ихэнх аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө ухамсарлан мэдэгдлийг хүлээж авсан. Гэтэл зарим нэг аж ахуйн нэгж байгууллагын хувьд шийдвэрийг хэрэгжүүлээгүй учраас таван байгууллагад торгуулийн шийтгэл ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүлсэн.

Хаалган дээр нь лац тавихаар нөгөө хаалгаараа хүмүүс оруулдаг. Шөнийн цагаар хууль бусаар ажиллаж байгаа бааруудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг мөн гаргасан.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 2300 худалдааны газар, 865 хоол үйлдвэрлэлийн газрууд, 2095 ахуйн үйлчилгээний газар, эрсдэл бүхий үйлчилгээний цэг 3177 гээд нийт 8257 аж ахуйн нэгж дээр бүрэн ариутгал хийсэн. Ариутгалын хугацаанд байгууллагуудын  химийн бодис дээр шалгалт хийж, химийн бодис ашиглах журмыг зөрчсөн компанийг гурван сая төгрөгөөр торгож, энэ компанийн ариутгал хийх үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

УДАА ДАРАА ЗАХИРАМЖ ЗӨРЧСӨН 77 ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн "Өнөөдрийн байдлаар 168 ААН захирамж зөрчөөд байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “АНУ" цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэг дэх "Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “Фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчсөн. Нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүлсэн. Мөн олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх захирамжтай холбоотойгоор 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлүүдийг ангилж харвал,

  • Нус, шүлсээ хаясан зөрчил 1100 орчим
  • Ил задгай бие зассан зөрчил 650 орчим байна. Эдгээр зөрчлийг илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно" гэв. 

ӨНӨӨДРӨӨС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРНА 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "2019 онд нийслэлийн хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил нийслэл, ХХААХҮЯ хамтран ажиллаж, Засгийн газраас 20,000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай. Өнөөдрийн байдлаар 12,000 тонн нөөцийн махыг хөрөөдөж, савлаад бэлдчихсэн байна. Үүнийгээ Улаанбаатар хотын 140 хорооны  279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон. Нэг дэлгүүрт нэг өдөрт 289 кг мах өгөхөд нийслэлийн хэмжээнд долоодугаар сар 1-н хүртэлх хэмжээний мах хангалттай байна.

Мах бэлтгэн нийлүүлж буй 15 ААН-үүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан. Нөөцийн махны үнэ Засгийн газраас тогтоосны дагуу байх ба савлагаандаа 2-3 кг байх юм. Тухайлбал,

  • Үхрийн ястай мах нэг  кг нь 7.700
  • Хонины ястай мах нэг кг нь 6.700
  • Ямааны ястай мах нэг кг нь 6.220 байна.

Жижиглэнгээр борлуулж буй дэлгүүрүүд тус үнэ дээр кг тутамд нь 200 төгрөг /НӨАТ болон бусад/ нэмж борлуулна. 

Цаашид нөөцийн махыг  20,000 тонн болгох бололцоо бий. Өөрөөр хэлбэл, дулааны аргаар болон махыг экспортод гаргах боломжтой 35 ААН ХХААХҮЯ-тай гэрээ хийсэн. Ингэхдээ экспортод гаргаж байгаа махныхаа 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх даалгавартай ба тус аж ахуйн нэгжүүд нийтдээ 2,500 тонн мах нийлүүлэх боломжтой. Хэрэв хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлдээ нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Нэг хороонд 1-3 хүртэлх дэлгүүрт нөөцийн махыг худалдан борлуулна. Өнөөдрөөс эхэлж нөөцийн мах зарагдана" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж